| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 110/2025/0040/З |
| Дугаар | 221/МА2026/0268 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0268
С.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд Ш.К, К.Т, өмгөөлөгч С.А
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Гуравдагч этгээд К.Т, өмгөөлөгч С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 110/2025/0040/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ж-оос Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 52 дугаар зүйлийн 52.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай шийдвэр нь зөв шийдвэр болсон юм. Давж заалдах шатны шүүх нь маргааныг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг хэрэг хүлээн авсан шүүх нь “Засаг даргын А/12 тоот захирамжийг анхан шатны шүүх нь хэвээр үлдээсэн байсан. Одоо буцаад хянахаар ирүүлсэн тул захирамжийг хүчингүй болгоё” гэж эсрэгээрээ шийдвэрлэсэн байх гэж үзэж байна.
Уг Х багийн “Ш” /А т/ гэдэг газар дахь чулуун хашаа, амбаар савыг ах дүү хүмүүс нь олон жилээр хамтарч хамтын хүчээр барьж бий болгон 20 гаруй хоногт бэлчээр болгон ашиглаж ирсэн байхад зөвхөн нэг этгээд нь бүхэлд нь өмчилж авч эзэмшсэн нь хамтран эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
Энэ эрхийг Засаг дарга нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжаар ноцтой зөрчсөн байсныг шүүх анхаарч үзээгүй.
Газрын маргааныг хуульд орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч хянан хэргийг буцаасан гэж ойлгож байна. Мөн тус давахын шүүх нь:
-Орон нутгийн газрын нөхцөл байдлыг дээрх удирдлага болон иргэд сайн мэддэг бөгөөд иргэд мөн байгууллага нь харилцан мэтгэлцэх, ярилцаж ойлголцох боломжтой тул түүгээрээ дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Толбо сумын Засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөл болох багийн хурлын дарга нар багийн иргэдийн Хурлаар хэлэлцэгдээгүй, тухайн жилийн газар хуваарилалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, зохих журмаар хянагдаж тогтоол гаргаагүй, газрын даамал нь хянаагүй, түүнээс гадна уг газарт олон жил ах дүү 2 айл цөөн хоног ч гэсэн намаржиж, хамт малаа бэлчээрлэж байгаа, тэдний дундын болон хамтын өмч хөрөнгө нь тэнд байршуулагдсан байсан. Уг маргаантай газрыг нягталж шалгалгүй эсвэл мэдсээр байж албан тушаалаа урвуулан ашиглаж С.Ж-ын талд ашигтайгаар давуу байдал бий болгон захирамж гарган, зөвшөөрөл олгосон байна гэдгийг давж заалдах шатны шүүх нь ойлгоод хэргийг буцаахдаа өчүүхэн энэ газрын асуудлыг орон нутаг шийдвэрлэх боломжтой гэж буцаасан гэж үзэж байна.
Газрыг маргаантай гэдгийг мөн уг газрыг ах дүү хоёр айл ашиглаж байгааг мэдсээр байж Засаг дарга нь С.Ж-т албан тушаалаа урвуулан ашиг бий болгож захирамж гаргасан үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдлоо гаргасан байгаа. Мөн ах дүүсийн хооронд ноцтой асуудал гаргах дээр тулган хагаралдуулж элдэв байдлаар арга заль зааж, үл ойлголцох байдал түрүүлж турхирч буй С.Ж-т хууль зүйн туслалцаа-зөвлөгөө өгч буй хүмүүс ч гомдож байна.
Үндсэн хуульд заасан иргэний хэргийг ноцтой зөрчиж тэнд байгаа өмч хөрөнгийг болон тухайн газрыг хоёр айл, өрх болон жилээр хамтран ашиглаж байсан байдлыг харгалзан үзэж Засаг даргын албан тушаалаа урвуулан ашиглаж С.Ж-т давуу байдал бий болгож олгосон Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/39 дугаартай захирамжийг мөн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч С.Ж-оос “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Ж-т тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Д ж гэх газарт 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн мөн сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 тоот захирамжийн С.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
2.3. Нэхэмжлэгчээс “... тус газарт миний эцэг, эх 30 гаруй жилийн хугацаанд хашаа байшин барьж, мал маллаж амьдарч ирсэн. Миний өвөг дээдсийн эзэмшилд нь байсан газар бөгөөд Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар хууль, журмын дагуу эзэмшиж авсан, ... сумын Засаг даргаас миний газрыг хүчингүй болгох гэж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа хийгээгүй, шууд хүчингүй болгосон...” гэж, хариуцагчаас “... тухайн газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрт тусгасан зүйл байхгүй. Гуравдагч этгээдүүд С.Ж захирамж гаргуулж авсны дараа бид нарыг удаа дараа хөөгөөд байгаа, энэ газрыг хамтдаа эзэмшье, өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол удаа дараа гаргасан. Тэгээд би газрын даамлаас тодруулж асуухад, хувийн хэрэг нээгээгүй, тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгаагүй, багийн иргэдийн Нийтийн Хуралд оруулж, санал ирүүлээгүй байсан. 2019, 2021 онд бэлчээрийн зориулалттай эзэмшихээр шийдвэрлэснийг үндэслэн 2022 оны 12 дугаар сард гарсан захирамжийг хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
2.4. Анхан шатны шүүх “... Толбо сумын Засаг даргаас 2022 оны А/139 дүгээр захирамжаар С.Ж-т 700 м.кв газар эзэмшүүлэхдээ газрын байршлыг тодорхой тусгаагүй, мөн сумын газрын даамлаас уг газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулаагүй, газрын кадастрын зургийг үйлдээгүй буюу Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 33 дугаар зүйлийн 33.8, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6-д заасныг тус тус зөрчиж, эрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, ... нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 м.кв газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдаагүй, ... сумын газрын даамлаас нэхэмжлэгч С.Ж-ын эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж үзэж газар эзэмшүүлэх шийдвэрийн төслийг боловсруулсны дагуу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байх тул сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн асуудалд иргэнийг буруутгах үндэслэлгүй, ... дээрх байдлаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар тухайн газарт 2 малын хашаа шинээр барьсны дараа түүнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.5. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах бөгөөд мөн хуулийн 32.2.2-т зааснаар “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” зэргийг тусгахаар байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч С.Ж нь анх газар эзэмших хүсэлт гаргахдаа дээрх хуульд заасан хүсэлтэд хавсаргавал зохих баримтуудыг бүрэн хавсаргаагүй, тусгаагүй байхад Толбо сумын Засаг даргаас Газрын тухай хуульд заасан шаардлага хангаагүй хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлсэн төдийгүй 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.2, 52 дугаар зүйлийн 52.1-д тус тус заасныг зөрчиж эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлтдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан баримт, бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагуулж өгөөгүйгээс түүний эзэмшиж байсан газрын байршил, координат, нэгж талбар зэрэг нь тодорхойгүй, улмаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж зөвхөн түүний хүсэлтэд үндэслэн гарснаар Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчид чухам ямар нэгж талбар бүхий байршилд газар эзэмшүүлсэн болох нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхад анхан шатны шүүх “хариуцагч нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулахгүйгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 м.кв газрын кадастрын зургийг үйлдэх, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, газар эзэмших гэрээ байгуулах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртай” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцэхгүй.
2.8. Нэгэнт хариуцагчаас дээр дурдсанаар Газрын тухай хууль зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасанд нийцжээ.
2.9. Нөгөөтээгүүр, гагцхүү хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах учиртай бөгөөд нэхэмжлэгч С.Ж-ын хувьд газар эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ж-оос Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ш.К, К.Т, өмгөөлөгч С.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН