Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/203

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч: Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т овогт Яын Бт холбогдох эрүүгийн 2335001770......дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................... өдөр Увс аймгийн .............. суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ...............тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................... сумын ................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Яын Б, (Регистрийн дугаар: .................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн ................... сумын 11 дүгээр багийн нутагт “...................” дэлгүүрийн урд хамт архидан согтуурч байсан иргэн Ц.Жг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн ................... сумын 11 дүгээр багийн нутагт “...................” дэлгүүрийн урд хамт архидан согтуурч байсан иргэн Ц.Жг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий Сиди, (хавтаст хэргийн 14-23 дахь тал);

2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 410 дугаартай “...Үзүүлэгч Ц.Жгийн биед тархи доргилт, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1 орчим хувь хүрэхгүй байна. Тархи доргилт, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал);

3. Хохирогч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.. С.Т бид хоёр барилдаад давахад Э.А нь чи яасан хүн давдаг юм, чи надтай барилд гээд намайг барьж барилдах гэхэд би Э.Атэй барилдахгүй гээд газарт суусан. Я.Б нь тухайн үед намайг барьж аваад миний хоолой боож надтай барилдах гэхээр нь би түүний хөлийг авч унагаасан бөгөөд Я.Б нь босож ирээд миний толгой руу өшиглөж, миний хоолой дээр хөлөөрөө гишгэж байсан ба би архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн цохиулснаасаа болоод ухаан түр балартсан байсан. Тэгээд шууд цагдаагийн газарт ирж гомдол гаргасан. Я.Б миний цамцны захаар хоолой боосон. Мөн миний толгой руу дэвссэн. Би Э.А, С.Т, Я.Б нарын биед халдаж зодсон зүйл байхгүй. Уг хэрэг гарсан гэх өдөр би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба тухайн үед Э.А чи яасан их хүн давдаг юм гэж хэлээд намайг барьж аваад дотуур этэж, миний хөл рүү өшиглөж би газар сууж байснаа санаж байна. Тухайн үйл явдлын дараа Я.Б, С.Т бид нар уулзаж цагдаагийн газарт мэдүүлэг өгөх үед Я.Б надад болон мэдүүлэг авсан цагдаад Э.А Ц.Жг зодож байхад би салгаж авсан гэж хэлсэн бөгөөд Э.А нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад надтай ямар нэгэн байдлаар уулзахгүй зугтаад байсан болохоор би Э.А намайг зодсон гэж зөрчлийн шатанд тэгж мэдүүлэг өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-29 дэх тал);

4. Гэрч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.... Ц.Жтай таарч түүний авч ирсэн архийг хувааж ууж дуусаад дахин архи авах мөрийтэй Ц.Ж бид хоёр барилдаад би газарт унаж байсан. Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болохоор түүнээс хойш үйл явдлын сайн санахгүй байгаа ба таксинаас бууж байгаагаа муу санаж байна...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-37 дахь тал);

5. Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Жгийн авч ирсэн архийг хувааж уугаад бид засмал зам руу гарч шинээр баригдаж байгаа “Дэглий цагаан” орон сууцны байрны замын эсрэг талд байрлах дэлгүүрийн ойролцоо С.Т, Ц.Ж нар нь залуу байхдаа барилдаж байсан гэх бөгөөд тэд хоорондоо унасан нь архи авах мөрийтэй барилдаж С.Т унасан. Я.Б нь намайг чи олон жил том автомашины жолооч хийж байсан Ц.Жтай барилдаач гэхээр би Ц.Жтай барилдаж давсан. Түүний дараа Я.Б Ц.Ж хоёр барилдаж Я.Б унасан. Я.Б нь газарт унаж босож ирээд Ц.Жгийн толгой хүзүү хэсэгт дэвсэхээр нь би Я.Бийг Ц.Жгаас салгасан. Тухайн газар Я.Б, Ц.Ж нар нь хэсэг хугацаанд маргалдаж байгаад Ц.Ж нь дээшээ Тоосгон уул ХХК-ийн барьж байгаа орон сууцны байр чиглэн явж Я.Б, С.Т бид нар “Говь хангай” мебелийн дэлгүүр чиглэн автомашины засмал зам дагуу алхаж явж байгаад такси авч ................... сумын 3-р баг “..........” худалдааны төвийн ойролцоо бууж гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал);

6. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Харин уг үйл явдлаас хойш 2 хоногийн дараа Ц.Ж нь намайг Э.А цохисон гэж хэлсэн байсан ба Б/ Я.Б/ гэх хүн утсаар холбогдож Ц.Жтай ярих гэсэн юм, биеэ нь гайгүй юу гэсэн. Би Я.Бээс та нар яагаад хүн цохиж байгаа юм. Энэ хүн чинь хоёр удаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн талаар хэлэхэд би Ц.Жг цохиогүй, Э.А түүний толгой хэсэг рүү 3 удаа дэвссэн гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Ц.Жг Э.А гэх хүн цохисон юм байна л даа гэж бодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал);

7. Шүүгдэгч Я.Бийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Я.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Жгийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 410 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Я.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Я.Бийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Я.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

8. Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

9. Шүүгдэгч Я.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Жгийн эрүүл мэндэд “тархи доргилт, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ж нь “...Я.Б нь надад учирсан хохиролыг барагдуулж, надаас уучлалт гуйсан, бид эвлэрсэн. Цаашид Я.Бээс нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн нь хавтаст хэргийн 91 дэх талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Бээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Я.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 68  дахь тал);

Шүүгдэгч Я.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Я.Бийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Я.Бт танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Я.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Яын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Я.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Я.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА