Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: Б.Л,

Шүүгдэгч: Б.Э, “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Б овогт Б-ын Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000..... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........................-нд ................. хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,   “................. ..........” ТӨХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ................. хот, .............................. оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Ба-ын Э (РД:..........................);

............ регистрийн дугаартай, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 940 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ, гэрээ, захиалгаар хийх бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг. Увс аймгийн ................................ бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй “Э” ХХК;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “............” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан, 

Шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “............” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.635.591 төгрөгийн 2 ширхэг буюу 121.227.500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4.200.000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал);

2. Сонгинохайрхан   дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "............" ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн танилцуулга, түүний хавсралт (1 дэх хавтаст хэргийн 100-108 дахь тал);

3. Татварын    удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал);

4.  Гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),

5. Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал);

6. Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал);

7. Гэрч  Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89-90, 93-94 дэх тал);

8. Д.Ггийн нийгмийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 30-31 дэх тал);

9. Гэрч Б.Агийн Төрийн банкны .......... дугаар данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Хийн Хаан банкны .............. дугаар дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт  (2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал);

10. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1 дэх хавтаст хэргийн 211-215 дахь тал);

11. “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 216-231 дэх тал);

12. Яллагдагч  С.Бийн дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал);

13. Яллагдагч Б.Эийн дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал);

14. Яллагдагч “Э” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал);

15. Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/22 дугаартай магадлал (2 дахь хавтаст хэргийн 219-226 дахь тал);

Шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч:

1. Яллагдагч  С.Бийн өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-27 дахь тал);

2. 14. Яллагдагч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),

3. “............” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн  талаарх танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 100-105 дахь тал);

4. Яллагдагч С.Бийн дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132, 135-136, 139-141, 144-145 дахь тал);

5. Увс аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/115 дугаартай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал);

6. “Э” ХХК-ийн татвар төлөлтийн талаарх баримтууд (2 дахь хавтаст хэргийн 149-151 дэх тал) болно.

Шүүгдэгч Б.Э, “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

1.1. Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э” ХХК нь “............” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг илгээсэн байсан. “............” ХХК-иас худалдан авалт хийсэн нэр бүхий 8 аж ахуй нэгжийн НӨАТ-ын тайланг шалгаж үзэхэд падааны буцаалт хийгээгүй байсан. “Э” ХХК НӨАТ-т 12.122.750 төгрөг төлөхөөр байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал), 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Э” ХХК-нь 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сарын  НӨАТ-ын тайлангаар  74.635.591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа  12.122.750 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал), 

3. Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Э" ХХК-ийг 2011 онд цахилгааны угсралтын чиглэлээр Д.Г нь үүсгэн байгуулж байсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2019 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2019 оноос хойш эхэлж, цахилгааны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. "............" ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаагүй, мөн ажил үйлчилгээ ч авч байгаагүй. Манай компанийн санхүүтэй холбоотой асуудлыг Б.Э хариуцдаг учир тэр л мэдэж байгаа. Манай ээжийг дуудсан цагаас эхэлж энэ НӨАТ-тэй холбоотой асуудлыг мэдэж эхэлсэн. Б.Эээс энэ талаар асуухад НӨАТ-ын падаан шивүүлчихсэн гэж хэлж байсан. "Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г, Б.Э бид 2 үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тийм учраас найз Б.Э 1.200.000 төгрөгийг шилжүүлээрэй гэж дансны дугаар өгсний дагуу би шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал),

4. Сонгинохайрхан   дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "............" ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн: “Э" (............) ХХК-нь 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 46.590.909.00 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 74.636.591.00 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 12.122.750.00 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна” гэх танилцуулга, түүний хавсралт (1 дэх хавтаст хэргийн 100-108 дахь тал),

5. Татварын    удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн: “............” ХХК-нь “Э" ХХК-д 2019 оны 12 дугаар сард 51.250.000 төгрөгийн борлуулалт хийж 4.659.909 төгрөгийн НӨАТ суутгаж, 46.590.909.00 төгрөгийн 1 ширхэг падаан, 2020 оны 02 дугаар сард 43.150.150 төгрөгийн борлуулалт хийж 3.922.741 төгрөгийн НӨАТ суутгаж, 39.227.409.00 төгрөгийн 1 ширхэг падаан, мөн 02 дугаар сард 38.950.100 төгрөгийн борлуулалт хийж 3.540.918 төгрөгийн НӨАТ суутгаж, 35.409.181.82 төгрөгийн 1 ширхэг, НӨАТ-ын тайлангаар нийт 121.227.500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг Татварын удирдлагын нэгдсэн системд  худалдан авалтаар тайлагнасан байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),

6. Гэрч  А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),

7. Гэрч  Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019-2020 онд Б.Э “............” ТӨХК-д ........ төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад нь би ажил төрлийн хамаарлаар танилцаж байсан. Б.Э надаас тендерт орох гэсэн юм, сайн санхүүгийн зөвлөгөө өгөх хүн байна уу гэж асуухаар нь “Манай аав мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй хүн байдаг, би аавдаа хэлье, тэгээд чи аавтай өөрөө утсаар ярина уу, эсхүл уулзана уу учраа олоорой” гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд "Э" Б үнэ А Б гэсэн утгаар 1.200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг аав Б ашигласан байх. Тэр үед аав миний дансыг ашиглаж байсан. Миний хувьд Б.Э, Б нарыг хооронд нь танилцуулж, холбож өгсөн, бусдаар би ямар нэгэн оролцоо байхгүй, Б.Э, Б нар хоорондоо ямар ажил хийсэн, юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89-90, 93-94 дэх тал),

8. Гэрч Б.Агийн Төрийн банкны ............ дугаар данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Хийн Хаан банкны ............ дугаар дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт  (2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал),

9. Тусгаарласан 2102005140150 дугаартай хэргийн яллагдагч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Э надтай манай хүү Б.Хийн найз гэж танилцаж байсан. НӨАТ-ын падааныг 1-2 хувь гэж бодож авсан. Б.Эээс 3.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын сүүлээр байх Жуковын автобусны буудал дээр авч байсан, учир нь манай гэр Жуковт байдаг. 1.200.000 төгрөгийг хүү Б.Хийн дансаар авч байсан. Дансаар 1.200.000 төгрөг, бэлэн 3.000.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг авсан. Дээрх мөнгөнүүдийг Б.Э надад ямар учиртай өгсөн бэ? гэхээр "............" ХХК-иас "Э" ХХК-д НӨАТ-ын хуурамч падаан шивж өгсний төлбөр тооцоо гэхэд болно. Анх төлбөрийг зөвхөн НӨАТ-ын 1-2 хувь гэж ярьж байсны дагуу өгсөн”  гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал),

10. “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компаний дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 216-231 дэх тал),

11. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Хэр дамжуулан С.Бтэй утсаар ярьж байсан. С.Бийн "............" ХХК-иас 121.227.500.00 төгрөгийн 3 ширхэг падаан шивүүлж 12.122.750.00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байгаа. 12.122.750.00 төгрөгийн буцаалтыг хийгээгүй, хуулийн байгууллагаас шийдвэр гаргахыг хүлээж байсан юм. Энэ төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө нь төлж, улсыг хохиролгүй болгоно. НӨАТ-ын падааны шивэлтийн төлбөр гээд 4.200.000 төгрөгийг хувааж дансаар, бэлнээр өгсөн. С.Бэс НӨАТ-ын хуурамч падаан шивүүлэн авахдаа төлбөр мөнгийг тохироогүй, би бодохдоо 1-2 хувиар бодоод л өгье гэж бодож өгсөн. Тэрнээс үнийн дүнгийн тэдэн хувь энэ тэр гэж С.Бтэй ярьж тохирсон зүйл огт байхгүй. Би Б.Ад энэ хүний данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн нь үнэн. Б.А харин хэн рүү яагаад мөнгө өгч байгаа талаар мэдээгүй, би ч хэлээгүй. Дээрх шилжүүлсэн 1.200.000 төгрөг бол Бийн "............" ХХК-иас НӨАТ-ын падаан шивүүлэн авсан төлбөр гэсэн утгаар С.Бийн хүү болох Б.Хийн данс руу шилжүүлсэн байгаа. Тухайн үед С.Б нь хүүгийнхээ дансыг ашиглаж байгаа гэж хэлсэн. Харин бэлэн 3.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сар байх бэлнээр уулзаад өгч байсан. Мөнгийг Жуковын автобусны буудал дээр уулзаж өгсөн. “Баярлалаа” гэж хэлээд С.Бд бэлнээр нь өгөөд явсан. Нийтдээ 4.200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал),

12. Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Татварын цахим системд шивсэн ибаримт нь санхүүгийн баримт мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзэж байгаа. Санхүүгийн баримт нь санхүүгийн тайлан юм. Санхүүгийн баримтыг бий болгож байгаа зүйл нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байгаа. ибаримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд юм. Яллах дүгнэлтэд тус тусдаа хуульчлагдсан анхан шатны баримтуудыг нэгтгэж оруулж ирж Эрчим хайрхан ХХК-ийг буруутгаж байгааг буруу гэж үзэж байна. Болсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орсон анхан шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар улсыг 12.000.000 төгрөгөөр хохироосон гэж үзэж, Э ХХК төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг,

13. Яллагдагч "Э" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Э" ХХК нь миний нэр дээр хэвээрээ байгаа. Компаний хууль ёсны дагуу гэдэг талаасаа би гарын үсэг зурдаг, би одоо ч гарын үсэг зурдаг. Улсын ямар нэгэн тендер авах үед заавал компанийн эзэмшигч гарын үсэг зурах ёстой байдаг учир миний бие гарын үсэг зурж баталгаажуулдаг. Харин үйл ажиллагааг нь Б.Э, Б.А нар хариуцан ажилладаг. НӨАТ-ын падаан худалдан авсан талаар сүүлд цагдаагийн нь байгууллагад ирж анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө ямар учир шалтгаантай талаар нь сонсож мэдсэн. Тэрнээс өмнө нь ямар нэгэн ойлголт байхгүй. Энэ талаар санхүү, үйл ажиллагааг хариуцаж байсан Б.Э сайн мэднэ, сүүлд яагаад хуурамч НӨАТ-ын падаан авах болсон, ямар учиртай гэдгийг сонсож мэдсэн гэхэд болно” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Б.Э нь “Э” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын, 2020 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлан гаргахдаа “............” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 3 ширхэг НӨАТ-ын падааныг Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

1.2. хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг хамаарах шинжийг “үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол...” гэж тодорхойлжээ. 

Прокуророос шүүгдэгч Б.Э болон хуулийн этгээд “Э” ХХК нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “...санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэж ялласан байх бөгөөд 3 ширхэг НӨАТ-ын падаан болон НӨАТ-ын тайланг санхүүгийн баримт гэж үзсэн байна.

Гэтэл Санхүүгийн баримт гэх ойлголт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, татвар болон санхүүгийн тайлан гаргахад хэрэглэгддэг ерөнхий ойлголт байна.

Нийтийн эрх зүйн бие даасан салбар болон Татварын эрх зүйд НӨАТ-ын падаан, НӨАТ-ын тайлан нь өөрийн онцлог, агуулгатай баримтууд бөгөөд дараах байдлаар хуулиар тодорхойлсон байна. 

  1. НӨАТ-ын падааны талаар:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно” гэж,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтанд оруулсан байх тул шүүгдэгч Б.Эийн “Э” ХХК-ийн ашиг сонирхолын төлөө “............” ХХК-иас 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж Татварын удирдлагын нэгдсэн системд шивэлт хийлгэсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 3 ширхэг падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзнэ.

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болдог.

  1. НӨАТ-ын тайлангийн талаар:

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.29- т "татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Эндээс дүгнэхэд НӨАТ-ын падаан, НӨАТ-ын тайлан гэх баримтууд нь Татварын эрх зүйн харилцаанд хамаарах, татварын харилцааг зохицуулсан хуулиудаар тодорхойлогдсон тусгай нэршил, агуулга, хэлбэр бүхий  баримтууд тул санхүүгийн баримт гэх ерөнхий ойлголтонд хамаарахгүй байна.

Хууль тогтоогчоос татвар төлөгчийн татвар төлөхөөс зайлсхийх, татвар төлөхөөс зугтах үйлдлүүдээс гэмт хэрэгт тооцогдох шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд тодорхойлж, татвартай холбоотойгоос зөвхөн онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд  заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт хамааруулахаар заажээ.

Иймд шүүгдэгч нарын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох  нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашиглаж НӨАТ-ын тайлан гаргаж, харьяа татварын хэлтэст тайлагнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Эийн НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан барааг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан татварын нэгдсэн системд шивүүлсэн үйлдэл нь төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татварын хууль тогтоомж зөрчиж буй үйлдэл байх бөгөөд энэ нь улсын төсөвт төлөх НӨАТ-ын хэмжээг бууруулах зорилгоор хийгдэж буй  НӨАТ төлөхөөс зайлсхийх нэг арга юм.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол” гэж тодорхойлсон байна.

Хуурамч төлбөрийн баримт /НӨАТ-ын падаан/ олгосон эсхүл баримт олгоогүй тохиолдолд НӨАТ төлөхөөс зайлсхийсэн төдийгүй ААНОАТ төлөхөөс зайлсхийсэн хэрэг болно[1].

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.3 дугаар зүйлийн 1-д “...татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого худал тодорхойлсон, нуусан” гэж материаллаг шинжээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус  тус заасан тул  “их хэмжээ” гэдгийг 50 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөг гэж ойлгоно.

Шүүгдэгч нар нь  хуурамч 3 ширхэг НӨАТ-ын падааныг ашиглан 121.227.500 төгрөгийн орлогыг зарлага болгон мэдүүлж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн материаллаг шинжийг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хугацааг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлд заасан шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т “Энэ зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эийг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Б-ын Э, “Э” ХХК нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч өөрт холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       

                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА

 

 

[1] ШЕЗ, Азийн хөгжлийн банк хамтын бүтээл “Эдийн засгийн гэмт хэрэг” 1. Хэвлэл, (2017) х.262, мөр 21