Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Д.Б-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, эмэгтэй, 57 настай, 1981 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин байсан. Хөдөлмөрийн дэвтэр надад нэгдлээс өгөөгүйгээс хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Д.Б-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр олгоогүй, түүний 1984.06.21-1989.12.31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх баримт архивт байхгүй тул уг ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба дан ганц гэрч Э.Түмэнжаргал, Б.Цэрэндорж, О.Батнягт нарын мэдүүлгээр ажилласан хугацааг тогтоох боломжгүй бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б-ы 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ