| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00345/и |
| Дугаар | 333 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 333
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: М.С-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 20 жил ажилласан. Үүнээс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд тэмээ маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн цэсүүд зэрэг баримтыг үндэслэн 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд тэмээчнээр тасралтгүй 4 жил 4 сар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
М.С-т Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болон 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон тушаалын бичилт байгаа боловч уг тушаал нь архивт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.08-ны өдрийн 246 тоот “Өлзийт сумын 3 дугаар багийн иргэн Муунохой овогтой Саранчимэгийн 1990, 1980 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй тул 1989.01.01-1993.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар тал/, Архивын тасгийн 2020.04.09-ний өдрийн 270 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1988 оны 8 сараас 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Муунохой овогтой Саранчимэгтэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр тал/, Татварын хэлтсийн 2020.04.08-ны өдрийн 08/429 тоот “Өлзийт сумын "II таван жил" нэгдэл нь 1956 оны 2 дугаар сарын 13-нд байгуулагдсан. 1992 оны 2 дугаар сарын 17-нд "II таван жил" ХК, 1994 оны 5 дугаар сарын 10-нд “Мөнхрөх” ББХКомпани, 1996 оны 2 дугаар сарын 14-нд “Гэсрээ” ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлт /хх-5 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан М.С-т Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон “1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Тагт бригадад илгээлтийн малчин” гэх ажилд томилсон тушаалын он, сар, өдөр, дугаар бичигдэж тамга дарагдаагүй бичилттэй, 1990 оны 1-12 дугаар сар хүртэл хугацааны ажилласан хоног, үндсэн хөлсийг бичиж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр /хх-6-7 дугаар тал/
- М.С-т Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон 1991-1992 оныг дуустал ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөлсийг олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр /хх-8 дугаар тал/
- Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газраас олгосон Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлийн Тагт бригадад мал маллаж байсан М.С-ийн цалингийн тодорхойлолт /хх-9 дүгээр тал/
- Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын 2020.04.06-ны өдрийн 02/112 тоот “Тус сумын 3 дугаар багийн иргэн М.С- нь тус сумын "II таван жил" нэгдлийн Тагт бригадад 1989 оны 1 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ийг дуустал, 1991 оны 3, 4, 7, 8 дугаар сар, 1992 оны 1, 4, 6, 7, 8, 9 дүгээр саруудад мал маллаж байсан цалин хөлсний баримт материал цалингийн тооцооны хүснэгт 19 хуудас баримтыг Засаг даргын Тамгын газрын Архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-10 дугаар тал/,
- Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлийн Тагт бригадын 1989 оны 1-8, 10 дугаар сар, 1991 оны 3, 4, 7, 8 дугаар сар, 1992 оны 1, 4, 6, 7, 8, 9 дүгээр саруудын М.Ст олгосон цалингийн тооцооны хүснэгт /хх-11-48 дугаар тал/
- Гэрч Ц.Хүүхэнтогоогийн “...М.С нь 1988 оны 8 сараас 1992 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд Тагт бригадад тэмээчнээр ажиллаж байсан. М.С нь одоог хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт мал малладаг хүн. Би Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдлийн Тагт бригадад 1968-1973 онуудад тэмээчнээр ажиллаж байгаад 1973-1976 он хүртэл цэргийн алба хаагаад 1976-1992 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд тэмээчнээр, 1992-2000 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажилласан хүн...” гэх мэдүүлэг /хх-60 дугаар тал/, гэрч Ж.Батнасангийн “...М.С нь Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд Тагт бригадад 1988 оноос 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан. М.С нь тэмээ малладаг байсан. М.С нь Хулж гэх газарт нутагладаг байсан. Би 1965 оноос нэгдэл тартал Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд Тагт бригадад тэмээ маллаж малчнаар ажилласан. Би тэтгэвэрт гартлаа тэмээ малласан хүн...” гэх мэдүүлэг /хх-61 дүгээр тал/, гэрч М.Оюунсүрэнгийн “...М.С нь 1988 оноос эхлээд нэгдэл тартал Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд Тагт бригадад мал малласан хүн. М.С нь одоог хүртэл мал малладаг хүн. М.Сийнх Хулж гэх газар нутагладаг байсан. Манайх Дэл хөнжил гэх газар нутагладаг байсан. Би 1984 оноос Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдэлд нэгдэл тартал малчнаар ажилласан. Би 2005 он хүртэл мал малласан хүн...” гэх мэдүүлэг /хх-62 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.С-ийг 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ