Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­57 

 

 

 

  

 

 

    2023 оны  04 са рын17 өдөр                                  Дуга  2023/ШЦТ/­­­­57                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С Б холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “Талын цэнхэг трейд” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 18 дугаар баг Хөтөл хороолол 9 дүгээр гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт С Б /РД:/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О өгсөн “... би 2022 оны 03 дугаар сараас Эрдэнэс Таван толгой ХК-аас Цагаанхад руу нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг Хүн Эрдэнэ хөгжил ХХК-ийн жолооч ажилтай миний бие 2023 оны 01 дүгээр сарны 05-ны өдөр Цагаанхад суурьшлын бүсэд нүүрс буулгах гэж очоод нүүрс буулгах талбай дээр машинаа зогсоож нүүрс ачаатай чиргүүлийн хаалгаа өөрсдөө нээж өгөөд ковш ирж буулгадаг юм. Тэгээд ковш жолоодож байсан Сайхнаа гэх залуу нүүрс буулгах гэж байгаад жолоочийн талын чиргүүлийн урдаасаа 2 дахь хаалгыг ковшийн шанаганы ирмэг хэсгээр шүргэж хаалганы нугас хэсэг болон хаалганы хэсгийг эвдэлчихээр нь би чи болгоомжтой ажил наад хаалгаа эвдэлчихлээ гэсэн чинь заа ахаа гээд нүүрсээ буулгаж байгаад нөгөө талын хаалганы мөн нугас хэсэг рүү ковшийн шанагаар шүргэж мөргөөд мөн нугасыг нь салгасан тэгэхээр нь би ковшийн жолооч Сайхнаа гэгчид хандаж чи 2 хаалга эвдэлчихлээ наад 2 хаалгаа янзалж өг гэсэн чинь би энэ талаар сайхан мэдэхгүй байна манай ахлах мэднэ би ахлахыг дуудъя та уулзаад наад хаалгаа засуул гэсэн тэгээд би Сайханаа гэх залуугийн жолоодож явсан ковшийн кабины жолооч талын хаалганы хажууд хажуу бариулаас түшээд зогсож байсан чинь ахлах нь гээд танихгүй нэг залуу миний зогсож байсан ковшийн хажуугаар шахаж орж зогсоод тэр залуу ковшоос ирээд миний зогсож байсан ковш нь дээр ирж чи муу наад хүнийхээ ажлыг хийлгээч гээд намайг заамдаж аваад зогсож байсан хоёр ковшийн гол руу аваад шидсэн тэгээд миний дээрээс тэр танихгүй залуу миний дээр унаж тэгээд би нусан газраасаа босож чадахгүй хэвтэж байсан чинь тэр залуу босож ирээд намайг газраас татаж өөр лүүгээ ойртуулж байгаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон тэгэхээр нь би тэр танихгүй залууд хандаж чи иймхэн асуудлаас болж хүн зодож байгаа юм уу гэсэн чинь тэгж байна чи муу зайл гээд хэл амаар доромжлоод байхаар нь би машин руугаа алхаж очоод цагдаа дуудсан тэгээд цагдаа ирж уулзаж миний баруун гарын мөр хэсгээр өвдөөд машин араагаа сольж чадахгүй гар хөдөлж болохгүй болохоор нь эхнэрээ дуудаж аймагт ирсэн юм...Миний бие эрх чөлөөнд гар хүрч зодсон хүнийг би урьд өмнө нь харж байгаагүй. Манай нүүрс буулгадаг Санкэ гэх газарт ковшийн жолооч ажил эрхэлдэг юм шиг байна лээ...Миний хувьд Сайханаа гэх залуутай маргалдаж, зодолдсон зүйл байхгүй би Сайханаа гэх залууд чиргүүлийн хаалга эвдэлчихлээ гэсэн чинь манай ахлах мэднэ гэсэн ахлах гэх тэр залуу ирээд үг хэлэх завдалгүй л загнаад хараагаад шууд миний бид халдаж ковш нь дээрээс унагааж нэг удаа нүүр хэсэг рүү цохисон...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Аймгийн бүсийн оношилгооны төвд биеэ үзүүлсэн миний бие тэр новшноос унаснаас хойш баруун гарын мөр хэсэг их өвдөж баруун гар тэр чигтээ хөдөлж болохгүй байсан би гэмтлийн эмчид гараа үзүүлсэн баруун гарын мөрний холбоос тасарсан байна гэсэн өөр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй...Миний зүгээс гомдолтой тэр залуу миний бие эрх чөлөөнд халдаагүй бол би ажлаа хийгээд жолоогоо бариад явж байх байсан одоогоор миний баруун гар хөдөлж болохгүй байгаа тэр хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч Д.О 2023.03.14-ний өдрийн дахин өгсөн “... нордбенз маркийн 25-69 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нүүрс ачих буулгах "Талын цэнхэр трейд" ХХК-ийн талбай дээр нүүрс буулгаад чиргүүлийн хаалгаа нээгээд бариад зогсож байтал С гэх нэртэй ковшийн жолооч залуу миний машины чиргүүлийн хаалгыг эвдэлсэн тэгээд би очоод уулзаад болгоомжтой ажиллаа ч хаалга эвдчихлээ гэсэн тэгээд би эргэж ирээд нөгөө талын хаалгаа бариад зогсож байтал нөгөө залуу дахиад нөгөө талын хаалгыг ковшийн шанагаар эвдэлсэн тэгээд би уурлаад хоёр хаалга эвдэлчихлээ хаалга янзалж хохиролгүй болгож өг гэсэн. Тэгсэн нөгөө залуу би сайн мэдэхгүй байна. Би даргад хэлнэ гээд утсаар нэг хүн дуудсан тэгсэн. Нэг ковштой залуу ирсэн. Тэгээд тэр залууг Б гэдэг хүн гэсэн. Б таны хаалганд нээх сүртэй эвдрэл алга энэ юу ч биш хүмүүсийн хаалга салаад унасан байхад машин дээрээ ачуулаад аваад гардаг юм сүртэй писда вэ зайлаач энэ тэр гээд хараалын үг хэлээд байсан тэгээд намайг харааж байснаа яваад өгсөн. Тэгэхээр нь би С гэх залуугийн ковшийн кабины хажууд тавцан дээр гарч зогсоод энийгээ янзалж өг янзалж өгтөл би гарахгүй гэсэн тэгсэн С ахиад Б гэх хүн рүү утасдаад энэ хүн хохирлоо барагдуулна гэж байна гэж хэлсэн тэгсэн нөгөө хүн шууд ковштойгоо давхиж ирээд тулж зогсоод бууж ирээд зайлаач сүртэй писда вэ гээд гуд татаж намайг ковшийн тавцан дээрээс татаж унагасан. Би газарт унаад амьсгаа авч чадахгүй хэвтэж байтал Б бааштай писда вэ зайлаач гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд яваад өгсөн. Би босож ирээд цагдаа дуудсан...Б гэх залуу намайг ковшийн кабины хажууд тавцан дээрээс татаж чирч унагасан уг үйлдлийн улмаас миний баруун мөрний холбоос тасарсан. Миний зүүн талын хацар шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон уг үйлдлийн улмаас ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...Б надад хохирол төлбөр эмчилгээний зардалд нийт 4 сая төгрөг өгсөн...Би Б ямар нэгэн маргаан байхгүй. Надад бол уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Даланзадгад суманд өвчтэй хүүхдээ хараад сахиур хийж байгаа. Би шүүх хуралдаанд суухгүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Талын Цэнхэг трейд ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хашаанд нүүрс тээврийн машины нүүрс буулгаж байх явцад нүүрс тээврийн машин жолоодож явсан Ж.О гэдэг хүний чиргүүлийн хаалганы нэг нугас ковшийн шанагаар эвдэлчихсэн юм. Тэгээд байж байтал Ж.О чиргүүлийн нугас янзалж өг хариуцсан дарга цэргээ дууд гээд байхаар нь би С.Б болсон зүйлийн талаар хэлсэн юм. Тэгээд удаагүй байж байтал.С.Б ирж уулзаад байж байгаад буцаж яваад ажлаа хийж байгаад буцаж ирээд байж байхад Ж.О нь миний жолоодож явсан ковшийн шатан дээр гараад миний чиргүүлийн түгжээ янзлах мөнгө өгөөд ажлаа хий гээд байж байтал С.Б буцаж ирээд Ж.О гэдэг хүнийг заамдаж аваад ковшийн шатан дээрээс татаж буулгахад тэр хоёр хамт газарт унаад босож ирээд цагдаад хэлнэ гэж байгаад Ж.О нүүрс тээврийн машин дээрээ очиж байгаа харагдсан. Тэгээд би ковшоо жолоодож ажлаа хийсэн юм...Цохиж зодсон зүйл байхгүй миний жолоодож явсан ковшийн шатан дээрээс заамдаж татаж буулгасан юм...Тухайн үед би байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Ж.О биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Б өгсөн “... би Ж.О 4.000.000 төгрөг, нүүрс тээврийн машины нугасны мөнгө 30.000 төгрөг өгч хохирол барагдуулсан... Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

  Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч С.Б гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.О эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О учирсан 4,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Б нь төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 70 дахь тал/ 

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч С.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 51 дэх тал/  

   Иймд шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч С. нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Ж.О эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ямар нэг гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Батнасангийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ