Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0563

 

 

 

128/ШШ2021/0563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ГХОХХК

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: А  ГХОХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэг. Ашигт малтмалын Кадастрын хэлтэс 2008 оны 01-р сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг анх эзэмшиж эхэлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 11 сард төлж ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эдгээр 2 тусгай зөвшөөрлийн талбайд явуулж ирсэн.

2019 оны сүүлээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэлхий олон улсад тархаж эхэлсэн бол 2020 оны 1 дүгээр сард Монгол улсад бүртгэгдсэнээр энэхүү нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хатуу

хорио цээр тогтоосон Засгийн газрын удаа дараагийн шийдвэр гарч манай улсын бараг бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдон зогсож, хэвийн явуулах боломжгүй онцгой нөхцөл, хүндэтгэн үзэх шалтгаан бий болоод байна.

Засгийн газраас энэ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хилээр нэвтрэх ачаа тээвэр, гадаад, дотоодын иргэдийг нэвтрэхийг хязгаарлаж, орон нутагт зорчих автомашины хөдөлгөөнийг тодорхой хугацаатайгаар зогсоох болон цөөхөн тооны байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээнүүдийг авч ирлээ.

Энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монгол улсын эдийн засаг, улсын төсөвт асар их хэмжээний алдагдал хүлээж байгаа бол олон зуун аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогс, дампуурч байгаа талаар олон тоо баримт, судалгаанууд нийтэд ил болж байна.

Монгол улс уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ юм. Коронавирусийн халдварын цар тахлын үеэр зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үеэс 30 хувиар буурсан бол хөрөнгө оруулалтгүйгээс уул уурхайн хайгуул хийдэг олон компаниудын үйл ажиллагаа зогсоод байна.

Коронавирусийн халдварын цар тахал манай компанийг ч бас тойрсонгүй, бид 2020 онд ямар ч хөрөнгө оруулалт, санхүүжилт байхгүйгээс 2 тусгай зөвшөөрлийн талбай дээрээ хайгуул хийх ямар ч боломжгүй болж зогссон. Үүний учир шалтгаан нь тус компанийн гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ба үүсгэн байгуулагч болох БНХАУ-ын иргэн В М Ц болон В Д нар Монгол улсад гарсан корона вирусийн халдварын цар тахлын улмаас хилээр нэвтрэх боломжгүйгээс Улаанбаатар хотод компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлаж чадахгүй өнөөдрийг хүрээд байна.

Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн нэг үүсгэн байгуулагч В М Ц нь хүнд өвчний улмаас БНХАУ-ын Ордос хотын Дүн шүн дүүргийн ардын эмнэлэгт урт хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний асран хамгаалагчидтай холбогдож тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа баримтыг бид хүлээж авсныг Кадастрын хэлтэст хүргүүлсэн. Үүнээс гадна 2 үүсгэн байгуулагч нар Хятад улсын гарсан цар тахлын үеийн хөл хорионд байснаас чөлөөтэй явах боломжгүй болж байгаа талаараа утсаар надад мэдэгдэж байсан.

Энэ хооронд ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай

тусгай зөвшөөрлүүдийн тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн ээлжит төлбөрийг төлөх сүүлийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 27-ний өдөр байсан тул дээр дурьдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг царцаах, хойшлуулах хүсэлтийг эдгээр 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор багтааж 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 037 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.

Кадастрын хэлтэс манай хүсэлтийг хүлээн авч судлаад Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр эүйлийн 31 1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулах, царцаах, сунгах эрх зүйн боломжгүй гэсэн хариуг тус хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 8/5782 тоот албан бичгийг манайд ирүүлсэн.

Үүний дараа А  ГХОХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг цуцалсан Кадастрын хэлтэс/тухайн үеийн/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн 9 дүгээр шийдвэр гарсан болохыг мэдэгдсэн мөн өдрийн 8/72 тоот албан бичгийг шуудангаар манайд ирүүлсэн.

Уг албан бичигт дурьдсан асуудлыг эс зөвшөөрч манай компани тус албан тушаалтны дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 40 тоот албан бичгээр Татварын ерөнхий хуульд заасан давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын нөхцөл байдлын үр дагаврын хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж тус газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох гомдлыг гаргасан.

Гэвч Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй А ГХОХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг цуцалсан Кадастрын хэлтэс /тухайн үеийн/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэр үндэслэлтэй гарсан тул манай гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан тус газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/571 тоот албан бичгээр хариу өгсөн.

Хоёр. Маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл

2.1 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан

үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр шийдвэр гаргах үйл ажиллагаа нь энэ мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу гаргах боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7-д заасан татварын төрөлд хамаарахаар хуульчилсан тул энэ хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас үүдэн нэхэмжлэгч татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх эрхтэй болохыг хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4- т "Энэ хуулийн 3.1.3, 3.1.4 т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны уйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан тул хариуцагч Кадастрын хэлтэс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлж чадахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааны бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргах ёстой байсан.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4.1.а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн хүндэтгэн үзэх шалтгааны тодорхойлолтыг хуульчилж өгсөн.

Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан нь тус компанийн нэг үүсгэн байгуулагч В М Ц-д тохиолдсон бөгөөд тэрээр хүнд өвчний улмаас БНХАУ-ын Ордос хотын Дүн шүн дүүргийн ардын эмнэлэгт ухаан балартсан, уушигний хүнд өвчин сэдэрсэн оноштой хөдөлгөөн хийх боломжгүйгээр тус эмнэлэгт 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн урт хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа талаарх баримтыг бидэнд ирүүлснийг Кадастрын хэлтэст гаргаж өгсөн.

Мөн В М Ц нь энэ эмнэлэгт хэвтэх хугацаандаа одоогоор 73000 юань буюу 32 сая гаруй төгрөгийг эмчилгээний төлбөр төлсөн баримтыг мөн ирүүлээд байна.

Мөн тус компани 2019 онд ямар ч орлогогүй ажилласан бөгөөд энэ нь татварын байгууллагад гаргасан жилийн эцсийн тайлангаар нотлогдож байгаа бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас В М Ц нь компанийн 2020 оноос өмнөх жилийн татвар ногдох орлогоос илүү хэмжээтэй 32 сая төгрөгийн эмчилгээний зардал гаргасан болох нь тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.2-т энэ хуулийн 6.1.41.а, 6.1.41 .б-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвар төлөгч хувь хүний хувьд өмнөх жилийн татвар ногдох орлогоос илүү хэмжээтэй эмчилгээний зардал гаргасан болтатвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа

татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно гэж заасныг хариуцагч кадастрын хэлтэс харгалзаж ийм боломжийг манайд олголгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байна.

2.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г-т хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүсгэн байгуулагч болох БНХАУ-ын иргэн В М Ц, В Д нарт болон манай компанид бий болсон дараах үйл баримтуудаар тогтоогдож байна.

Коронавирусийн халдварын цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.

Үүнээс болж өнөөдрийг хүртэл 2 үүсгэн байгуулагч хятад иргэд Монгол улсын хилээр нэвтэрч Улаанбаатар хотод компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хийж тусгай зөвшөөрлийг банканд барьцаалах шийдвэрийг гаргаж, холбогдох материалыг бүрдүүлж чадахгүй байгаагаас хайгуулын үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал бий болоод байна. Засгийн газраас улсын хил нээх асуудлыг тодорхой хугацаатайгаар тухай бүр сунгаж байгаа бөгөөд цар тахлын тархалт, өвчлөлт, авч байгаа арга хэмжээнүүдээс дүгнэж үзэхэд 2021 оны дунд үе хүртэл хилээр гадаадын иргэд чөлөөтэй нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үргэлжилж байна.

Түүнчлэн А  ГХОХХК компани өөрийн эзэмшлийн ашиглалтын ********** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд жонш олборлож БНХАУ-ын Ф ш ХХК-нд нийлүүлэх байсан боловч Засгийн газар 2020 оны 1 дүгээр сараас эхлэн хөл хориог удаа дараа тогтоосноос болж энэхүү гэрээний үүргээ биелүүлж чадаагүйгээс ямар ч орлогын эх үүсвэргүй болсон. Энэ тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй болох нь Сүхбаатар аймгийн Э сумын засаг даргын 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр нотлогдоно.

Эдгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, төлбөрийн чадваргүй боломжгүй болсон тул нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 039 тоот албан бичгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг холбогдох материалын хамт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд гаргасан.

Тус танхим Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт болон бусад дүрмийн дагуу манай компанийн гаргасан хүсэлт, холбогдох материалыг судлан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын болон БНХАУ-ын Ф ш ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл, зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majure/ мөн болохыг нотолж А  ГХОХХК-д 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/40 тоот гэрчилгээ олгосон.

Иймд эдгээр хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгч өөрөөс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанууд байгаа нь тогтоогдож байх тул А  ГХОХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн цуцалсан тус газрын Кадастрын хэлтэс /тухайн үеийн/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны Геологи, уул уурхай кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараахь нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Нэг. Короновируст халдвар /Ковид-19/-ын тахал, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас А  ГХОХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж ашигт малтмалын хайгуулын **********, ********* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд төлж чадаагүй нь дэлхий нийт болон Монгол улсад бий болсон энэхүү давагдашгүй хүчин зүйлээс болсон гэдгийг доорх баримтуудаас нотолж байна.

Шинэ кроновирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын 2020 оны 01-р сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1.1-т Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам,

авто замын бүх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон бол энэ тогтоол үргэлжлэх хугацааг Засгийн газрын удаа дараагийн тогтоолуудаар сунгаж ирсэн /2020 оны 64, 102, 147, 188, 234,1, 31, 70, 103, 159/ дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/.

Гадаадын иргэдийг Монгол улсын хилээр нэвтрэхийг хориг тогтоосонтой холбоотойгоор компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-н иргэн В М Ц /W M/ болон В Д /W D/ нар 2020 онд орж ирж чадахгүй байсны улмаас Компанийн тухай хуулийн дагуу компанийн хувь нийлүүлэгчийн хурлыг зохион байгуулан, эдгээр 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргаж чадаагүй.

Мөн А  ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц болон нягтлан бодогч Г.Ц банкны харилцах данснаас бэлэн болон бэлэн бус орлого, зарлагын гүйлгээ хийх эрхгүй албан тушаалтан бөгөөд энэ эрхийг тус компанийн кассын нярав БНХАУ-н иргэн M X G, санхүү хариуцсан менежер W W нар 1 болон 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй байдаг. Тиймээс одоо ч эдгээр 2 гадаадын иргэн улсын хилээр нэвтрэх боломжгүй байгаагаас компанийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсоод байгаа билээ.

Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн хувьцааны дийлэнхийг эзэмшигч В М Ц нь хүнд өвчний улмаас БНХАУ-ын Ордос хотын Дүн шүн дүүргийн ардын эмнэлэгт урт хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаагийн улмаас компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хийх шийдвэр гаргаж чадахгүй байгаа болон хилээр бусад хувь нийлүүлэгч нэвтэрч орж ирж чадахгүй зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулж өгөх хүсэлтийг хариуцагчид 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 тоот албан бичгээр гаргасан.

Энэ өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нь ашигт малтмалын хайгуулын **********, ********* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг алдангийн хамт төлөх сүүлийн өдөр байсан.

Гэтэл энэхүү 37 тоот албан бичгийг хүлээн авч хянан үзээд хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 31-ний 8/5782 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын **********, ********* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн ээлжит төлбөрийг төлөх хугацааг царцаах, хойшлуулж сунгах эрх зүйн орчин байхгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь татварын төрөлд хамаарахаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно, Үүнд 53.1.2-т энэ хуулийн 6.1.41.а, 6.1.41.б-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвар төлөгч хувь хүний хувьд өмнөх жилийн татвар ногдох орлогоос илүү хэмжээтэй эмчилгээний

зардал гаргасан бол татвар төлөх хугацааг хойшлуулж болохоор хуульчилсан байна.

Энэ хуулийн 53.1.2-т заасан нөхцөл байдал нэхэмжлэгчид учирсан нь 2019 болон 2020 онд тэг төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн хувьцааны дийлэнхийг эзэмшигч В М Ц /W M/ нь хүнд өвчний улмаас БНХАУ-ын Ордос хотын Дүн шүн дүүргийн ардын эмнэлэгт урт хугацаанд хэвтэн эмчлүүлсэн зардал 25,0000 юань буюу 11 сая төгрөгийн зардал гаргасан нь тус эмнэлгийн санхүүгийн баримтаар нотлогдоно.

Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г-д заасан хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан нь хариуцагчид байсан болох нь илэрхий байсан байтал хариуцагч энэхүү нөхцөл байдлуудыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээр барахгүй 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 8/1725 тоот албан бичгээр гаргасан хариу тайлбартаа Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тугай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг хариуцагч илтэд зөрчсөн үйлдэл гаргасныг шүүх анхаарч үзэхийг хүсье.

Хоёр. 2020 онд нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй болохыг нотолсон Сүхбаатар аймгийн Э сумын засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1/103 тоот албан бичгийг Байгал орчин аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

А  ГХОХХК-ийн хүсэл зоригоос үл хамаарсан дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байдлыг тогтоож давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар 2021 оны 01-р сарын 26-ны өдрийн 039 тоот албан бичгээр Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимд хүсэлтийг гаргасан.

Тус байгууллага холбогдох хуульд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлт, хүсэлт материалыг /хавтаст хэрэгт хавсаргасан/ судлан үзээд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/04 тоот албан бичгээр ковид цар тахлын улмаас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан

таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл /force majure/ мөн болохыг нотолж А  ГХОХХК-ын гэрчилгээ олгосон.

Монгол Улсын Их Хурлаас Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Татвар алдангиас чөлөөлөх тухай хууль баталсан бол Засгийн газраас олон удаагийн тогтоолуудаар аж ахуйн нэгжүүдийг дампуурах, ажилгүйдэл нэмэгдэхээс сэргийлсэн олон арга хэмжээнүүд авч байгаа нь цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа доголдсон аж ахуйн нэгжүүдэд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг давхар нотолж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А " ГХОХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тус газрын Кадастрын хэлтэс / хуучин нэрээр/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр А  ГХОХХК-д олгосон байна.

Тус компани уг тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ***********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдөл гаргасныг хүлээн авч уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болохоос өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг Кадастрын хэлтэс ногдуулдаг.

Нэхэмжлэгч нь энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд эдгээр 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй байх үедээ буюу тусгай зөвшөөрлийн алданги төлөх сүүлийн хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 037 тоот албан бичгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8/5461 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч "А " ГХОХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх хүсэлтийг хүлээн авч хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах эрх зүйн боломжгүй болохыг Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 8/5782 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн.

Үүний дараа А  ГХОХХК нь ашигт малтмалын хайгуулын ***********, ********** дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн тухай мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8/71, 8/72 дугаар албан

 

бичгүүдээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн.

А  ГХОХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар тус компанийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 тоот албан бичгээр дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч хянан үзээд хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй тул А  ГХОХХК нь ашигт малтмалын хайгуулын **********, ********** тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн дээрх шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/571 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй.

Иймд А  ГХОХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын ***********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тус газрын Кадастрын хэлтэс / хуучин нэрээр/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь А  ГХОХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Э сумын нутагт байрших ашигт малтмалын хайгуулын **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 09 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалт заалтаар А ХХК-ийн **********, ********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр тус тус цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө,34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж тус тус заасан байна.

А ГХОХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сүүлчийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд А  ГХОХХК-нь өөрийн тусгай зөвшөөрлүүдийн 2021 оны төлбөрийг алдангийн хамт 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан байна.

А  ГХОХХК-нь дээрх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №037 тоот албан бичгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хойшлуулах хүсэлтээ хариуцагчид гаргасан болох нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 дүгээр тогтоолоор Монгол Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай 239 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн бүх боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоосон байна.

 

Дээр дурдсан Засгийн газрын тогтоолууд болон Засгийн газрын бусад

тогтоолуудаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон болох нь, мөн манай улс дотооддоо гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... 2 үүсгэн байгуулагч хятад иргэд Монгол улсын хилээр нэвтэрч ... тусгай зөвшөөрлийг банканд барьцаалах шийдвэрийг гаргаж чадахгүй байгаагаас хайгуулын үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал бий болоод байна..., А ГХОХХК-нь өөрийн эзэмшлийн ашиглалтын ********** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд жонш олборлож БНХАУ-ын Ф ш ХХК-нд нийлүүлэх байсан боловч Засгийн газар 2020 оны 1 дүгээр сараас эхлэн хөл хориог удаа дараа тогтоосноос болж энэхүү гэрээний үүргээ биелүүлж чадаагүйгээс ямар ч орлогын эх үүсвэргүй болсон. Энэ тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй болох нь Сүхбаатар аймгийн Э сумын засаг даргын 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр нотлогдоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Мөн А ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч болох БНХАУ-ын иргэн В М Ц нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжит хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан болох нь, эмчилгээний төлбөрт тодорхой зардал гаргасан болох нь Ордос хотын Дүн Шэн дүүргийн ардын эмнэлгийн Хэвтэн эмчлүүлж буй тухай тодорхойлолт, тус эмнэлгийн төлбөр хурааж авсан тухай баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн тус компанийн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч В Д /W D/ нь тухайн үед Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №2-4в/2928 тоот албан бичгийн хавсралт лавлагаагаар нотлогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан гэж:, 6.1.41.a-дэмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;6.1.41.г-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;, 7.2-д Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:, 7.2.7-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр; гэж тус тус хуульчилсан байна.

 

Дээрх тайлбарласан үйл баримтууд, хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдэд үүссэн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасан байна.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 09 дүгээр шийдвэрийн А  ГХОХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх бодит нөхцөлд тохирсон байх, бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлах талаарх зохицуулалтуудад нийцэхгүй байна.

Мөн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/40 тоот Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл /Force majеure/ гэрчилгээг А ГХОХХК-д олгосон байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а, 6.1.41.г, 7 дугаар зүйлийн 7.2.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-д заасныг тус тусбаримтлан нэхэмжлэгч А ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 09 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалт буюу А ГХОХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч А ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн

 

хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ