Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/844

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

Иргэдийн төлөөлөгч ,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0161/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос овогт ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000967 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, аймгийн сумын ***** дугаар баг, *****, төвийн **** хэсэг гудамж, **** айл *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо тодорхой оршин суух хаяггүй, /РД:/, урьд

аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг баримтлан 10 жил, 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг багтааж нийт 10 жил 6 сар хорих ял шийтгэсэн,

аймгийн сум дахь сум дундын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу аймгийн сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/2307 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сар 02 хоногийн хорих ялаар сольж, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, овогт ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зэвсэг буюу хутгаар түүний хэвлийн тус газар нь хутгалж биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ******* бид хоёр Хархорин  худалдааны төвийн гадна талд согтуу байсан. Надад алах санаа байгаагүй намайг хэл амаар доромжлоод байсан. Би айлгах гэж тийм юм болсон, гэм буруугаа хүлээж байна. Хөнгөнөөр шийдэж өгнө үү. Би ажил хийж хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хархорин захын орчим явж байсан юм. Тэгээд *******тай таарсан. Бид хоёр нэг шоронд нэг өрөөнд цуг байсан. Яагаад хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл бор иштэй хутга амьдрах ухаанд байхдаа байсан гэдгийг би харсан, угаасаа танхай хэргээр орж байсан. Нэг л өдөр хүн хутгалах нь дээ гэж Анхаа гэдэг найздаа ярьж байсан. Бор иштэй хутга гаргаад цэвэрлээд зогсож байсан. Би өөрөө “Хар сүлд” хамгаалалтын албанд ажилтай байсан. Хутга бариад яваад байхаар нь би яах гэж байгаа юм гэсэн чинь зарах гэж байна гэсэн. Тэгээд маргалдаад намайг дуудахаар нь би гүйгээд явсан, чамайг хутгалчихъя гэж хэлсэн. Тэгээд миний биед нэг удаа хутга нь орсон, дахиад хутгалах гэхэд нь орсон байна шүү дээ найз минь гэж хэлсэн. Миний бие одоо хэцүү байна. Би өөрөө өөрийгөө эмчилж байна. Намайг эмнэлэг Эрүүл мэндийн даатгал төлөөгүй хүлээж авахгүй байна. Одоо эмчилгээ хийлгэмээр байна. Өвөл болохоос өмнө шархаа цэвэрлүүлээд эдгээмээр байна. Надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000000967 дугаартай хавтаст хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал),

2. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лүнь-Фү хятад рестораны зүүн талын камерын 49 секундийн бичлэг байх бөгөөд уг бичлэгийг тоглуулж эхлүүлэхэд Хархорины урд талын автобусны буудлын баруун хэсгийн явган хүн явах бүхий хэсэг харагдаж байх бөгөөд уг хэсэгт улаан өмд хар куртиктэй сэжигтэн *******, хар бараан хувцастай хохирогч ******* хоёр нь өөд өөдөөсөө хоорондоо хоёр гараараа түлхэлцэж байх бөгөөд сэжигтэн ******* нь хохирогч *******ийн бие рүү нь баруун гараараа түлхэж байгаа шиг үйлдэл хийхэд хохирогч ******* нь хоёр гараа дэлгэж зогсож байхад сэжигтэн ******* нь хохирогч *******ийн энгэр цээж хэсэг рүү баруун гараараа цохих, хатгах үйлдэл хийж байх бөгөөд хохирогч баруун гараараа цээжээ даран доош хагас суухад сэжигтэн ******* нь хохирогч ******* луу өшиглөж араас нь 4-5 алхаад буцаад цаашаа ганцаараа явахад хохирогч ******* нь суугаад үлдэж байснаар бичлэг дуусав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7, 8-11 дэх тал),

3. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин захын орчимд явж байхад *******тай тааралдсан. Тэгээд би *******т юу байна гэж хэлсэн чинь ******* надад хандаж “чи том хулгай гэл үү” гэж хэлсэн. Тэгснээ ******* гартаа хутга барьчихсан миний биеийн зүүн талын хавирга луу нэг удаа хутгалсан. Хутгалуулсан хэсгээ бариад зогсож байтал ******* цааш явж байснаа эргэж ирээд намайг дахин хутгалах гэж байхаар нь би одоо болио гэж хэлсэн чинь ******* яваад өгсөн. Би гудамжинд нэг эмэгтэйгээс түргэн дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа, түргэн дуудуулсан. Дараа нь би Цэргийн госпиталд хэд хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмнэлгээс гарах үед надад мөнгө байхгүй байсан учраас би ор хоногийн төлбөр мөнгийг төлж чадаагүй. Би *******тай хамт Зүүн хараагийн шоронд хамт ял эдэлж байсан. Одоо би биедээ бохир гадагшлуулах уут зүүж байгаа. Уг уут нь 1 ширхэг 10000 төгрөгийн үнэтэй тул би мөнгөний боломжгүй учир авч чадахгүй байна. Цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардал мөнгийг *******аас гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 215 дахь тал),

4. Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цаг 30 минутын үед Хархорин төв зам дагуу худалдаа эрхлээд сууж байтал миний зүс таних ******* гэх залуу миний хажууд ирээд суусан. Эхлээд юу ч ярихгүй байсан. Би эхлээд архи уучихсан юм байлгүй гээд хартал царай нь цав цагаан болчихсон байхаар нь яасан бэ дүү гэхэд “эмнэлэг дуудаад өгөөч эгчээ би ярьж чадахгүй байна” гэсэн. Хүнд хутгалуулчихлаа гэхээр нь хартал цамц нь маш их цус болсон байсан. Тэгэхээр нь би 103 луу залгаж мөн 102 луу цагдаа дуудсан. Цагдаа, эмч хоёр удалгүй ирсэн. 18 цаг 40-50 минутын орчимд ирсэн. Тэгээд үзээд хутгалуулсан байна гээд эмнэлэг аваад явсан. Ам нь ангалзаад юм хэлэх гэхэд эмч нар ирээд аваад явсан. ******* надтай ямар нэгэн юм ярьж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

5. Гэрч Б.*******сайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө ******* эгч бид хоёр өглөө 09 цагийн үед 32-ын автобусны буудал дээрээс Ч:22 чиглэлийн автобусанд суугаад Хархорин автобусны буудал дээр буутал хойноос ******* бууж ирсэн. Тэгээд бид нар 19-н автобусны буудал дээр бараа зарах гэтэл цагдаа нар хөөгөөд байхаар нь 32-н автобусны буудал дээр очиж суугаад 15 цаг хүртэл бараагаа зарсан. Тэр үед ******* бид хоёрын хажуугаас холдоогүй цэвэр ус ууж байна гээд усны савтай юм уугаад суугаад байсан. Тэгээд нүд нь сөөвийгөөд улайчихсан байхаар нь би *******ийг архи битгий уугаад бай гэтэл “би уугаагүй, маргааш ажилтай” гэж байсан. Тэгээд сууцгааж байтал хажууд сууж байсан 40 гаран насны, баруун хөмсөг нь сэтэрчихсэн, согтуу эрэгтэй босож ирээд *******гийн хөл рүү өшиглөөд “чи хаанаас ирсэн гай вэ” гээд хэрүүл өдөөд байсан. Гэтэл ******* “би энд та нараас өмнө ирсэн, та нарт хамаагүй” гээд байсан. Тэгтэл хөмсөг нь сэтэрсэн эрэгтэйн хажууд сууж байсан мөн 40 гаруй насны, хар богино саравчтай малгайтай эрэгтэй “чи шорон мэдэх үү, чи хаанаас ирсэн нөхөр вэ” гэтэл ******* “би сайхан гарч ирсэн” гэтэл хөмсөг нь сэтэрхий, бор өнгийн ноосон цамцтай эрэгтэй босож ирээд *******г заамдаад авсан бөгөөд ******* мөн тухайн эрэгтэйг заамдаад авсан. Тэгтэл хажууд сууж байсан 50 гаруй насны буурал сахалтай, богино куртиктэй (өнгийг нь хараагүй) эрэгтэй босож ирээд ******* тухайн залуу хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд *******г буцааж суулгаад “2000 төгрөг байна уу” гэтэл ******* “та нар хэзээнээс татвар авдаг болчихсон юм” гэтэл тэр 50 гаруй насны эрэгтэй “зүгээр чамаас мөнгө гуйж байна” гээд маргалдаад байсан. Тэгээд ******* эгч бид хоёр *******г уурлаад “битгий наймаа хийж байхад хэрүүл хийгээд бай явъя” гээд тэндээс хөдөлж 19-н автобусны буудал дээр очсон. Тэгээд бид гурав автобусны буудлын хажууд зарж байсан юмаа дэлгээд 30 орчим минут суусан бөгөөд 18 цагийн үед ******* эгч бид хоёр гэртээ харихаар болсон. Тэгээд *******д “******* эгч бид хоёр харилаа” гэтэл ******* “за тэг тэг би бас одоо харилаа” гэсэн бөгөөд 18 цаг 40 минут болж байхад 19-н автобусны буудал дээрээс ******* эгч бид хоёр Ч:22 чиглэлийн автобусанд суусан. Тухайн үед ******* ******* эгч бид хоёрын ууттай барааг автобус луу оруулж өгөөд автобусны буудал дээр үлдсэн. Тэгээд *******г хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Орой 21 цагийн үед цагдаагаас яриад *******г хүнд зодуулсан байна гэж хэлсэн. ******* бид хоёртой хамт байхдаа хэн нэгэнтэй зодоон хийгээгүй, тамхинаас болж бага зэрэг маргалдсан. Хүмүүстэй маргалдаад байхаар нь ******* эгч бид хоёр *******г дагуулаад 32-н автобусны буудлаас холдоод 19-н автобусны буудал дээр очиж 30-40 минут суусан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад *******с салаад автобусанд сууж гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх Анагаах ухааны Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6122 дугаартай: “...*******ийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх /хэвлийн хөндий дэх цус хуралдалт 600.0мл/, цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

7. Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн хохирогч *******ийн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 123-167 дахь тал),

8. Хохирогч *******ийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 218 дахь тал),

9. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн ******* бусдад хутгалуулж Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,033,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан. Уг 2,033,000 төгрөгийн зардлыг Цэргийн төв эмнэлгээс гаргасан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 221-222 дахь тал),

10. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...******* намайг чи тийм овоо юм бол наад хутгаараа шаачих гээд байхаар нь би эхлээд нэг дүрэх гэхэд ороогүй тэгсэн ахиад шаалдаа гэхээр нь би цээж хэсэг рүү нь нэг удаа өлгөж хутгалсан. Уг хутгыг би газраас олж авсан. Уг хутгыг  би тухайн үед *******оос салаад явж байгаад хог дээр хаячихсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 78 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 79 дэх тал), Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 63-66 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 169-176, 177-180 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зэвсэг буюу хутгаар түүний хэвлийн тус газар хутгалж биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2305000000967 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зэвсэг болох хутгаар хэвлийн тус газар нь хутгалсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогджээ.    

Тодруулбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн: “...улаан өмд хар ...сэжигтэн ******* нь хохирогч *******ийн энгэр цээж хэсэг рүү баруун гараараа цохих, хатгах үйлдэл хийж байх бөгөөд хохирогч баруун гараараа цээжээ даран доош хагас суухад сэжигтэн ******* нь хохирогч ******* руу өшиглөж араас нь 4-5 алхаад буцаад цаашаа ганцаараа явахад хохирогч ******* нь суугаад үлдэж байснаар бичлэг дуусав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ийн “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин захын орчимд явж байхад *******тай тааралдсан. Тэгээд би *******т юу байна гэж хэлсэн чинь ******* надад хандаж “чи том хулгай гэл үү” гэж хэлсэн. Тэгснээ ******* гартаа хутга барьчихсан миний биеийн зүүн талын хавирга луу нэг удаа хутгалсан. Хутгалуулсан хэсгээ бариад зогсож байтал ******* цааш явж байснаа эргэж ирээд намайг дахин хутгалах гэж байхаар нь би одоо болио гэж хэлсэн чинь ******* яваад өгсөн. Би гудамжинд нэг эмэгтэйгээс түргэн дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа, түргэн дуудуулсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...18 цаг 30 минутын үед Хархорин төв зам дагуу худалдаа эрхлээд сууж байтал миний зүс таних ******* гэх залуу миний хажууд ирээд суусан. Эхлээд юу ч ярихгүй байсан. Би эхлээд архи уучихсан юм байлгүй гээд хартал царай нь цав цагаан болчихсон байхаар нь яасан бэ дүү гэхэд “эмнэлэг дуудаад өгөөч эгчээ би ярьж чадахгүй байна” гэсэн. Хүнд хутгалуулчихлаа гэхээр нь хартал цамц нь маш их цус болсон байсан. Тэгэхээр нь би 103 луу залгаж мөн 102 луу цагдаа дуудсан. Цагдаа, эмч хоёр удалгүй ирсэн. 18 цаг 40-50 минутын орчимд ирсэн. Тэгээд үзээд хутгалуулсан байна гээд эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх Анагаах ухааны Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6122 дугаартай: “...*******ийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх /хэвлийн хөндий дэх цус хуралдалт 600.0мл/, цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн хохирогч *******ийн өвчний түүхийн хуулбар, хохирогч *******ийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зэвсэг болох хутгаар хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ба зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг гэж хууль тогтоогч хуульчилсан.

 “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор, зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж Эрүүгийн хуульд хуульчлан тайлбарласан болно. Хутга нь аливаа биетийг устгах гэмтээх зориулалттай эд зүйлд буюу зэвсэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэсэн” гэсэн объектив талын шинжийг хангажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Шүүгдэгч *******ын хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл буюу хохирогч *******ийн Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж хутгалсан үйлдэл нь хохирогчид хохирол хор уршиг учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, үйлдэл, хохирол хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт болон прокуророос “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Иймд, шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүнийг арилгаагүй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байгаа шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 166 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 166 хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.            

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6122 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...гаргаж өгөх баримт байхгүй...” гэж мэдүүлж оролцсон тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******ид олгох хохирол төлбөр байхгүй гэж үзэв.

Харин хохирогч *******ийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй, эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан тул прокурорын “шүүгдэгч *******аас 2.033.000 /хоёр сая гучин гурван мянга/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох” тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд “...2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг баталсан бөгөөд уг журамд зааснаар 4-р зэрэглэлийн хүнд зэрэглэлд хамаарах тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хохирлыг тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж,

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хууль тогтоомжийн агуулгаас дүгнэхэд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршиг учирсан бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хохирогч нь “сэтгэцэд учирсан хор уршгаа үнэлүүлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулах” эрх хуулиар бий болохоор байх тул хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож өгнө үү...” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий нотлох баримт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалахаар тогтож, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 7 /долоо/-н жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 7 /долоо/-н жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******аас 2.033.000 /хоёр сая, гучин гурван мянга/-н төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Хохирогч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалахаар тогтож, энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА

                                   ШҮҮГЧ                              Г.ЗОЛБОО

                                   ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ