| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00313/и |
| Дугаар | 323 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 323
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, эмэгтэй, би 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадад мал дээр илгээлтээр гарч 2001 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мал малласан. Тэр үед би төрсөн эцэг Дамбын Доржжамц, эх Сампил нарын хамт мал маллаж амьдарч байсан ба миний эцэг 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байсан. Тухайн үед надад нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр өгч байсан эсэхийг мэдэхгүй байна, мал маллаж байсны хөдөлмөрийн хөлс миний эцэг Д.Доржжамцын нэр дээр гардаг байсныг би авдаг байсан. Би тэр үед эцэг Д.Доржжамц, эх Сампил, эрэгтэй дүү Д.Адъяадорж нарын хамт амьдардаг байсан ба миний дүү Д.Адъяадорж нь 1969 онд төрсөн, 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд 2 жилийн хугацаагаар цэрэгт явж байсан. Би тасралтгүй 15 жил мал малласан. Одоо тэтгэвэрт гарах гээд архиваас материал шүүсэн боловч эцэг Д.Доржжамцын нэр дээр миний ажилласан бүх баримт гарч ирээд байгаа тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын "2-р таван жил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Д.А-д Дундговь аймгийн Өлзийт сумын "2-р таван жил" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архивт түүний ажилласантай холбогдолтой баримт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2020.01.09-ний өдрийн 02 тоот “Д.А- нь Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадад малчнаар 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, цалин хөлс бичигдээгүй тул эдгээр ажилласан 2 жил 01 сарын хугацааг шүүхээр тогтоож өгнө үү” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр тал/, Архивын тасгийн 2020.03.27-ны өдрийн 245 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1986 оны 7 сараас 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Доржжамц овогтой Адъяасүрэнтэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-5 дугаар тал/, мөн Татварын хэлтсийн 2020.03.26-ны өдрийн 08/375 тоот “Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-ны өдөр байгуулагдсан. 1992 оны 2 сарын 17-ны өдөр 2-р таван жил ХК, 1994 оны 5 сарын 10-ны өдөр Мөнхрөх ББХК, 1996 оны 2 сарын 14-ны өдөр Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт /хх-6 дугаар тал/-оор нэхэмжлэгчийн 1986.07.01-1989.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь тогтоогдож тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадад мал маллаж байсан Дамбын Доржжамцын 1986-1988 оны цалингийн тодорхойлолт /хх-7 дугаар тал/
- 2020.01.13-ны өдрийн Ө.Отгонбаяр, Д.А- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-8 дугаар тал/
- Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГазраас малчин даатгуулагчид олгох 2020.01.07-ны өдрийн Өлзийнноровын Отгонбаярын архивын лавлагаа /хх-9 дүгээр тал/
- Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2020.01.08-ны өдрийн 02/08 тоот “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн Д.А- нь тус сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аав Д.Доржжамц, ээж Д.Сампил нарын хамт амьдарч мал маллаж байсан цалин хөлсний баримт тооцооны хүснэгт 34 хуудас баримтыг Засаг даргын Тамгын газрын Архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, хавсралтын хамт /хх-10-44 дүгээр тал/
- Гэрч Ц.Дэлгэрсуурийн “...Би 1965 оноос Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байсан нэгдлийн малаа 1988 онд Д.А-д хүлээлгэж өгсөн. Д.А- хэдэн он хүртэл мал малласан талаар нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-50 дугаар тал/, гэрч Б.Зулаагийн “...Д.А- нь 10 дугаар ангиа төгсөөд 1986 оноос хойш Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажилласан. Тэр 2001 оноос аймгийн төв ирсэн...” гэх мэдүүлэг /хх-51 дүгээр тал/, гэрч Ц.Цоггэрэлийн “...Д.А-г Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1986 оноос хойш 1992 он хүртэл мал малласан хүн гэдгийг би сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-52 дугаар тал/
- 0361247 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-55 дугаар тал/.
- 205259 дугаартай Дамбын Доржжамцын тэтгэвэрийн дэвтрийн хуулбар /хх-57-58 дугаар тал/ зэрэг баримтууд хуульд заасан журмын дагуу цугларсан байна.
Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Өлзийт сумын "2-р таван жил" нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажилласан гэх боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь Д.Доржжамцтай холбоотой баримтууд байх ба нэхэмжлэгчийн 1986.07.01-ний өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд ажиллаж байсан гэх үйл баримтыг тогтоож чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг тогтооход ач холбогдолтой, нотлох баримтын хамааралтай байдал нь тогтоогдохгүй байна.
Шүүх дан ганц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Э.Түмэнжаргал, Б.Цэрэндорж, О.Батнягт нарын мэдүүлгээр ажилласан байдлыг тогтоох боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.А-гийн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын "2-р таван жил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ