Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх шүүхэд 192 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд малчин, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ч одоо шүүхээд ажилласан жил тогтоох шаардлагагүй харин надад 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Угтаал сумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн миний овог Бадамсүрэн байтал овог “Гомбодорж” гэж буруу овгоор гарсан гэсэн зөрчилтэй гэсэн тул ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болгож өөрчилж байна. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э- нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Б.Э-ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овгийг “Бадамсүрэн” гэж дурьдсан байна.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нэгдлээс 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээрх “Гомбодорж” гэсэн овог нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн овогтой тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Бадамсүрэнгийн Энхмандал мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 104/000165 дугаартай төрсний бүртгэлийн “...эцгийн нэр Падтогтохын Бадамсүрэн, эхийн нэр Гүндмаагийн Нина” гэх лавлагаа,

- “Чоймбалын Гомбодорж, Гүндмаагийн Нина нарыг 1971 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1976 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэв” гэх гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б.Э- мөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г.Э-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б.Э- мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ