Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2018/00019

 

МАГАДЛАЛ

2018       07         04                                        201/МА2018/00019

Ж.Ц-н нэхэмжлэлтэй,

Д.У-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, хариуцагч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Ц-н давж заалдах гомдлоор Ж.Ц-н нэхэмжлэлтэй, Д.У-т холбогдох “Нэр төр сэргээлгэж, уучлалт гуйх” тухай иргэний хэргийг 2018 оны 06 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг танилцуулъя.

Нэхэмжлэгч Ж.Ц миний бие 1996 оноос эхлэн боловсролын байгууллагад 22 жил ёс зүйн зөрчилгүй, амжилттай ажиллаж байна. Гэтэл иргэн Д.У нь намайг нөхөр Б.Э-тэй ямар ч үндэслэлгүй хардаж, сэтгэл санааны хохирол учруулах, нэр төрийг минь гутааж байна. Д.У нь намайг нөхөртэйгөө хардаж байгаа тухай мэдээллийг 2017 оны 8 сард Д.Б-ээс сонссон бөгөөд миний бие хөдөө амарч байсан тул тоохгүй өнгөрсөн. Д.У нь нөхрийнхөө найз Д.Б-н эхнэр Ж.Н-ийг нөхөртэйгөө хардахад нь уулзаж учраа олсон тухай сонсож байсан... Иргэн Ж.Ц миний бие зун бүр хөдөө амардаг бөгөөд 2 сар амраад ирэхэд Ж.Н, Д.Б нар Э-н эхнэр нь машинаар нь зорчсон танай сургуулийн хүүхдэд багш Ц чинь манай нөхөртэй явалддаг гэж хэлсэн гэдийг дуулгасан ч цаг хугацаа үнэн худлыг ялгах байлгүй гэж бодоод тоолгүй өнгөрсөн. Гэтэл 2017 оны 10 сард нууцалсан дугаараас залгахад нь автал нэг эрэгтэй хүн 10 жилийн ангийн чинь хүү байна, Ангийнхаа хүүг таньдаггүй юм уу, Чи Онцгойгийн Э гэдэг залуутай суусан гэлүү, Хэзээ төрөх юм бэ, Чамайг хүнтэй суугаагүй бол сууя гэж бодож байсан юм... гэх мэт олон зүйлийг ярьсан. Үүнээс улбаалан байдал даамжран, хэрээс хэтэрч байгааг ойлгоод Э болон түүний эхнэр хоёртой уулзсан. Тухайн үед үнэн байдлаа тодорхой хэлж, ямар ч үндэслэлгүй хардаж байгааг, холбоо харилцаа байхгүй гэдгээ дахин дахин учирлаад салцгаасан. Гэтэл 2018.02.06-ны өдөр захирал дуудаж Д.У гэдэг хүнээс гомдол ирснийг танилцуулсан. Энэ хүний хардах сэтгэл хэрээс хэтэрч, сургууль хамт олон, найз нөхөд, шавь нарын минь дунд нэр хүндийг минь унагаж байна. Цаашид улам даамжирч болзошгүй тул үнэн зөвийг тогтоож, нэр төрийг минь сэргээж, уучлалт гуйхыг хүсч байна гэсэн шаардлагыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Ц-н нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба миний мэдэхгүй зүйлийг хүртэл бичиж намайг гүтгэсэн байна. Ц нь манай нөхөртэй олон жил найзалж, ойр дотно нөхөрлөж байгаа гэдгийг найз Б нь надад хэлсэн. Би нөхөртөө энэ талаар хэлэхэд нөхөр маань эхлээд үгүйсгэдэг байснаа сүүлдээ тэр чам шиг тэнэг биш, ухаантай хүн, ухаантай боловсролтой хүнтэй суумаар байна гэж хэрүүл маргаан гаргадаг болж, намайг гэрээсээ хөөж, гар хүрч зоддог болсон. Энэ нь Ц нь манай нөхрийн утасруу хань минь зүгээр үү гэж мессеж бичсэнтэй холбоотой. Энэ мессежнээс болж гэр бүл маань хэрүүлтэй болж, нөхөр маань намайг байнга хөөж, хэл амаар доромжилж, зоддог болсон. Энд Ц буруутай. Би гэр бүлээ бодож тэвчээртэй байсан. Би сургуулийнх нь захиралд хандаж өргөдөл гаргасан нь үнэн. Гэхдээ би сургуулийн дотор, багш нарынх нь дунд, шавь нарынх нь дунд энэ хүн манай нөхөртэй явалддаг гэж хэлж, хэрүүл шуугиан тариагүй. Ц найз Б, Н нартай нийлж, намайг ямар хэл ам ховонд хутгаад яваад байгааг мэдэхгүй байна. Ц ..... гэсэн дугаартай, энэ дугаараас нь манай нөхрийн дугаарлуу мессеж ирсэн байсан. Би Ц-тэй машин дотор уулзахдаа энэ дугаар чиний дугаар мөн үү гэхэд биш гээд байсан. Гэтэл шүүхэд өгсөн нэхэмжлэл дээр нь энэ дугаар нь бичээстэй байсан. Иймд би энэ хүний нэр төрийг гутаах зүйл хийгээгүй, надад буруу байхгүй, энэ хүн намайг гүтгэж байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00377 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.У-д холбогдох нэр төр сэргээлгэж, уучлалт гуйхыг хүссэн нэхэмжлэгч Ж.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц давж заалдах гомдолдоо: “...Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд дүгнэлт хийсэнгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргалаа.

... Шүүх нэхэмжлэгчийн гаргасан гол асуудал болох Д.У нь үндэслэлгүйгээр нөхөртэйгээ хардаж сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж байна цаашид даамжирч болзошгүй тул үнэн зөвийг тогтоож, нэр төрийг сэргээж, уучлалт гуйхыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол асуудал Д.У нь үндэслэлгүйгээр нөхөртэйгээ хардсан тухай гомдол байсан тэгвэл энэ талаар Д.У үгүйсгэсэн нотолгоо гаргаж өгч чадаагүй ба харин ч шүүх хурал дээр энэ талаар нөхөртэйгээ харддаг асуудлаа дахин дахин ярьж, хариу тайлбартаа ч нөхөртэйгээ хардаж утсаар ярих, мессэж бичдэг байсан гэх мэтээр тайлбарлаж байсан. Шүүх энэ талаар хариуцагч нөхөртэйгээ харддаг асуудлыг үгүйсгээгүй ба харин үл ойлголцол бий болсон мэтээр дурдсан байгаа. Энэ нөхөртэйгээ харддаг асуудал үл ойлголцлын /ялимгүй зүйл мэтээр/ хэмжээнд байсан юм уу, тэгвэл сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлдөө “Манай нөхөртэй явалдаад гэр бүл үймүүлээд байна. Энэ ёс зүйгүй багшдаа арга хэмжээ ав, авахгүй бол БСГ-т хандана” гэсэн өргөдөл өгсөн явдал нь нэр хүндэд нь халдсан асуудал бөгөөд тэр тусмаа сургуулийн удирдах албан тушаалын хүнд энэ талаар мэдэгдэж байгаа нь хувь хүний нэр хүндийг гутаасан, багшийн үнэлэмжийг бууруулсан хэмээн үзэж байна. Энэхүү өргөдлөө бичиг хэргээр дамжуулсан учраас бичиг хэрэг мэдсэн. Мөн Д.У-н эгч нь багшийн талаар захиралтай нь ярихдаа бичиг хэргээс захирлын дугаарыг авсан байдаг. Сургуулийн захирал тоотоор хариу мэдэгдсэн тухай албан тоот шүүхэд ирүүлсэн зэрэг нотлох баримт тогтоогдож байгаа юм. Үүний цаана хэдэн хүн сургуулийн бүх багш нарыг мэдэж байгаа эсэх талаар гэрчээр асуулгах шаардлага байхгүй байсан болов уу. Мөн сургуулийн багш Б-н мэдүүлэгт Д.У нь Ж.Ц-г нөхөртэйгээ хардсаныг мэдэж цуг уулзах гэж очиж байсан талаар нотолдог. Бас Б-н нөхөр рүү эгч нь гэх хүн залгасан ч байдаг. Найз Н нь үүнийг мэдэж байсан ба энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

Хариуцагч Д.У нь нөхөртэйгээ хардсан асуудлыг үгүйсгэж чадаагүйгээс гадна шүүх хуралдаан дээр мөн л харддаг асуудлаа ярьж байсан. Энэ мэтээр өөрөө нэхэмжлэлийн гол асуудал нөхөртэйгээ хардсан нь тогтоогдож улмаар сургуулийн захиралд нэр хүндийг гутаасан өргөдөл өгч нэр хүндэд халдсан, сургуулийн багш Б, найз Н нарын дунд хүний нөхөртэй явалдсан гэсэн яриа гарсан болох тухай гэрчийн мэдүүлгээр нотлогдсон нотлох баримт байсаар байхад шүүх нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрийг гаргасан байна.

Нэхэмжлэгч миний гол гомдол бол Д.У өөрийн нөхөр Д.Э-ээ үндэслэлгүйгээр хардаж, улмаар сургуулийн захиргаанд өргөдөл өгч нэр хүндэд халдаж гутаасан, сургуулийн багш, найз нөхдийн дунд энэ яриа гарсан тухай түүнийг үнэн зөвийг нь олж өгч, нэр төрийг сэргээж, уучлалт гуйлгах тухай гомдол гаргасан. Иймд дээрх гомдлыг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

 

                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.У нь нэхэмжлэгч Ж.Ц-г нөхөртэйгээ хардаж сургуулийн захиралд багшийн ёс зүйтэй холбоотой өргөдөл гаргасан гэдэг үйл баримт нотлогддог. /хх-ийн 6-7 дугаар талууд/

Харин хариуцагч Д.У нь нөхөртэйгээ Ж.Ц-г холбоотой гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын “... нэр хүндийг гутаасан мэдээ тараасан...” гэдэгт Д.У-н дээрх үйлдэл хамаарахгүй юм. Учир нь Д.У нь санаа зорилгын хувьд  Ж.Ц-н нэр хүндийг олон нийтэд гутаая гэсэн субъектив санаа зорилго агуулаагүй, гэр бүлийн хардалтын улмаас зөвхөн түүний ажилладаг сургуулийн захирлаар өөрт нь хэлүүлье гэсэн зорилготой байна. Иймээс зорилгыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

            Нөгөө талаар мэдээ тарсан хүрээг харгалзан үзэх нь зүйтэй юм. Мэдээ тараасан гэдэг нь олон нийтийн хэрэгслээр, хэвлэл мэдээллээр, эсхүл олон нийтэд тараасан байхыг ойлгох нь зүйтэй. Захирал буюу нэг хувь хүнд бичгээр гаргасан өргөдлийг мэдээ тараасан гэж ойлгох нь буруу юм.

            Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-д заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгч Ж.Ц-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч Ж.Ц-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэхэмжлэгч Ж.Ц-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ц-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА 

                                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ