Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0236

 

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0236

Улаанбаатар хот

 

                                      

                                     Х.Сийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.С,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Х.С,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,

хариуцагч Алтай сумын Засаг дарга А.А,

хариуцагчийн өмгөөлөгч Х.З, С.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө.

Хэргийн индекс: 110/2025/0074/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Сээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.3, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Сийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16,806, 533 / арван зургаан сая найман зуун зургаан мянга таван зуун гучин гурван/ төгрөгийг Алтай сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж, түүний уг үйлдлийн зарим нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээний болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаагүй, албан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, төсвийн хөрөнгийг завших үйлдэл гаргасан зэрэг ноцтой зөрчил гаргасан нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.2. Нэхэмжлэгч нь Улсын баяр наадмын арга хэмжээнд зарцуулна хэмээн сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 130,000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авч, хувьдаа завшсан болох нь тогтоогдсон ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан хөдөлмөрийн ноцтой зөрчил мөн.

3.3 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 201, 352 дугаар тогтоолуудын хавсралтаар баталсан журам, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр “Албан даалгавар”-ын 1.3 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаагүй, ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгээгүй, аймгийн Засаг даргын Тамгын газраас удаа дараа үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн зүгээс зөвлөмж, сургалт, арга зүйгээр хангаж, нээлттэй мэдээллийн ил тод байдлын shilen.gov.mn цахим системд бүтэн 2 улирал дараалан буюу хагас жилийн турш биелүүлээгүй зөрчлийг шалган тогтоож, Х.Сд хариуцлага тооцож, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариу ирүүлэхийг ажил олгогч сумын Засаг дарга надад үүрэг болгосон нь түүнд хариуцлага тооцох үндэслэл болсон. Х.С нь зөрчил гаргасан нь дээд байгууллагын шалгалтаар тогтоогдсон учир өөрт нь танилцуулж, тайлбар авч, сонсох ажиллагаа хийж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

3.4 Түүнчлэн Х.С нь олон хоногоор ажлын байрыг орхиж явдаг, сум орон нутгийн төр захиргааны ажилд огт оролцдоггүй, байгууллагын өдөр тутмын цаг ашиглалтын бүртгэлгүй, өөрөө болон харьяа ажилтан, албан хаагчид нь ажлын байрыг эзэнгүй орхих, шалтгаангүй олон хоног ажил тасалсан ч цаг ашиглалтын бүртгэлийг хуурамч байдлаар нөхөн үйлдэж, төсвийн мөнгийг завшиж, цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг бүрэн авч, төсвийг буруу зарцуулдаг, нэг удаагийн томилолтыг санхүүд 2 удаа өгч илүү мөнгө завшсан зэрэг нь санхүүгийн баримтаар тогтоогдсон.

3.5  Нэхэмжлэгч дээрх байдлаар удаа дараа зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэг талыг баримталсан, хууль бус шийдвэр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            3. Маргаан бүхий үйл баримтын хувьд,

3.1. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч Х.Сийг удаа дараа ажилдаа ирдэггүй, тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, цаг ашиглалтын бүртгэлийг хуурамч байдлаар нөхөн үйлдэж, төсвийн мөнгийг завшиж, цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг бүрэн авч, төсвийг буруу зарцуулдаг зэрэг хэд хэдэн зөрчлийг үргэлжилсэн хугацаанд гаргасан гэх үндэслэлээр Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Сумын Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1 тоот Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.8, 4.3.14 дүгээр заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 2.3-т заасныг тус тус үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

            3.2. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, “...надад гаргасан алдаа дутагдал зөрчил байхгүй”, “...ялимгүй зүйлийг шалтаглаж ажлаас хална гэх болсон” зэрэг үндэслэлээр маргасан.

4.  Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сард ажиллавал зохих 19 өдөрт ажилласан, тухайн сарын цалинг түүнд бүрэн олгосон нь хэрэгт авагдсан ... нотлох баримтаар тогтоогдсон ..., нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсныг нотлох баримт байхгүйгээс гадна нэхэмжлэгч нь Үндэсний их баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах үед удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгавар биелүүлээгүй нь тодорхой бус, энэ үйл баримтын талаар хариуцагч шүүхэд мөн нотолж чадаагүй...” гэх зэрэг дүгнэлтүүдийг өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” хэмээн заасан.

             Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийг шалган тогтоосны үндсэн дээр тухайн тогтоогдсон зөрчлийн шинж чанар, учирсан хохирол, давтамж зэргийг харгалзан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.5-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулах бүрэн эрхтэй.

6. Тухайн тохиолдолд, хариуцагч Алтай сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжаар, нэхэмжлэгчийг удаа дараа ажилдаа ирдэггүй, тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, цаг ашиглалтын бүртгэлийг хуурамч байдлаар нөхөн үйлдэж, төсвийн мөнгийг завшиж, цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг бүрэн авч, төсвийг буруу зарцуулдаг зэрэг хэд хэдэн зөрчлийг үргэлжилсэн хугацаанд гаргасан учир албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн тайлбарлах боловч дурдсан зөрчлүүдийг нэг бүрчлэн шалган тогтоохтой холбоотой ямар ажиллагааг явуулсан болох нь тодорхойгүй, захиргааны үйл ажиллагааг баримтжуулаагүй.

Тухайлбал, “төсвийг үр ашиггүй зарцуулсан” болон “зориулалтын дагуу зарцуулаагүй” гэх зөрчлийг санхүүгийн болон дотоод хяналт шалгалтаар тогтоосон эсэх, “цаг ашиглалтын мэдээлэл хангалтгүй, бүрэн бус, бүртгэлийг хуурамч байдлаар нөхөн үйлдсэн” зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч тухайн зөрчил нь ямар хугацаанд хамаарах зөрчил болох, түүнийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байгаа нь захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай хэргийн нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээх тухай Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтад нийцэхгүй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны “Хариуцлага тооцож, хариу ирүүлэх тухай” 1-01/1287 дугаар албан бичгийн дагуу Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн гэх боловч маргаан бүхий захиргааны актад ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний гэрээг дуусгавар болгох зохицуулалтыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй байна.

7. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хуульд заасан журмын дагуу шалган тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг  дахин шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8. Үүнтэй холбогдуулан хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захирамж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гартал 1 сарын хугацааг түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, шийдвэрийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Ц.ОДМАА

 

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА