Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­­29

 

 

 

  

 

 

   2023 оны   02 сарын  16 өдөр                                  Дуга  2023/ШЦТ/­­­­29                                               

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Б-гийн З холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Б ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Хужир булан 34 дүгээр гудамж 4076 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ийн З /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.З нь 2022 оны 12 дугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Б т ХХК-ийн кемпийн тусгаарлах 5 дугаартай гэрт Т.Б үл ялих зүйлээр маргалдаж гуя хэсэгт нь хутгаар хатгасны улмаас баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтас хэргийн 10-17 дахь тал/

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Б-ын: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Б т ХХК-ийн кемп дээр нүүрс тээврийн машиныг өөр зогсоолд байрлуулж тавих болоод би тэнд байсан жолооч нарт хэлээд тусгаарлах байрны 5 дугаартай гэрт эхлээд нэг орж машин зөөвөрлөх юм байна гэж хэлээд гэрээс нь гарч яваад дахиад 5 дугаартай гэрт 1 цаг орчмын дараа ороод нүүрс тээврийн машин зөөж өөр зогсоолд байрлуулах гэж байна гээд хэлтэл Б.З нь би маргаан болоод энд байгаа жолооч нар бөөнөөрөө бүх нийтийн ажилд гарч байхад чи ганцаараа яагаад үлдэх ёстой гэж хэлээд Б.З бид хоёр маргалдаад байж байтал ширээн дээр байсан хутга авахаар би З-ын араас нь тэврээд автал гартаа барьж байсан хутгаараа миний баруун гуяны ар хэсэгт гараа давуулж ирээд хутгалчихсан. Тэгээд 5 дугаартай гэрт байсан С Б.З бид хоёрын голоор орж ирэхээр нь би 5 дугаартай гэрээс гараад явсан юм...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би машин зөөж өөр газарт байрлуулна гэж хэлээд шаардлага тавьсан юм.Тэрнээс болж хэрүүл маргаан болоод намайг хутгалсан юм...С, Б Б.З нар байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй...Би Б.З-ын биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй...Би хохирол гомдолтой холбоотой баримтаа гаргаж өгнө...Би цаашид гарах эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.А ‘’...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг Буман трейд ХХК-ийн кемп дээр тусгаарлах байрны 1,2, 3 дугаартай гэрт орж нүүрс тээврийн машин зөөж өөр газарт байрлуулах юм байна шүү гэж хэлээд явж байхад 5 дугаартай гэрт хүн маргалдаад байх чимээ гарахаар нь 5 дугаартай гэрт яваад ортол Б.З нь ороо янзлаад зогсож байхаар нь юу болоод байна гэж асуухад Б.З надад хэлэхдээ Т.Б бид хоёр маргалдаад гээд хэлэхээр нь би Т.Б-ын амардаг гэрт нь яваад ортол Т.Б гэртээ өмдөө тайлаад баруун гуяны ар хэсгээс нь цус гарч байхаар нь цагдаад дуудлага өгсөн... Б.З, Т.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б С-н “ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд Сумын 5 дугаар баг Цагаан хаданд байдаг Буман трейд ХХК-ийн тусгаарлах байрны 5 дугаартай гэрт хоол хийгээд байж байтал амрах гэрт Т.Б орж ирээд нүүрс тээврийн машин асааж өөр газарт байрлуулах юм байна гэж хэлээд байж байтал Б.Зр намайг үлд гэж хэлсэн би явахгүй гэж хэлтэл Т Б чи яагаад явахгүй гэж хэлээд тэрнээс болж маргалдаад байж байтал Б.З сууж байснаа халбага сэрээ хутга хийдэг ширээн дээр байсан сав руу ухас хийх шиг болсон юм. Тэгтэл Т.Б Б.З гэдэг хүний араас нь тэврээд байж байхаар нь би тэр хоёрын голоор нь ороод салгатал Б.З эргээд хартал гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд Б.З гартаа барьсан хутгаа ширээн дээр тавиад байж байтал Т.Б гэрээс гараад яваад өгсөн...Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...Би Б, Б.З бид нар байхад Т.Б орж ирсэн юм...Урдаа төмөр оруулгатай бор шаргал иштэй жижиг хутгаар хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Б “ ... 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хаданд байдаг Буман трейд ХХК-ийн тусгаарлах байрны 5 дугаартай гэрт хоол хийж идэх гээд байж байхад Т.Б гэдэг залуу одоо ажилдаа гарах уу гээд ороод ирсэн юм. Тэгтэл Б.З би нүүрс тээврийн машин барьж зөөвөрлөхгүй намайг галаа түлээд хоол ундаа бэлдээд байж байгаарай гэж хэлсэн гээд хэлтэл Т.Б чи яагаад юм болгоноос үлдэж байдаг юм гэж хэлээд маргаан үүсээд хэрэлдэж маргалдаж байсан. Тэгтэл пижиг пажиг гээд чимээ гараад Т.Б Б.З-ын араас тэврээд авч байгаа харагдсан. Тэгтэл Д.С тэр хоёрын дундуур нь ороод Б.З-рыг барьж авч байгаа харагдсан. Тэгтэл Т.Б гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд удаагүй байж байтал кемп менежер Т.А гэрт орж ирээд та яаж байгаа юм бэ хүн хутгалчихсан байна шүү дээ гээд хэлэхээр нь би Б.З, Т.Б хутгалсан талаар мэдсэн. Урьд нь би Б.З, Т.Б хутгалсан талаар мэдээгүй байсан. ... Өглөө 1 орж ирээд бид нарыг сэрээгээд нүүрс тээврийн машин зөөвөрлөх ажилтай юм байна шүү гэж хэлээд гараад явсан. Өөр зүйл хэлээгүй. ... Б.З, Т.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ... Т.Б халдсан зүйл байхгүй, араас нь тэвэрч аваад салсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ 

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай “1. Т.Б-ын биед баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.З-ын ‘’...Уг гэмтлийг миний бие гартаа хутга барьж байгаад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Шүүгдэгч Б.З-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 60, 62-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.З-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.З нь 2022 оны 12 дугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Буман трейд” ХХК-ийн кемпийн тусгаарлах 5 дугаартай гэрт Т.Б үл ялих зүйлээр маргалдаж гуя хэсэгт нь хутгаар хатгасны улмаас баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.З гэмт үйлдэл болон хохирогч Т.Б эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 12 дугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Буман трейд” ХХК-ийн кемпийн тусгаарлах 5 дугаартай гэрт Т.Б үл ялих зүйлээр маргалдаж гуя хэсэгт нь хутгаар хатгасны улмаас баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.З гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2023 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай “1. Т.Б биед баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Шүүгдэгч Б.З нь хохирогч Т.Б эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 109 дэх тал/

Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... миний бие нь Б овогтой З-оос өөрт учирсан хохирлын төлбөр болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг өөрийн ********* тоот дансанд шилжүүлэн авсан нь үнэн болно. Иймд хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир Б.З миний зүгээс санал гомдолгүй. Шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй болно.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.З бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Т.Б нь санал гомдолгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 81 дэх тал/

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.З гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.З иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.   

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч Б.З нь хохирогч Т.Б эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 19.3 см ажлын хэсгийн урт нь 9.8 см, бариулын урт нь 9.5 см, уг хутганы ажлын хэсгийн өргөн 1.8 см хутганы бариулын өргөн 1.8 см ирний дээд хэсэгт ХОРТИЦЯ гэсэн бичиглэлтэй, хутганы нэг талын үзүүр хэсэг харласан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

           7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.За иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАТМӨНХ