Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Г.С-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, энэ жил 49 нас хүрч байгаа. Улсад 15 жил ажилласан. Үүнээс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан бригадын Олон овоогийн хэсэгт хоньчноор ажиллаж байсан. Эдгээр нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй, тамгэ тэмдэг зөрчилтэй, мөн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бичилт хийгдээгүй зэрэг шалтгаанаар шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд хоньчноор ажиллаж байсан жилүүдийг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Г.С-д Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс 1992 оны 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, нөхөн бичилттэй, бичилт дутуу тул түүний 1988.07.01-1993.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Г.С- нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/,

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/314 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/,

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

- Г.С-д Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/

- Г.С-д Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-9-р хуудас/

- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

- Гэрч З.Баасанжавын “...Г.С- нь 1988 оноос Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэлд Сайхан бригадад нэгдэл тартал бага мал малласан. Би 1970 оноос хойш Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд нэгдэл тартал мал малласан хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/

- Гэрч Б.Баярсайханы “...Г.С- нь 1988 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр гараад Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд нэгдэл тартал буюу 1993 он дуустал малчнаар ажилласан хүн. Би 1981 оноос хойш Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажилласан. Сумъяагийн аав нь Гочоо гэдэг хүн байсан. Манайх Сумъяагийнхтай айл саахалт нутагладаг байсан. Г.С- нь одоог хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан суманд малчин хийдэг...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэгт авагдсан бичгийн баримт болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс Г.С-д 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1989-1990 онуудын бичилтэд "Давших зам" хоршооны тамга дарагдсан байх тул түүнийг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл явдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.С-г 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ