| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00309/и |
| Дугаар | 322 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 322
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: "Г" ХЗХ-ны нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Дашдэндэв овогтой Батсайхан нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/3989 тоот зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 12 дугаар сарын хугацаатай буюу 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 6 дугаар байрны 4 тоотод хууль ёсны бүртгэлтэй хэдий ч 9 дүгээр баг, Мандалын 2-7 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчин одоог хүртэл ямар ч зээлийн эргэн төлөлт төлөөгүй. Зээлийн анкет дээр шаардлагатай хүмүүсийн утасны дугаар буюу эхнэр Б.Бямбаа, хүү Б.Энхбайгал зэрэг хүмүүсийн дугаарыг тэмдэглэсэн боловч бүртгэлтэй дугаарууд нь бүгд холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй гэсэн хариу өгдөг. Уг хаяг дээр одоогийн байдлаар өөр айл амьдарч байна. Одоо түүний оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Г" ХЗХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б- нь Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар баг, Нарлаг, 6 дугаар байрны 4 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай албан бичгээр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг олж тогтоохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ