| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/000/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/178 |
| Огноо | 2022-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт О-гийн Бөд холбогдох эрүүгийн 2235001490.... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................ Увс аймгийн ...................... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн ...................... сумын .......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогт О-гийн Б, /регистрийн дугаар:..................... /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Увс аймгийн ...................... сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.Гийн толгой хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Б нь хүргэн дүү болох хохирогч Г.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Хохирогч Г.Г нь “...хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн” гэх,
3. Шүүгдэгч О.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн 2235001490...... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн Г.Б-ээс 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 13 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт ........ дугаарын утсаар гаргасан “......................... сумын .......... манай ахыг зодлоо...” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн үед хадам аав болох О-гийн гэрт очиж наадмын бэлтгэл хийж мал гаргалцаад сууж байсан ба тухайн үед манай хадам аавын гэрт А-, Б, М-, О.С-, С-, манай эхнэр О, хадам аав, ээж бүгд байсан. Тэгтэл Б нь гэнэт хутга аваад над руу дайрахаар нь би та яагаад байгаа юм бэ гэхэд би чамайг асуудалгүй алчиж чадна гэх мэтээр хэл амаар доромжлоод би дуугүй хараад сууж байсан, тэгтэл Б ах гараад явсан. Тэгээд өдрийн 14 цагийн үед хадам аав О-гийн гэрт байж байтал гаднаас Б орж ирээд шууд миний толгой руу хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг ухаан ороод босоод иртэл Б нь дахин миний толгой руу цохих шиг болсон, тэгээд би эмнэлэг дээр ухаан орсон юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...О.Бөөс хохирол төлбөр гэж бэлнээр 1 сая төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн” гэх мэдүүлэг,
3. Гэрч О.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн нөхрийн хамтаар аав болох О-гийн гэрт хоол идэхээр очсон, миний эцэг О-, эх Т-, ах Ш-, Б, дүү С-, хүргэн Ү- нар байсан. Тухайн үед бид нар юм яриад сууж байтал миний нөхөр Г нь Б ахтай гэнэт маргалдаж эхэлсэн. Тэгтэл яг юунаас болсныг сайн ойлгоогүй байж байтал манай нөхөр ширээний татлаганаас хутга заазуур гэх мэт зүйлүүд авч, чи намайг алчих гэх мэтээр орилоод байхаар нь Б ах нэг удаа гараараа шанаа руу нь цохиод унагаачихсан юм. Тэгээд Г хальт босч иртэл Б ах 1,2 удаа алгадсан юм. Тэгээд Г босч ирэхгүй байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн...тухайн үед Г, Б нар хоорондоо юм ярьж байтал Г нь Бийг чам шиг тахир дутуу юмаар амьдралаа заалгахгүй гэх мэтээр хэл амаар доромжилсон юм... эхлээд шанааруу гараараа нэг удаа цохисон, тэгтэл Г ухаан алдаад сэрэхээр нь 2,3 удаа хоёр хацарлуу нь алгадсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
4. Гэрч Ж.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр хүүхдүүд манай гэрт цугларч, хоол идэцгээсэн, тэгтэл манай том хүү О.Б нь манай хүргэн Гтай маргалдсан бөгөөд Г нь миний том хүү Бийг чам шиг мэдрэл муутай юмтай яриад байх юм байхгүй гээд хэл амаар доромжилж эхэлсэн, тэгээд Г нь заазуур бариад дайрах шиг болсон тэгтэл Б нь Г тэр хоёр хальт барьцалдах шиг болоод Г газарт ухаан алдаад унасан юм. Тухайн үед Г нь нэг ухаан алдаад сэртэл Б дахин 2,3 удаа алгадах шиг болсон. Тэгээд Г эмнэлэг рүү явсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),
5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 327 дугаартай “...Г.Гийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, хүзүү орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
7.Түүнчлэн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд О.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус батА-жуулжээ.
3. Шүүгдэгч О.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч О.Бийн үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 17-19 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
6. Шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч О.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Гийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаснаар хохирогч Г.Г “О.Бөд ямар нэгэн гомдол саналгүй” гэх тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн нь хавтаст хэргийн 87 дахь талд авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Бөөс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч О.Б нь урьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 64 дэх тал),
4. Шүүгдэгч О.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.
5. Иймд шүүгдэгч О.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
6. Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.
7. Түүнчлэн шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
8. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч О.Бийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гарган, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн дагуу даруй үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсэн.
9. Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь О.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх урьдач нөхцлийг хангаж байна.
10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бөд 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч О.Бөд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
11. Иймд шүүгдэгч О.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бөд 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, О.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Бөд урьд авсан хувийн батА- гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт О-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бөд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн батА- гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 1.000.000 (нэг сая) төгрөгийг хохирогч Г.Гт төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА