| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00344/и |
| Дугаар | 331 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 331
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: "Г" ХЗХ-ны нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.Ц нь зээл авах үедээ Дундговь аймаг Гурвансайхан сум 2 дугаар баг, Дэрсэнэ-Ус гэсэн албан ёсны хаягтай, хамтран зээлдэгч Б.А нь зээл авах үед Дундговь аймаг, Сайнцагаан сум, 3 дугаар баг, Далай гэсэн албан ёсны хаягтай ба Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, 141 дүгээр байрны 3 тоотод түр оршин суудаг байсан. Зээлдэгч нар нь ЗГ/5075 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй 2020 оны 4 дүгээр сарын 7-ны байдлаар 583 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн анкет дээр шаардлагатай хүмүүсийн утасны дугаар буюу нөхөр, ээжийнх нь дугаарыг тэмдэглэсэн боловч бүртгэлтэй дугаарууд нь бүгд холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй гэсэн хариу өгдөг. Одоо түүний оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Э.Ц, Б.А нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Г" ХЗХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц, Б.А нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц нь Дундговь аймгийн Гурвансайхан сум, 2 дугаар баг, Дэрсэнэ ус, Б.А нь Дундговь аймаг, Сайнцагаан сум, 3 дугаар баг, Далай гэх хаягт тус тус бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.А, Э.Ц нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.А, Э.Ц нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох үүргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ