Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 377

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0515 дугаар магадлалтай, Ч.Б-гийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-гийн гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжийн иргэн Ч.О-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”, “Ч.Б нь нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан 6009/0072 тоот гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Алтан тэвш” хотхон АОС 46А тоотод байрлах 500 м.кв газрыг 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 14 жил ашиглаж эзэмшиж байсан хууль ёсны ашиглагч, эзэмшигч мөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0515 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэн Ч.О-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 654 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгүй болох талаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжаар хуульд заасан журмын дагуу мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт ямар нэг давхцалгүй 654 м.кв газрыг Ч.О-д эзэмшүүлснийг үндэслэж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжаар Ч.О-ийн эзэмшлийн газрыг өмчлүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 0060040 дугаар газар өмчлүүлэх шийдвэр гарсан байна. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж..., нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамж Газрын тухай хуулийг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар бүрдүүлж, шалгаж үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болох талаар: Хариуцагчаас анхан шатны шүүх хурал дээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Алтан тэвш” хотхонд байрлах газар нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар байгаа, 1994 оны Газрын тухай хуулиар нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд байсан” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн газрыг 2014 онд эзэмшүүлж, ашиглуулах эрх нь хэнд хадгалагдаж байсныг тодруулж шалгалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн юм.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус зааснаас үзвэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудыг баталдаг бөгөөд тухайн төлөвлөгдсөн газарт нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Харин уг төлөвлөгдсөн газруудаас бусад газруудад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн газар зохион байгуулалтыг төлөвлөдөг бөгөөд уг газруудад дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан 27 дугаар “дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг үзвэл тус дүүргийн 13 дугаар хороо тэр чигээрээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байдаг. Тэгэхээр уг газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны газар зохион байгуулалтад инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамрагдахаар батлагдсан байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харж уг нөхцөл байдлыг шалгаж үзэлгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас “Топсүрвэй” ХХК-ийн үйлдсэн нэхэмжлэгч Ч.Б-гийн газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурган мэдээллийг дүүргийн Газрын албанд шилжүүлсэн эсэхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болох талаар: Анхан шатны шүүх “Ч.Б-гийн ашиглаж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Алтан тэвш” хотхон АОС 46А тоотод байрлах 500 м.кв газар нь Ч.О-ийн эзэмшлийн 654 м.кв газартай 494 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/434 дүгээр албан бичгээр ирүүлсэн баримтаар нотлогддог” гэж дүгнэсэн, мөн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжаар хуульд заасан журмын дагуу мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт ямар нэг давхцалгүй 654 м.кв газрыг Ч.О-д эзэмшүүлснийг үндэслэж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжаар Ч.О-д эзэмшлийн газрыг өмчлүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 0060040 дугаар газар өмчлүүлэх шийдвэр гарсан байна” хэмээн тус тус дүгнэсэн атлаа хэний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ч.Б-гийн газар кадастрын нэгдмэл санд бүртгэгдээгүй болохыг нотлох баримтаар тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн.

2005 онд Газрын кадастрын нэгдмэл сан үүссэнээр 2005 оноос уг санд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг байгаа хэмжээгээр нь бүртгэж эхэлсэн. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гээд 7.5.9-д “энэ хуулийн 7.3-т заасан захиалга, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хугацааг товлож тэмдэглэн өгөх”, 7.1-д “кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ”, 7.5.13-д “газрын кадастрын зураглалын ажлын үр дүнг газрын мэдээллийн улсын санд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж тус тус заасан байдаг.

Нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн ашиглалтын газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг “Топсүрвэй” ХХК-иар үйлдүүлж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгсөн боловч уг газраас Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлээгүйгээс газрын давхцалтай байдлыг тогтоож чадаагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүхээс уг байдлыг тодруулж Ч.Б-гийн газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурган мэдээллийг дүүргийн Газрын албанд шилжүүлсэн эсэхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсний улмаас иргэн Ч.О-д дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгоход бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй харагдаж байсан. Хэрэв холбогдох төрийн захиргааны байгууллагууд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж мэдээллийн нэгдсэн санд Ч.Б-гийн кадастрын зургийг бүртгэсэн бол Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу иргэн Ч.О-д газар эзэмших эрх олгох үндэслэлгүй байх байсан тул дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж болон нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.О-д холбогдох хэсэг тус тус хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүх дээрх ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ч.Б-гийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр болох талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд: Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Б-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгож шийдвэрлэсэн боловч уг захиргааны актыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг цуцалсан ямар ч захирамж одоог хүртэл гаргаагүй байдаг. ...Иймд нэхэмжлэгч Ч.Б-гийн зүгээс газар ашиглах эрх нь хүчинтэй хэмээн ойлгож ирсэн төдийгүй талуудын байгуулагдсан гэрээний 6.1-д “...талууд жил бүр гэрээний биелэлтийг дүгнэж, харилцан тооцоо хийнэ. Гэрээний биелэлтийг дүгнэхдээ хоёр тал протокол үйлдэнэ, протокол энэхүү гэрээний нэгэн адил хуулийн хүчинтэй байх ба гэрээний салшгүй хэсэг байна” гэж тусгаж харилцан тохиролцож заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 020141165 дугаар “газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 09 дүгээр “Газар эзэмших ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг тус тус үйлдэж нийслэлийн Өмч харилцааны газрын мэргэжилтэн, тус газрын газар зохион байгуулагч, ҮТХ-ийн дарга болон Ч.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Энэ нь гэрээний хугацаа сунгагдсан болохыг нотолж байгааг илтгэж талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байтал давж заалдах шатны шүүхээс “...хэрэгт авагдсан 2003-2016 оны газрын төлбөр төлсөн, тооцоо нийлсэн акт эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл Ч.Б-г тухайн газраа ашиглах эрхтэй болохыг нотолсон баримт гэж үзэхгүй” хэмээн нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн юм. Мөн Газрын тухай хуульд газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход мэдэгдэх эсэх асуудлыг зохицуулаагүй байдаг. Иймээс талууд 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-ний 6.2-т “гэрээ байгуулагч талууд үндэслэлтэй гэж үзвэл уг гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх ёстой” хэмээн харилцан тохиролцож талуудад мэдэгдэх үүргийг ногдуулсан.

Уг гэрээний зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ч.Б-гийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бол мэдэгдэх үүрэгтэй байсан боловч мэдэгдээгүй нь захиргааны байгууллага сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх тул шийдвэр гаргах ажиллагааны журмаа зөрчсөн учир талууд дуугүй байх зарчмаар гэрээний хугацаа сунгагдаж байсан болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” А/348 дугаар захирамжаар “олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авах”-аар хүсэлт ирүүлсэн 356 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, иргэн Ч.О-д “Алтан тэвш АОС 46 а тоот” хашааны 654 м.кв газрыг эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжаар тухайн газрыг Ч.О-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь дээрх захирамжуудын Ч.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг хашаан дахь 500 м.кв газрын хууль ёсны ашиглагч, эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, “...газрын манаачаар үлдээгээд байсан Ч.О нь хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан, ...миний  газар ашиглах эрх дуусгавар болсон талаар өнөөдрийг хүртэл надад мэдэгдээгүй,... газрыг гэрчилгээжүүлж, холбогдох бүртгэлийг хийгээгүй төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас газрыг давхардуулан өөр хүний өмчлөлд шилжүүлсэн байна” гэж маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “газар ашиглах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Ч.Б-д маргаан бүхий газарт 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар ашиглах эрх үүссэн ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ч.Б нь газар ашиглах эрх олгосон дээрх шийдвэр, гэрээний 2 жилийн хугацаанд уг эрхээ хэрэгжүүлээгүй /амины орон сууц барих/, улмаар газар ашиглах гэрээний хугацаа 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсноос хойш /2005 оноос/ маргаан бүхий газарт суурьшин амьдарч байгаа гуравдагч этгээд Ч.О-той уг газрын эзэмшлийн талаар маргаагүй өдий хүрчээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр, 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх”-аар заасан, нэхэмжлэгч Ч.Б нь 1994 оны Газрын тухай хуулийн дагуу 2002 онд үүссэн “газар ашиглах эрх”-ээ 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмаар баталгаажуулаагүй, “газар ашиглах гэрээ”-ний хугацааг дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй учир маргаан бүхий газрыг ашиглах гэрээний хугацаа нь дууссанаар тухайн газрыг ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 31.1.1-д заасны дагуу 2004 онд дуусгавар болсон, иймээс маргаан бүхий газартай холбоотой аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ч.Б-гийн газар ашиглах эрх дуусгавар болсон хугацаанаас хойш маргаан бүхий газар /Алтан тэвш АОС 46а тоот хашаа/-т оршин сууж байгаа Ч.О-г уг газрыг эзэмших эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/348, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/796 дугаар захирамжаар тус хашааны 654 м.кв газрыг Ч.О-д эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн нь нэхэмжлэгч Ч.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хариуцагч нар маргаан бүхий актуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Ч.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар, тэгэхээр нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамрагдахаар батлагдсан..., анхан шатны шүүх төлөвлөгөөг харж уг нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, ...Ч.Б-гийн газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурган мэдээллийг дүүргийн Газрын албанд шилжүүлсэн эсэхтэй холбоотой баримтыг бүрдүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх боловч нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу Ч.О уг газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр “өмчлүүлэх” шийдвэрийг гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын “эрх”-ийг хүлээн зөвшөөрсөн, Ч.Б-гийн ашиглалтад 2002 онд олгогдсон эдлэн газрыг “кадастрын нэгдмэл сан”-д бүртгэсэн эсэх үйл баримт нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамж”-д холбогдуулан гаргасан маргаанд хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэсэн үндэслэлээр “нотлох баримт нэмж бүрдүүлж, хэргийг шийдвэрлүүлэх” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0515 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ