| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00339/и |
| Дугаар | 332 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 332
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Э- /РД:ЗЙ69090905 /-ийн нэхэмжлэлтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.С-той 1985 оны 3 дугаар сард танилцаж 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Бид Өндөршил сумын төвөөс хойд зүгт “Билүүт” нэртэй газарт мал маллаж амьдарч байсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нөхөр маань гэнэтийн өвчний улмаас нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Миний бие өндөр насны тэтгэврийг малчны нөхцөлөөр тогтоолгох гэтэл талийгаачтай гэрлэлтийн баталгаа байхгүй тул мал маллаж байсан маань тогтоогдохгүй байна. Иймд 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Г.С-той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э- нь Г.С-той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Э- нь Г.С-той гэрлэлтээ бүртгүүлээгүй, 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан ба тэдний дундаас Б.Э-гийн нэрээр овоглосон 1986.06.28-ны өдөр хүү Э.Ганбаяр, 1990.06.14-нйи өдөр хүү Э.Ганхуяг, 1993.04.09-ний өдөр хүү Э.Гантулга нарыг төрүүлсэн болох нь Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 84 тоот албан бичиг /хх-4 дүгээр хуудас/, Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 104/000172, 104/000170, 104/000171 тоот төрсний бүртгэлийн лавлагаанууд /хх14-16 дугаар хуудас/, гэрч Д.Чулуунцэцэг, Д.Оргодол, Ш.Тунгалагтуяа нарын мэдүүлэг /хх-9-10, 11, 13 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б.Э, Г.С нарыг 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ