Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын Дд холбогдох эрүүгийн 2335001890.... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............. өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал, жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багийн 13-69 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Д, регистрийн дугаар: ...............;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг “Талын цахир” гэх нэртэй газарт байрлах Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ............ УВС улсын дугаартай “Toyota crown” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.3, 23.8-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч иргэн П.Г, Д.О нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг “Талын цахир” гэх нэртэй газарт байрлах Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ............ УВС улсын дугаартай “Toyota crown” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн П.Г, Д.О нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 6-12 дахь тал);

2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-16 дахь тал);

3. Хохирогч П.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би нөхөр хүүхдүүд болон нөхрийн нагац эгч Д.О гэх хүний хамт бид зургуулаа ........ сумаас Улаанбаатар хот руу нөхрийн дүүгийн найранд оролцохоор явсан. Бид ........оос 11:00 цаг орчимд хөдлөөд замдаа Наранбулаг сум орчимд нэг зогсоод дахин цаана нь хүүхэд бие засуулахаар нэг зогссон, тэгээд Хяргас нуур зөрж өнгөрөөд Хэцүү хад явдаг замын самбар зөрөөд явж байтал гэнэт тас гэх чимээ гараад машин жолоогоо алдаад замаас гараад өнхөрсөн. Сэхээ ороод харахад би машин дотор сууж байсан. Би арын суудалд сууж явсан тул хаалга онгойлгоод хүүхдүүдээ гаргаад нөхөр маань ирээд намайг машинаас татаж гаргасан. Тухайн үед нуруу өвдөж байсан тул би машинаас гараад хэвтсэн газраасаа хөдлөөгүй. Нөхөр маань цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлгийн машин ирж биднийг аваад аймгийн эмнэлэгт хүргээд маргааш нь өглөөгүүр Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын Үндэсний төвд очиж хэвтэж эмчлүүлсэн. ...миний нөхөр Б.Д өөрөө жолоодож явсан. ...Бид өдөр гарсан, замдаа 2 удаа зогссон тул нөхөр маань нойрмоглож ядарсан зүйл байгаагүй. Урьд шөнө нь нөхөр маань гэртээ унтаж амарсан юм. Б.Д нь тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Машиныг үзлэгт оруулсан байсан. Машинд ямар нэгэн доголдол байгаагүй хэвийн ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал);

4. Хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Улаанбаатар хот руу хурим найрын ажлаар хамаатны хүмүүсийн 2 машинтай ........ сумаас Улаанбаатар хот руу 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагийн орчим үдээс өмнө явсан юм. Би тухайн үед Б.Д гэх залуугийн Тоёота Кроун загварын машинд зорчиж явсан. Бид замдаа Наранбулаг суманд очиж хэсэг зогсоод дахин цааш яваад дахин нэг зогсоод Үзүүрийн булаг өнгөрөөд явж байтал тас хийх чанга дуу гараад машин жолоодлогогүй болчихлоо гэж Б.Д хэлээд жолоогоо мушгиад байсан боловч машин замаас гараад өнхөрсөн. Би сандраад шоконд орсон байсан. Нэг мэдэхэд машин дотроо сууж байсан, хүмүүс машинаас гараарай гэж байсан бөгөөд гарах гэсэн боловч биеэ хөдөлгөж гарч чадахгүй байсан. Тэгж байтал Б.Д хаалгаар хүрч ирж намайг тэвэрч машинаас гаргаж холдуулсны дараа арын машин ирээд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Би эмнэлгийн машин ирэхэд аймгийн төв рүү хүргүүлж маргааш нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төвд эмчлүүлээд сээр хугарсан оношоор сээр хадуулах хагалгаанд орсон, зүүн талын дараалсан 3 хавирга хугарсан, зүүн гарын эрхий хуруу хугарсан зэрэг гэмтлүүд учирч эмчлүүлж байгаад ирсэн. Б.Д өөрөө жолоодож явсан жолоогоо өөр хүнд шилжүүлээгүй. ...Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Жолооч бид хоёр суудлын даруулгатай байсан. Арын хүмүүс суудлын даруулга зүүгээгүй байсан байх. Бага насны хүүхдийн зориулалтын суудал байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал);

5. Гэрч Н.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр 11:00 цаг орчимд Улаанбаатар хот руу хурим найрын ажилд оролцохоор 2 машинтай хөдөлсөн. Миний урд Б.Д машинаа жолоодоод эхнэр 3 хүүхэд болон Д.О нарын хамт явсан. Тэд түрүүлээд явчихсан, би араас нь машин жолоодоод явж байтал Үзүүрийн булаг өнгөрөөд 30 км орчим зайд замын зүүн талд Б.Дын машин уначихсан байсан. Бид нар зогсоод очиж харахад машинд байсан хүмүүс бүгд машинаас гарсан байсан. Д.О суучихсан, П.Г хэвтэж байсан. Б.Д тухайн үед болсон явдлын талаар ярихдаа дугуй хагараад замаас гараад унасан талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

6. Насанд хүрээгүй гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10:00-11:00 цаг орчимд ........оос Улаанбаатар хот руу явсан машиныг аав Б.Д жолоодож явсан бөгөөд би машины арын суудалд баруун захад суугаад унтаж явсан. Нэг мэдэхэд машин онхолдсон. Би унтаж явсан тул яагаад машин онхолдсоныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал);

7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Шүүх химийн шинжилгээ” 88 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Даас авсан гэх С07148675 дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Б.Даас авсан гэх С07148675 дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. Б.Даас цусны дээж авах үед эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал);

8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаартай "...П.Ггийн биед сээрний Th12 нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Сээрний Th2 нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 37 минутад үүсчихсэн байсан талаар ГССҮТ-н хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн №15217 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Сээрний Тh12 нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-66 дахь тал);

9. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 452 дугаартай "... Үзүүлэгч Д.Огийн биед сээрний 4 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, тус нугалмын зүүн талын нум, хөлийг хамарсан хугарал, цээжний зүүн талын 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн гарын эрхий хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсчихсэн байсан талаар ГССҮТ-н төвийн №15211 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Сээрний 4 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, тус нугалмын зүүн талын нум, хөлийг хамарсан хугарал, цээжний зүүн талын 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-90 дахь тал);

10. Шүүгдэгч Б.Дын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан бөгөөд  “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

2. Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул Б.Дыг зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

   Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.

   Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг “Талын цахир” гэх нэртэй газарт байрлах Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ............ УВС улсын дугаартай “Toyota crown” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, онхолдож зорчигч иргэн П.Г, Д.О нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаартай "...П.Ггийн биед...Сээрний Тh12 нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 452 дугаартай "... Үзүүлэгч Д.Огийн биед... Сээрний 4 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, тус нугалмын зүүн талын нум, хөлийг хамарсан хугарал, цээжний зүүн талын 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх тус тус дүгнэлтээр хохирогч П.Г, Д.О нар нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогджээ. (хавтаст хэргийн 64-66, 88-90 дахь тал);

4. Иймд шүүгдэгч Б.Дын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.3, 23.8-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь маргаагүй ба шүүгдэгч Б.Дын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

6. Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч П.Г, Д.О нарын мөрдөн байцаалтын шатанд “...Б.Даас нэхэмжлэх зүйлгүй, хохирол, гомдолгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 171-172 дахь талд,

Мөн НЭТКАПИТАЛ ДАБЛЬЮ ЭС ТИ ХХК –ний Увс салбарын захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн NC-UV-575-2023 дугаартай “...Б.Д /РД:............/ нь манайхаас Toyota crown-S180/2007 2014/ маркийн .......... 2014/ гэрчилгээний дугаартай G.................... арлын дугаартай, ..................УВС улсын дугаартай автомашин барьцаалсан зээлээ бүрэн хааж дууссан болно” гэх албан бичиг хавтаст хэргийн 198 дахь талд тус тус авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Даас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 113 дахь тал);

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв

3. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Дын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ө.Н нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч Б.Дын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 14-46 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан ........ УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгосугай. 

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА