| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00311/и |
| Дугаар | 325 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 325
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: С.Н-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүн баян улаан суманд 1970 онд төрсөн, эмэгтэй, ам бүл зургуул амьдардаг. Энэ жил 50 нас хүрч байна. Улсад 7 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1988 оноос 1993 оны 5 дугаар сарын хооронд малчнаар, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 сар хүртэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга, тэмдгийн зөрчилтэй болоод байна. Би энэ нэгдлүүдэд малчнаар ажилладаг байсан. Иймд тухайн үед ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад баримтуудыг үндэслэн 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-д тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н-д олгосон 1988 оны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга дарагдаагүй зөрчил үүссэн. дээрх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
С.Н-д Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1988.06.01-ний өдөр олгосон хөдөдөлмрийн дэвтрийн хөдөлмөрийн хөлс олгосон бичилтэд санхүүгийн аль эсхүл нэгдлийн тамга дарагдах байтал олгов гэсэн дардас дарагдсан, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-аас 1993.04.20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга дарж баталгаажаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Архивын тасгийн 2020.03.27-ны өдрийн 244 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1988 оны 1 сараас 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Сономдорж овогтой Нэргүйтэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр тал/, Татварын хэлтсийн 2020.03.26-ны өдрийн 08/377 тоот “Тус аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл нь 1956 оны 2 дугаар сарын 22-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 дүгээр сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн 1992 оны 11 дүгээр сарын 04-нд “Ардын жаргал” хувьцаат компани болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлт /хх-5 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан С.Н-д Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1988.06.01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “нэгдлийн даргын 1988.01.01-ний өдрийн 02 тоот тушаалаар Талын нар бригадад 1988.01.01-ний өдрөөс хоньчноор ажиллуулав” гэсэн ажилд томилогдсон тухай бичилт хийж, нэгдлийн тамга дарж баталгаажуулсан бах бөгөөд 1988, 1989, 1990 онуудыг дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичсэн, хөдөлмөрийн хөлсийг олгосон тэмдэглэгээн дээр тамга дарж баталгаажуулаагүй байна /хх-7 дугаар тал/
- С.Н-д Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” ХК-аас 1993.04.20-ны өдөр олгосон 1991-1993 оны 5 дугаар сарыг дуустал тамга дарж баталгаажуулсан ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр /хх-6 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд малчнаар, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Н-г 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд малчнаар, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ