Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 03

 

 

М.Мейрамбекд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Туяа, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Турдыбек, шүүгдэгч М.Мейрамбек, түүний өмгөөлөгч С.Нургайып, Н.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тилекгүл, түүний өмгөөлөгч К.Зулхаш, орчуулагч А.Еркегүл, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолтой М.Мейрамбекд холбогдох эрүүгийн 1813002830168 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн 1983 оны 1 сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн,37 настай, эрэгтэй, бага боловсролтой, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Бура овогт Муратын Мейрамбек.    

 Шүүгдэгч М.Мейрамбек нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т.Лаураг орон доогуур шидсэн, орой нь ээж болох С.Тилекгүлтэй марган хүүхдийн нэг талын бугуйнаас нь барьж савсан, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүүхдийг ор түшүүлж хүчээр зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс барьж толгойг нь доош тонгойлгож савсан, өдөр нь хүүхэд сэрээд уйлахад нь хэд, хэдэн удаа алгадаж зодсоны улмаас Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Бура овогт Муратын Мейрамбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч Бура овогт Муратын Мейрамбекийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Мейрамбект оногдуулсан 18  /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мейрамбекийн цагдан хоригдсон 453 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хадгалж, шүүгдэгч М.Мейрамбекийн нэр дээр бүртгэлтэй 3 хонь, 2 ямаа  битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/74 дугаартай прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мейрамбек нь хохиролд 455000 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Мейрамбекээс 1700000 / нэг сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч С.Тилекгүлд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шинжээч, орчуулагчийг шүүх хуралдаанд оролцуулсан зардлаа шүүгдэгч М.Мейрамбекээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Мейрамбект цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж” тус тус шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан нь эрүүгийн 1813002830168 дугаартай М.Мейрамбекд холбогдох хэргийн хүрээнд буюу прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах”  гэмт хэрэг үйлдсэн эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр журамласан бөгөөд энэ нь анхан шатны шүүх, шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан /гэрч нарын мэдүүлэг/ нотлох баримтыг шалгах, үнэлэхээс татгалзах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүх нь шүүх хуралдаан дээр гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхээс татгалзахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.Шүүх хуралдаан дээр өгсөн гэрч нарын мэдүүлгийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нотлох баримтаар тооцуулах тухай хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйл, 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр үнэлэхээс татгалзсан тухайгаа шүүхийн шийдвэрт тусгахаар журамласныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлана хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.  Бид нарын эрхийг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь нотлох баримтыг үнэлэх журмуудыг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, шүүх шинжилгээний журмаа зөрчсөн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдоогүй. М.Мейрамбек нэг зүйл дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Би хүүхдийг машинаас унагаасан үүний улмаас хүүхдийн амь нас хохирсон байх гэдэг асуудлыг ярьдаг. Нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдон тогтоогдоогүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр гэрч нараас мэдүүлэг авахдаа гэрч нарын эрхэд маш ноцтойгоор халдсан. Хоёр жилийн хугацаанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч хангахгүй байгаа. Шүүгдэгч 3 өмгөөлөгч аваад хуулийн дагуу хүсэлтийг гаргаад явсан боловч энэ хүнд хууль үйлчлэхгүй байна. Энэ хүний эрхийг хангаж өгнө үү Шинжээч эмч К.Хайратын дүгнэлтийг хөндлөнгийн эмч нараар хянуулах хүсэлттэй байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байсаар байхад хүнийг ял шийтгэсэн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Зулхаш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаанд 3 гэрчийг оролцуулсан. Энэ 3 гэрчийг зориуд бэлтгэж оруулсан гэж хохирогч тал ойлгож байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тилекгүл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дахин дахин мөрдөн байцаалт явуулах ямар ч шаардлага байхгүй. Бүх зүйл тогтоогдсон. Шүүх хуралдаанд оролцсон гэрч нар худлаа хэлж байна. Тийм учраас даруй ял эдлүүлж шийтгэж өгнө үү Би бие муутай арай гэж явж байна. Энэ удаа эцсийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

            Прокурор А.Турдыбек шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэрч нарын мэдүүлэг эх сурвалжаараа, ач холбогдолтой байдлаараа анхны мэдүүлэг нь гол нотлох баримт болдог.  Гэрч нар нь бүгд М.Мейрамбекын төрөл садны хүмүүс байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа, анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийг асуусан. Шинжээчийн дүгнэлт дээр эргэлзэх зүйл байхгүй. М.Мейрамбек нь хүүхдийг машины копут дээрээс унагаасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судлахад  үндэслэлгүй байгаа. Өмгөөлөгч нар үндэслэлтэй зүйл яримаар байна. Хэргийг шалгасан мөрдөгч нар гүтгүүлэх ёсгүй гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Энэ хэрэг дээр хийх нэмэлт ажиллагаа байхгүй байгаа. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Мейрамбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдийг копутнаас унагааснаа хүлээн зөвшөөрч байна. Прокурор яагаад намайг хүн алсан гэж гүтгэж яллаад байгаа юм бэ? Намайг ямар ч гэрчгүй, нотлох баримтгүй ял шийтгүүлж  байна. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсэж байна. Тэгэхгүй бол надад шууд цаазын ял оноож өгөхийг хүсэж байна. Би 18 жил гүтгэгдэж явж чадахгүй гэв.                                                                                              

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт  зааснаар  хэргийг  хянан  хэлэлцэхдээ  хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч М.Мейрамбек түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг  нарын давж заалдсан гомдолд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

              М.Мейрамбек нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т.Лаураг орон доогуур шидсэн, орой нь ээж М.Тилекгүлтэй марган хүүхдийн нэг талын бугуйнаас нь барьж савсан, 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүүхдийг ор түшүүлж хүчээр зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс нь барьж толгойг нь доош тонгойлгож савсан, өдөр нь хүүхэд сэрээд уйлахад нь хэд хэдэн удаа алгадаж зодсоны улмаас Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон  талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт   хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч М.Мейрамбек түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын “ . . . Анхан шатны шүүх  хуралдаан дээр гэрч нар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрчилсөн байхад шүүх хуралдаан дээр гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг уншиж сонсгоогүй . . . Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй . . . Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн . . . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  . . .  “ гэх давж заалдах гомдлын дагуу  хэрэгт авадсан нотлох баримтуудыг судалбал:

            М.Мейрамбек нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үеэс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т.Лаураг дандаа уйлдаг, хөлд орсонгүй гэх шалтгаанаар ор түшүүлж хүчээр зогсоох, цохих, хөлний шилбэнээс  барьж савах, алгадаж, зодсон зэрэг үйлдлүүдийн улмаас Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  амь насыг нь хохироож , хүнийг алсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч С.Тилекгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . .” М.Мейрамбек охиныг маань гурван удаа хүчээр албадаж өлгийг түшүүлж хоёр хөл дээр нь босгож зогсоох үед охин маань толгойгоороо газар мөргөж унасан. Тэгсний дараа М.Мейрамбек охины хоёр хөлний шилбэнээс хоёр гараараа барьж аваад толгойг нь доошоо тонгойлгож савж байхаар нь би босож очоод одоо болно, хүүхэд чамд ямар гэм хийсэн юм гэхэд охин чинь унтчихлаа өлгийд гэж хэлээд хүүхдийг надад өгсөн. Би охиноо авах үед охин маань ухаан алдчихсан юм шиг байдалтай унтсан байсан. Тэгээд би охиноо гэрт оруулаад газарт ор засаж хэвтүүлсэн. . . . би аргал түүж ирэхээр гэрээс гарах гэж байхад өлгийд хэвтэж байсан охин маань уйлж байхад М.Мейрамбек түүний хажууд очоод энэ яагаад уйлаад байдаг юм бэ гэж хэлээд охиныг нүүрээр нь алгадаж байхаар нь би түүнд хүүхэд юм чинь уйлна шүүдээ гэж хэлээд, бороо орчих байх гэж бодоод яарч аргал түүж ирэхээр гэрээс гараад явсан . . . орой 21 цаг болж байхад хадам дүү болох М.Ахан өлгийд хэвтэж байсан Т.Лаураг хурхирч байгаа юм уу хүүхдийг тайлаад аваач гэж хэлсэн. . . би охиноо тайлж авахад охины гар хөл хүйтэн болж ямар нэгэн хөдөлгөөнгүй болчихсон байсан . . . 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үдээр 12 цагийн үед байсан байх, охин маань гэрт  орны хажууд сууж байхад М.Мейрамбек охиныг минь тэвэрч аваад энэ хүүхэд чинь яагаад уйлаад байгаа юм, энэ л байнга уйлж байдаг юм гэж загнаж байгаад охиныг маань орон доогуур ар нуруу хэсгээрээ болон толгойн дагз хэсэгт газар шидэж хаясан. Тэгэхэд охин маань бүр их уйлсан. Тэр өдрийн оройн 21 цагийн үед гэрт сууж байхад М.Мейрамбек надад чи хүүхдийг түшиж хөтлөөд хөлд оруулсангүй энэ хүүхэд чинь яагаад хөлд орохгүй байгаа юм гэж хэрүүл маргаан гаргахад би түүнд охин арай хөлд орох болоогүй шүү дээ, удалгүй хөлд орох байлгүй дээ, би охиноо хөлд оруулах болно гэдгийг хэлсэн. Тэр асуудлаас болж М.Мейрамбек хэрүүл маргаан гаргаж хөлөөрөө миний зүүн гарын бугалаг, нуруу, бөгсний хэсэгт өшиглөж, гарын нударгаараа нүүрэн тус газар цохиж, өшиглөж газарт унагаж аваад нүүрэн тус газарт нударгаараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн үед миний гарт талийгаач охин маань  байсан ба намйаг газарт унах үед хамт унасан. Тэгэхэд М.Мейрамбек охиныг маань аваад нэг талын гарын бугуйнаас барьж аваад савахад охин маань орилж уйлсан . . . “  гэх мэдүүлэгүүд  / 1-р хх-н 47-49х , 50-52х, 3-р хх-н 27-28х /,

            Насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . 12 цагийн үед цай уухаар гэрт ирээд мориноосоо буух гэж байхад Томпыш ах Т.Лаураг өлгий түшүүлээд босгож зогсоох үед хүүхэд хөл дээрээ зогсож чадалгүй бөгсөөрөө газарт суусан тэгэхэд Томпыш ах хүүхдийг дахиж өлгий түшүүлээд босгож зогсоох үед хүүхэд хөл дээрээ зогсож чадалгүй дахин суух  гэж байтал түүний бөгс тус газар нэг удаа алгадаад хэсэг хүүхдийг өлгий түшүүлж зогсоох үед хүүхдийн гар өлгийгөөс халтарч гулсаж байх үед Томпыш ах хүүхдийн хувцасны ар нуруу бүсэлхийн хэсгээс барьж аваад толгойг нь доошоо унжуулж өргөж аваад Асылбек ахын гэрт орж гарсан. Тэгээд Томпыш ах Асылбек ахын гэрээс хүүхдийг доошоо унжуулсан чигтээ гарч ирээд гэрт оруулж ирээд суулгасан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 54-57х /,

            Гэрч Е.Унербекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Гэрт би, Томпыш, Замза бид нар үлдсэн тэр үед өлгийдсөн охин уйлхад Томпыш энэ хүүхэд байнга уйлж байх юм гээд шууд очоод хацар тус газар нь хэд хэдэн удаа алгадахад нөгөө хүүхэд бүр их чанга дуугаар уйлахад нь Замза болон бид нар болиорой гэж хэлээд болиулсан юм . . . тэгээд орой 21 цагийн үед гэрт байсан Замза, Махпал, Томпыш, Айым, Ахан нар бүгд хүүхдээ өлгийгөөс тайлж аваад хоол, цай өгөхгүй юм уу гэхэд С.Тилекгүл хүүхдийг өлгийгөөс нь тайлж авахад хүүхэд бүр ухаан алдсан байдалтай бие нь сул болчихсон байсан юм . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 60-61х /,

            Гэрч М.Асылбекийн мөрдөн шалгах ажиллагаанд  “ . . . би очоод үзэхэд хүүхдийг өлгийнээс нь тайлж авсан байсан ба хүүхдийн гар хөл нь хөрсөн байдалтай байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 75-77х /,

            Гэрч М.Аханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . С.Тилекгүл эгчдээ хандан охиноо хуурайлахгүй юм уу гэж хэлэхэд С.Тилекгүл охины өлгийг задлахад талийгаач охин ямарч хувцасгүй байсан ба өлгийнээс охиныг авахад амьгүй юм шиг толгой нь хоёр тийшээ сажилж харагдсан . . . би талийгаач охины тийм байдалтай байхыг хараад шууд хажууд нь очиж зүүн гарын судсыг дарж үзэхэд судас нь цохилж байсан ч гар нь хөрчихсөн байхаар нь түргэн дуудьяа гэж хэлээд би буцаад явж байхдаа талийгаач охины хэвтэж байсан өлгийний даавуунуудыг барьж үзэхэд нойтон байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 80-81х /,

            Гэрч Х.Сьездийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Гэрийн зуухны хажууд бие нь өвдөж байгаа гэх хүүхдийг ор засаж хэвтүүлсэн байсан . . . миний бие хүүхдийг үзэхэд хүүхдийн бие нь хөөрч, хөшиж нас барсан байсныг мэдсэн. Тэгээд би энэ хүүхэд нас барчихсан байна гэдгийг хэлсэн . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 71-74х /,

            Гэрч Е.Мугражын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Миний зээ охин болох талийгаач Т.Лаураг зуухны хажууд гудсанд хэвтүүлсэн байсан. Хүүхдийн эмч Х.Сьезд талийгаач Т.Лаураг. . . үзээд хүүхэд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд охин болох С.Тилекгүл  уйлж  байгаад  хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч  гэсэн зодсон түүнээс болж миний бие зулбалт өгч байна гэдгийг хэлсэн . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 62-66 /,

            Гэрч К.Өмиргүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . тэгээд нас барсан хүүхдийн цогцосыг үзэхэд хүүхдийн аль нүд нь байсныг одоо сайн санахгүй байна ямарч байсан аль нэг нүдний гадна хажуу талд бага зэрэг хөхөрсөн байсан. Нас барсан хүүхдийн ээж С.Тилекгүлтэй уулзаж хүүхэд өвдсөн юмуу, томуу тусаад өвчин нь  хүндэрч нас барсан уу, чухам юунаас болж нас барсан талаар тодруулахад С.Тилекгүл нөхөр нь хүүхдийн бөгсөнд алгадаж зодоод дараа нь хүүхдийн хоёр хөлнөөс бариад толгойг нь доошоо унжуулж байгаад сэгсэрч хүүхдийг алсан гэж хэлсэн. Нас барсан хүүхдийн ээж болох С.Тилекгүл хүүхдийг нөхөр нь зодож амь насыг нь хохироосон гэж хэлж байсан учир миний бие энэ асуудлын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 109-110х /, Шинжээч эмчийн 2018 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн  Шүүх Эмнэлгийн Задлан Шинжилгээний 35 дугаартай “ . .. Талийгаач Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ . . . “ гэх Дүгнэлт / 1-р хх-н 124-126х /,  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 10-13х /, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 14-20х /, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 23-24х /, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд / 1-р хх-н 38-40х / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            М.Мейрамбекийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна  гэж дүгнэв.

            Мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг дүгнэвэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг үнэлэхдээ “...хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Мейрамбекэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ шүүх хуралдааны шатанд өөрчилсөн гэрч нарын мэдүүлгийг биш харин тэдгээрийн мөрдөн байцаалтанд урд өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх, эсхүл тэдгээрийн урд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх эсэх нь тухайн мэдүүлгүүдийг алийг үнэн зөв гэж үнэлэх тухай шүүгчийн дотоод итгэл юм.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс зөрсөн тохиолдолд урд  өгсөн мэдүүлгийг уншиж сонсож болно гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй нь процессын ноцтой зөрчил биш юм.

 Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн  давж  заалдах гомдол дурдсан үндэслэлүүд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй  байх тул анхан  шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мейрамбек түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мейрамбек түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Мейрамбекийн анхан  шатны шүүх хуралдаан хүртэл 453 хоног, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 56 хоног нийт 509 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

           

           

           

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

                                              ШҮҮГЧИД                                          Н.ТУЯА

                                                                                                         Б.ДАМБА