Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ц.Г-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г- миний бие 1964 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 56 нас хүрч байгаа, улсад 36 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 1981.01.01-1991.01.01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадад хоньчноор ажиллаж байсан. Үүнийг нотлох Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй тул ажиллаж байсан жилийг шүүхээр тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ц.Г-ийн 1981-1991 онуудад ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.03.31-ний өдрийн 234 тоот “Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн иргэн Цагаанбанди овогтой Ганцогийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй тул 1981.01.01-1991.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-4 дүгээр тал/, Архивын тасгийн 2020.04.03-ны өдрийн 258 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 сараас 1991 оны 1 дүгээр сарын 01-ийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Цагаанбанди овогтой Ганцогтой холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-5 дугаар тал/, Татварын хэлтсийн 2020.04.02-ны өдрийн 08/412 тоот “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1955 оны 8 дугаар сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд "Хөгжил" хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлт /хх-6 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон “Нэгдлийн даргын 1980.01.15-ны 4 тоот тушаалаар 1980.01.01-ний өдрөөс Тэнгэлэг бригадад малчнаар” гэх бичилт бүхий Хөгжил нэгдлийн тамга дарсан байх ба тус дэвтэр түүний 1981-1985 оныг дуустал хугацаанд ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсний бичилт бичигдсэн ба тамга дарж баталгаажуулаагүй байна. Мөн 1986 оны 1 сараас 2 дугаар сарыг дуустал, 7 дугаар сарын ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсний бичилт, 1987 оны 11-12 дугаар сарыг дуустал, 1988 оны 1 сараас 4 дүгээр сарыг дуустал, 6 сар, 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1989 оны 1 сараас 4 дүгээр сарыг дуустал, 1990 оны 1 сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсний бичилт бүхий Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 7 жил 5 сар ажилласнаар тооцож тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр /хх-7 дугаар тал/

- Гэрч С.Лхагваагийн “...Ц.Г- нь 1981 оноос 1991 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Тэнгэлэг бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Г- нь бага мал малладаг байсан. Миний нөхөр Пүрэв нь 1980 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадад бригадын даргаар ажилласан. Би тухайн үед ажил эрхэлж байгаагүй. Ц.Г-той хааяа суман дээр таараад юу хийж байгаа вэ гэж асуухад мал маллаж байгаа гэдэг байсан. Ц.Г- нь нэлээд сүүлд Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-11 дүгээр тал/, гэрч Б.Лхагвацэрэнгийн “...Ц.Г- нь 1980 оноос 1991 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Тэнгэлэг бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Г- нь бага мал малладаг байсан. Ц.Г- нь Өлзийтийн гол гэх газар нутагладаг байсан. Би 1983 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Манай хөдөө гэр буюу эцэг, эх, ах дүү нар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадын Өлзийтийн гол гэх газар нутагладаг байсан учраас би Ганцогийг малчнаар ажиллаж байсан талаар нь мэднэ. Ц.Г- нь Тэнгэлэг бригадын агент хийдэг байсан. Агентаар 1, 2 жил л ажилласан санагдаж байна. Агент хийж байгаад нэгдэл тараад сумын төв дээр очиж ажилласан. Ц.Г-ийн нөхөр нь одоог хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд мал малладаг...” гэх мэдүүлэг /хх-12 дугаар тал/, гэрч Н.Чанцалсүрэнгийн “...Ц.Г- нь хөдөлмөрийн баатар Ичинхорлоогийн төрсөн ах Цагаанбандийн охин. Эх нь Ичинхорлоо гэж хүн байсан. Ц.Г- нь наймдугаар анги төгсөөд малчин болсон юм билээ. Ц.Г- нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд Тэнгэлэг бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажилладаг байсан. Дандаа хонь малладаг байсан. Ц.Г- нь нэгдэл тартал малчин байсан хүн. Би Дундговь аймгийн намын хорооны захиргаанд 1980 оноос ажиллаж байгаад 1987 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын намын хорооны даргаар ажилласан хүн. Тэгээд 1994 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажилласан хүн. Ц.Г- нь 1992 оноос Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажилд ороод Тэнгэлэг бригадынхаа агентаар ажилладаг болсон. Ц.Г- нь сүүлдээ сумын төвд худалдагчаар ажилласан. Ц.Г- нь Худалдаа, бэлтгэлийн хоршоонд 10-аад жил худалдагчаар ажилласан хүн...” гэх мэдүүлэг /хх-13 дугаар тал/,

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 112 дугаартай “Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "Хөгжил" нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. Иргэн Ц.Г-ийн сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсны 1982, 1986, 1990 оны цалингийн картыг хуулбарлан олгов” гэх архивын лавлагаа болон хавсралт /хх-14-17 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Г-ийг 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.            

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ