Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 146/ШТ2017/00004

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч Ц.А,

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч: А.Г,

Нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Ц-н Ат холбогдох эрүүгийн 201615010138 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ..... аймгийн Оюут багийн 2 дугаар хороо 23-77 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогтой Ц-н А /РД:ВЮ72052723/

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ц.А нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зэгэстэй гүүрний” зүүн талын асфальтан зам дээр ..... УНС улсын дугаартай “......” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Р.Цын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж, Ч.Агийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ:

Тэр өдөр Рашаант сум өнгөрөөд нөхөр нойр хүрээд байна гэхээр нь би машин барьсан. Урд нэг машин явж байсан. Тэр машин гүвээ рүү орсон гэнэт зам дээр нэг соотон чихтэй амьтан харагдахаар нь тоормос гишгэсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Сэрсэн чинь эмнэлэгт байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аав ажлаасаа тараад ээжтэй эмээг Баянхонгор аймаг хүргэж өгөх гээд явсан, орой засмал дээр гарчихлаа санаа зоволтгүй гэж ярьсан. Шөнө 02 цагт нөхөр аав, ээж, эмээг осолд орсон юм шиг байна гэж мэдэгдсэн.  Осол хэдэн цагт болсныг сайн мэдэхгүй байна гэв.

Хохирогч Р.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ..... аймгийн төвөөс төрсөн охин Амартунгалаг, түүний нөхөр Алтанхүү нарын хамт 3-л Баянхонгор аймаг явахаар 11 цагийн орчим гарсан. Бид 3 Амартунгалаг, Алтанхүү нарын Toyota Vista  маркийн ..... УНС улсын дугаартай автомашинтай явж байгаад Өвөрхангай аймгийн нутагт зам тээврийн осолд орсон. ...Амартунагалаг автомашиныг жолоодож явсан. Түүний хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Амартунгалаг гэнэт яанаа гээд л хэлсэн тэгээд автомашин эргээд онхолдсон. ...Одоо биеийн гар эдгэрч байна. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Амартунгалаг миний охин байгаа юм. Тэр хүн өөрийн эрүүл мэнд болон ханилсан ханиа алдаж эд хөрөнгөөрөө хохирчихсон байхад юу гэж гомдолтой гэх билээ. ...Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 дүгээр хуудас/

Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Уг автомашиныг би унаж хэрэглэж байгаад 2013 оны 10 дугаар сард хадам аав Алтанхүү, ээж Амартунгалаг нарт өгсөн юм. Нэр гэрчилгээ зэргийг шилжүүлж чадаагүй байсан юм. Уг автомашины эзэмшигч нь манай хадам аав, ээж хоёр байсан юм. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн актын:

 “... 1.Талийгаач Ч.Агийн биед цээжний хавсаргасан гэмтэл, нүүр болон зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна.

4. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Цээжний хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.

6, нас бараад 24 цаг болсон...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 341 дүгээр актын:

 “... 1.Р.Цын биед тархины доргилт, зүүн гарын 2-р шивнүүр, ясны ил хугарал, зүүн чигчий хурууны 1-р үеэр мэс заслын аргаар тайрагдалт, зүүн гарын шуу, сарвууны зөөлөн эдийн дутмагшил, зүүн гарын шөрмөсний тасралт, зүүн гарын сарвуу шууны мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдож байна.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 35% нөлөөлнө.  

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 6899 тоот дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Vista маркийн AZV50-005766 арлын УНС улсын дугаартай автомашины эд анги бүрэн байна.

2. Жолоочийн ямар буруутай үйлдэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

3. Автомашин их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болсон тус ослын өмнө эд механизмууд техникийн шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ослын үед үүсэн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн хамт /хх-ийн 180-183 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-9 дүгээр хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр хуудас/

Хохирогч Р.Цын эмчилгээ хийлгэсэн өвчний түүх, холбогдох материалууд /хх-ийн 21-45 дугаар хуудас/

Зам тээврийн ослын газар тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 94-95 дугаар хуудас/

Талийгаач Ч.Агийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 169 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.А нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зэгэстэй гүүрний” зүүн талын асфальтан зам дээр ..... УНС улсын дугаартай “......” маркийн  тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Р.Цын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж, Ч.Агийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Р.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нарын  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ч.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн актын “...1.Талийгаач Ч.Агийн биед цээжний хавсаргасан гэмтэл, нүүр болон зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. 4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Цээжний хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6. Нас бараад 24 цаг болсон...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 341 дүгээр актын: “...1.Р.Цын биед тархины доргилт, зүүн гарын 2-р шивнүүр, ясны ил хугарал, зүүн чигчий хурууны 1-р үеэр мэс заслын аргаар тайрагдалт, зүүн гарын шуу, сарвууны зөөлөн эдийн дутмагшил, зүүн гарын шөрмөсний тасралт, зүүн гарын сарвуу шууны мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 35% нөлөөлнө. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6899 тоот “...1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Vista маркийн AZV50-005766 арлын УНС улсын дугаартай автомашины эд анги бүрэн байна. Жолоочийн ямар буруутай үйлдэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Автомашин их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болсон тус ослын өмнө эд механизмууд техникийн шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ослын үед үүссэн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй.”... гэх дүгнэлт, гэрэл зургийн хамт /хх-ийн 180-183 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх дээр шинжлэн судалсан баримтуудыг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй гарсан, шүүгдэгч Ц.А нь гэм буруутай, Хархорин сум дахь прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Иймд Г овогтой Ц-н Аийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

           Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, хохирогч Р.Ц нар  нь “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч Ц.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ат ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Р.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн тул шүүх хуралд суухгүй оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүнийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичгийн баримт ирээгүй, 313819 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

1. Г овогтой Ц-н Аийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Ц.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Ат оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээри зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Ат оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг ..... аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ц.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Ц.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан шүүхийн шийтгэх тогтоолын хувь болон 313819 дугаар жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд  даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Ат тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА