Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Д.О- /РД:ЗЮ65032668/-гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1965 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байна. Улсад 30 жил ажилласан. Үүнээс 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгчөөр ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр дээр ажлаас чөлөөлсөн байгууллагыг “Зоог” гуанзанд ажилласан тушаал гарч зөрүүтэй бичигдсэн. Иймд 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгчөөр ажилллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.О-д Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудын бичилт байгаа боловч 1991.11.01-ний өдрийн “Аж ахуйн нэгжийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр Тулга хоршооны мэдэлд шилжүүлэхдээ “Зоог” гуанзны даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалаар гэж бичсэн нь зөрчилтэй байгаа гэх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.03.24-ний өдрийн 217 тоот “Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Дашбал овогтой Отгонтуяагийн 1985 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй тул 1987.04.06-1991.11.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар тал/, Архивын тасгийн 2020.03.26-ны өдрийн 237 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд 1983 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зөөгчөөр ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Дашбал овогтой Отгонтуяатай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр тал/, Татварын хэлтсийн 2020.03.25-ны өдрийн 08/371 тоот “Худалдаа нийтийн хоолны трест нь 1990 оны 8 дугаар сарын 13-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 дугаар сарын 26-нд “Тулга” ББХ хоршоо, 1994 оны 2 дугаар сарын 03-нд “Ундрам” ББХК болон өөрчлөгдсөн бөгөөд 1996 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн “Ундраммандал” ХХК болон үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлт /хх-5 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Д.О-гийн 1983 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан хугацааны ажилд томилсон, өөр газар шилжүүлсэн ба ажлаас чөлөөлсөн тухай мэдээний бичилт хийгдэж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан Д.О-д Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас 1985 оны  4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-6-8 дугаар тал/

- Д.О-д 1989 оны 1-12 сард олгосон цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11 дүгээр тал/

- Гэрч Ц.Дагийсүрэнгийн “...Д.О- нь 1987 оны 7 сард аравдугаар ангиа төгсөөд Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр ажилд орсон. Д.О- нь Дэлгэрхангай ресторанд 1991 оны 11 сар хүртэл тасралтгүй зөөгчөөр ажилласан. Дэлгэрхангай ресторан нь эхлээд Хөх тэнгэр нэртэй байж байгаад Дэлгэрхангай ресторан болсон. Дэлгэрхангай нэрээрээ л явдаг. Би Дэлгэрхангай ресторанд 1983 оны 8 сараас 2003 он хүртэл тасралтгүйгээр ээлжийн тогооч, ахлах тогоочийн ажил эрхэлсэн хүн гэв....” гэх мэдүүлэг /хх-16 дугаар тал/, гэрч Д.Алтансүхийн “...Д.О- нь намайг 1986 онд техник мэргэжлийн сургууль төгсөөд Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр ажилд ороход зөөгч хийдэг байсан. Би Д.О-г 1991 онд зөөгч байсан талаар нь мэднэ. 1992 онд байсан эсэх талаар нь мэдэхгүй. Би 1999 он дуустал Дэлгэрхангай ресторанд ажилласан. Дэлгэрхангай ресторан нь бүтэц өөрчлөгдөөд Худалдаа, нийтийн хоолны трест болон Жаргалан хоршооны харьяа гэж явдаг байсан. Дэлгэрхангай гэдэг нэр нь намайг ажилд орсноос хойш өөрчлөгдөөгүй. 1999 онд намайг ажлаасаа гарахад ч Дэлгэрхангай гэдэг нэрээрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгчөөр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О-г 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ