Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1963 онд төрсөн, эрэгтэй, 57 настай, улсад 26 жил ажилласан. Үүнээс Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1979-1989 онд бог мал маллаж байсан. Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад хоньчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн цэсийг үндэслэн 1979.09.01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад хоньчноор ажиллаж байсан үеийн жилийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б- нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн гэх ба түүний 1979.09.01-1989.12.31-ний байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, түүний ажиллаж байсан үеийн ажилд томилсон болох ажлаас чөлөөлсөн тушаал нь архивт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Архивын тасгийн 2020.04.16-ны өдрийн 278 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1979 оны 9 сараас 1989 оны 12 сарыг 31-ийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Цэенпэл овогтой Бямбацогтой холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-3 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08/437 тоот “Дэрэн сумын Найрамдал нэгдэл нь 1991 оны 4 дүгээр сарын 14-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 4 дүгээр сарын 8-нд Найрамдал ББХК, 1996 оны 4 дүгээр сарын 22-нд Наран хөгцтий ХХК болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2003 оны 2 дугаар сарын 25-нд Наран хөгцтий хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлт /хх-4 дүгээр тал/

- Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын Тамгын газрын 2020.04.10-ны өдрийн 27 дугаартай “Тус сумын Бумбат багийн малчин Цэенпэлийн Бямбацог нь 1979-1989 онуудад Дэрэн сумын Найрамдал нэгдэлд ажилласан цалингийн тооцооны дараах материалыг сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй баримтаас хуулбарлан хүргүүлэв. Үүнд: Найрамдал нэгдэл 1979 оны 9,12 сар, 1980 оны 1, 3, 6, 10, 11 сар, 1981 оны 1, 5, 11, 12 сар, 1982 оны 4, 5, 7, 10 сар, 1983 оны 1, 3, 6, 9 сар, 1984 оны 1, 2, 4, 8 сар, 1985 оны 4, 6, 7 сар, 1986 оны 3, 5, 10, 12 сар, 1987 оны 1, 6, 9, 12 сар, 1988 оны 3, 6, 12 сар, 1989 оны 1, 8, 11, 12 сар” гэх албан бичиг болон хавсралт /хх-8-31 дүгээр тал/

- Гэрч Ж.Ичинхоролын “...Би 1982-1989 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчийн ажил эрхэлдэг байсан. Тэгээд 1990 онд манайх аймгийн төвд орж ирсэн. Ц.Б- нь эх дээрээ байсаар байгаад малчин болсон. Яг хэдэн оноос малчин болсон талаар нь мэдэхгүй. Ц.Б- нь сургуульд суугаагүй байх. Хөдөө л мал дээр байдаг байсан. Ц.Б- нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд Бумбат багт бага мал малладаг байсан. Хааяа ирж ноос тушаадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-35 дугаар тал/, гэрч Д.Цэрэнлхамын “...Би 1983 оноос одоог хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын шуудан холбоонд ажиллаж байгаа. Ц.Б- нь эхийн хамт Дундговь аймгийн Дэрэн суманд Найрамдал нэгдэлд Бумбат буюу хоёрдугаар бригадад мал малладаг байсан. Ц.Б- нь багаасаа мал малласан. Ц.Б- нь 1, 2 дугаар ангид л суралцсан байх. Ц.Б- нь манай хөдөө гэртэй айл, саахалт байхдаа Хүрэн дэл, Алтан гадас, Хөх толгой гэх мэт Бумбат бригадаа тойрсон газар нутагладаг байсан. Эхийн хамт мал маллаж байгаад 16 нас хүрээд өөр дээрээ мал авсан байх. Тэгэхээр Ц.Б- нь 1979 оноос хойш Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд мал малласан. Ц.Б- нь бог мал малладаг байсан. Ц.Б- нь насаараа мал малласан, одоог хүртэл Дундговь аймгийн Дэрэн суманд мал маллаж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-37 дугаар тал/, гэрч  Д.Бүдээгийн “...Би 1972 оноос хойш Дундговь аймгийн Дэрэн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 5 жил ажилласан. Сүүлдээ 1997 он хүртэл Дэрэн сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан. Ц.Б- нь эхийн хамт хөдөө байдаг малчин байсан. Ц.Б- нь 1979 оноос 1989 он дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Б- нь Бумбат бригадыг тойроод Алтан гадас, Ажнай гэх газруудаар нутаглаж, бог мал малладаг байсан. Нэгдэл тараад хувийн малтай болсон байх. Ц.Б- нь одоог хүртэл Дэрэн сумандаа мал малладаг...” гэх мэдүүлэг /хх-38 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б- нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Б-ийг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ