Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгч Ж.Бямбажаргал, Ч.Дамдин

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нарт холбогдох 201616010115 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ВСЕ ангиллын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1 дүгээр баг, Ноёдын 62 тоотод оршин суудаг, “Монпорт” ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт Жаргалсайханы Бямбажаргал РД:ТГ90102411,

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, ВСЕ ангиллын жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 04-р хороо, Рашаантын 18-2 тоотод оршин суудаг, “Грийнланд” ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулуунбаатарын Дамдин РД:УГ87020411,           

Үйлдсэн хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Даян” караокены гадаа хохирогч Н.Лувсандагватай “миний түрийвчийг чиний машинд суусан хүмүүс авсан” гэх зэргээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 17-25 ӨВР улсын дугаартай королла /corolla/ маркийн тээврийн хэрэгслийн урд хойд салхины шилийг чулуугаар цохиж хагалан Н.Лувсандагвад 300,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бямбажаргал мэдүүлэхдээ:“Дамдин бид хоёр “Даян” гэх карокед 2 шил архи уусан бөгөөд төлбөрийг Дамдин хийх гэж байсан. Би хамт төлөлцөх санаатай түрийвчээ үзтэл миний түрийвч байхгүй байсан. Тухайн үед тэр караокеноос 3 залуу гарч явсан бөгөөд тэр 3 залууг авчихлаа гэж бодоод гарсан. Тэр үед королла /corolla/ маркийн машин хөдлөөд явж байсан учир би жолоочоос нь караокеноос гарсан залуус машинд чинь байна уу? миний түрийвчийг авсан бол өгчхөө миний хувьд үнэ цэнэтэй зүйл байгаа гэж хэлэхэд мэдэхгүй гэж хэлээд хөдөлсөн. Би зогсож бай гээд машины урд шилийг цохисон. Дараа нь Дамдин гарч ирээд түрийвч чинь байна уу? гээд чулуу аваад шидсэн бөгөөд машины арын шилийг хагалсан. Тэгээд цагдаа нар ирж бид хоёрыг барьсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дамдин мэдүүлэхдээ:“Бямбажаргал бид хоёр “Даян” гэх караокед орж 2 шил 0.5 граммын архи хувааж ууж дуусгаад тооцоогоо хийх гэсэн боловч Бямбажаргалын түрийвч нь байхгүй байсан. Хажууд сууж байсан залуучууд авчихлаа гээд Бямбажаргал түрүүлээд гарсан бөгөөд би тооцоогоо хийж дуусаад араас нь гарсан. Тухайн үед тэр машин хөдлөөд явсан бөгөөд би ардаас нь чулуу шидсэн учир машины цонхыг хагалсан” гэв.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8, 17-18, 20 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Лувсандагвын өгсөн:”...би хувиараа таксинд явдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед шиг санаж байна уурхайчин хорооллоос гурван хүн Даян караоке руу хүргүүлсэн юм. ...караокены гадна буулгачхаад машинаа асааж зогсоолоос ухраад гарах гэж байтал караокены үүдэнд байсан нэг бүдүүн залуу хүрч ирээд зогс гээд бас юм яриад байхаар нь би сайн ойлголгүй арагшаа ухарч байтал нөгөө залуу гараараа миний машины урд салхины шил рүү цохичихсон. Би ч согтуу хүн яршигдаа гэж бодоод цаашаа хөдлөөд явтал тэр залуугийн хажууд нь байсан залуу мөн газраас чулуу авч шидээд чулуу нь миний машины арын шилийг онож хагалчихсан. ...тэр залуу миний түрүүвчийг чиний машинд суусан хүмүүс авчихсан байна тэр хүмүүс хаана байна гээд намайг заамдаж аваад б айсан. ...тэр хоёр залуу хүн хайж байгаад миний машинд суучихсан гэж бодсон юм шиг байна лээ. ...би тэр хоёрыг танихгүй хүмүүс байсан. Намайг бол зодож цохиогүй.... тэр хоёрын Бямбажаргал нь миний машины урд талын салхины шилийг гараараа цохиж, Дамдин нь хойд талын салхины шилийг чулуугаар цохиж хагалсан... миний зүгээс Ч.Дамдин, Ж.Бямбажаргал нарт гомдол санал байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Даваажаргалын өгсөн:”...Гантөмөр бид хоёр таксинд суун явсаар Даян караокены гадна таксинаас буух үед нэг согтуу залуу баарны үүднээс таксируу хүрч ирээд ямар шалтгааны улмаас цохисныг би ойлгоогүй машины урд талын шилийг нь цохиод хагалчихсан таксины жолооч ах машинаа ухраагаад цаашаа явтал тэнд зогсож байсан нөгөө нэг залуу нь чулуу авч шидээд таксины арын шилийг мөн хагалчихсан тэгээд Гантөмөр бид хоёр тэндээс явсан. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Азжаргалын өгсөн:”...Би Даян караокег ажиллуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой караокегоо хаачхаад ...гадаа хүмүүс маргалдах чимээ гарахаар нь цонхоор хартал караокены гадна 17-25 ӨВР гэсэн дугаартай суудлын автомашин зогсоолоос арагшаа ухраад явсан. Түүний ар талаас нэг хүн гартаа байсан чулууг авч шидээд цонхыг нь хагалчихсан. Тэгээд машины жолооч нь машинаасаа гарч ирээд тэнд байсан машины шилийг хагалсан хүн бас хажууд нь байсан нэг хүнтэй уулзаад маргалдаад байх шиг байсан. Түүнээс хойш удалгүй цагдаа нар ирээд тэр хүмүүсийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гантөмөрийн өгсөн:”...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Цогтцэций сумын төвд байх гэртээ байж байгаад 00 цагийн үед найз Даваажаргалын хамт гадагшаа гарахаар дуудлагын такси дуудсан юм. Удалгүй такси ирээд бид хоёр тэр таксинд гэрээсээ сууж явсаар Цогтцэций сумын төвд байрлах Даян гэдэг караокены гадна очиж зогстол караокеноос гарч ирсэн нэг залуу таксины жолоочтой юм ярьж байснаа муудалцаад байх шиг байсан. Даваажаргал бид хоёр тэр таксинаас буугаад явах үед жолооч машинаа арагш нь ухраатал нөгөө залуу машины урд талын шилийг цохиод хагалчих шиг болсон. Машин зогсолгүй цаашаа хөдөлтөл машины ард талд зогсож байсан залуу нь мөн л машины арын шилийг хагалсан. Яг юугаар цохисныг би хараагүй Даваажаргал бид хоёр тэндээс яваад өгсөн. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Наранбатын өгсөн:”...Би Бямбажаргал, Дамдин нартай найз нөхдийн холбоотой байдаг юм. Ж.Бямбажаргал нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Зан чанарын хувьд гэвэл даруу төлөв зантай, хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй, ажилсаг хүн байгаа юм. Ч.Дамдин ч гэсэн зан чанарын хувьд төлөв даруу, ажилсаг сайн залуу байгаа юм. Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэр бүлээ тэжээх гээд л зүтгэж байгаа жирийн залуучууд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Баярцэцэгийн өгсөн:”...Бямбажаргал, Дамдин хоёрыг согтуу байхыг нь хараагүй. Тэр бүр архи уугаад байдаггүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Очирсүхийн өгсөн:”... Би Дамдинтай садан төрлийн холбоотой юм. Дамдин маань эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Зан чанарын хувьд гэвэл даруу төлөв зантай хүнд тусархуу элдэв муу зуршилгүй ажилсаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №27/01 дугаартай “...урд салхины шил 140,000, хойд салхины шил 160,000 төгрөгийн үнэтэй” дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

Хохирогч Н.Лувсандагвын эзэмшлийн 17-25 ӨВР улсын дугаартай королла /corolla/ маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Дамдины ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Бямбажаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Дамдингийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-60 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Бямбажаргалын урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /61-63 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн №1/386, №1/393, №1/383, №1/389 дугаартай албан тоотууд /хх-ийн 68-70,72 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Дамдины иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Бямбажаргалын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 73 дугаар хуудас/

Арилжааны банкуудаас авсан лавлагаа /хх-ийн 76-80, 82-86 дугаар хуудас/

Хохирогч Н.Лувсандагвын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирол төлбөргүй тухай баримт /хх-ийн 88 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сургалтын менежерийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн шүүгдэгч Ж.Бямбажаргалын талаарх тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Бямбажаргалын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хүн Б.Хандмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 90-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Дамдины мэргэжлийн боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, гадаад пасспортын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, түүний гэр бүлийн хүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-93-94, 96-97 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Даян караокены үүдэнд иргэн Н.Лувсандагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 17-25 ӨВР улсын дугаартай королла /Corolla/ маркийн тээврийн хэрэгслийн урд хойд салхины шилийг гараараа болон чулуугаар цохин хагалж Н.Лувсандагвад 300,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 9х11 см хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Хохирогч Н.Лувсандагва нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Дамдин нь урьд 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялтай байдлын хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Ж.Бямбажаргал нь урьд 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдлын хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар, бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэдэнд оногдуулах хорих ялыг тэнсэж, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бичээч овогт Жаргалсайханы Бямбажаргал, Боржигон овогт Чулуунбаатарын Дамдин нарыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бямбажаргалыг 1 /нэг/ жил, Ч.Дамдинг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Бямбажаргалд оногдуулсан 1 /нэг/ жил, Ч.Дамдинд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Бямбажаргалд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт, Ч.Дамдинд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Ж.Бямбажаргал, Ч.Дамдин нарт сануулсугай.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО