Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 05

 

 

 

 

Ж.Нуржанд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Туяа, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Эрдэнэчимэг прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Нуржанд холбогдох эрүүгийн 1936000000173 дугаартай хэргийг хохирогч Б.Жупархан түүний өмгөөлөгч С.Алтай нарын  давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Молхы машан овогт Жомартын Нуржан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 00-44 БӨА улсын дугаартай иргэн М.Мейрамбекийн Ланд ровер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Жупарханы эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Э.Бауыржаны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Молхы машан овогт Жомартын Нуржаныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д  зааснаар шүүгдэгч Молхы машан овогт Жомартын Нуржаны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Нуржанд оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ж.Нуржан нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Нуржаны эзэмшлийн 3 тооны үхэр, 15 тооны хонь, 10 тооны ямаа битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/105 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, шүүгдэгч Ж.Нуржанд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, хохирогч Б.Жупархан, Е.Бауыржан, иргэний нэхэмжлэгч А.Алтынгүл, Б.Бахберген нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ж.Нуржанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж” шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Жупархан түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ослын үед Б.Жупархан нь толгойдоо суурь ясны гэмтэл авч, мөн зүүн талын чих нь тасарч, чихний ар хүзүүний хэсэг газар зулгарч гэмтсэнээс толгойг битүү боосон байхад боолтыг тайлан авч гэмтсэн чихний орчмын арьс, тасарсан чихийг шинжээч эмч Т.Алтайбаатар нь үзэлгүй шууд боолттой толгойг томографт оруулж гарсан толгойн суурь ясны гэмтлийн зургаар толгойн гэмтлийг, шинжээчийн дүгнэлтэд бичээд чих тасарсан, арьс зулгарсан байдлыг болон биед учирсан бусад том, жижиг гэмтлийг үзэлгүй, мөн дүгнэлтэд орхигдуулжээ.

Б.Жупарханы биед ослын улмаас учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй, бүрэн бус бичигдсэн, шинжилгээ хийгдсэн асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн болохоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буюу прокурорт буцааж нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б.Жупарханы биед хүнд гэмтэл учирсантай яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгч маргаагүй.

Иргэний хариуцагч, яллагдагч нар хохирогч нарын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа учир иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Жич нэхэмжлэх эрхтэй шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй учир Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд нэхэмжлэл гаргаад нэхэмжлээд явах боломжтой. Энэ шийтгэх тогтоолтой маргасан асуудал байхгүй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргалаа гээд зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Тиймээс дахин дүгнэлт гаргуулж прокурорт буцаах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Б.Жупархан түүний өмгөөлөгч С.Алтай  нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Шүүгдэгч Ж.Нуржан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 00-44БӨА улсын дугаартай иргэн М.Мейрамбекийн Ланд Ровер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Жупарханы эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Э.Бауыржаны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ж.Нуржаны үйлдлийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан  гэмт  хэргийг  үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

            Шүүх шүүгдэгч Ж.Нуржаныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Ж.Нуржаны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 / нэг / жилийн хугацаагаар хасаж, 08 / найман / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Нуржанд оногдуулсан 08 сарын хорих ялыг 08 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Анхан шатны шүүх   Ж.Нуржанд  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн  2.2, 2.3-д зааснаар  шүүгдэгч Ж.Нуржаны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жил хүртэл хугацаагаар тэнсэнэ гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тусгана гэсэн хуулийн заалтыг бүрэн тусгаагаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Жупарханд уг хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирснаас иргэний хариуцагч М.Мейрамбек нь 580,000 төгрөг төлсөн, цаашид хэдэн төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

            Мөн хохирогч Б.Жупархан түүний өмгөөлөгч С.Алтай нар давж заалдсан гомдолдоо: Авто аваарын ослын үед хохирогч Б.Жупархан нь толгойдоо суурь ясны гэмтэл авч мөн зүүн талын чих нь тасарч, чихний ар хүзүүний хэсэг газар зулгарч гэмтсэнээс толгой нь битүү боодолтой байсан учир  шинжээч эмч миний чихний гэмтлийг  үзээгүй энэ талаар дүгнэлт гаргаагүй гэж маргаж байна.

            Өөрөөр хэлбэл шинжээч эмчийн дүгнэлтэд хохирогч  Б.Жупарханы “зүүн чихний тал хэсэг нь тасарч унасан” гэх гэмтэл дурдагдаагүй талаарх хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул хэрэг анхан шатны шүүхэд очсоны дараа “шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах боломжтой” байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Ж.Нуржанд холбогдох хэргийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан учир хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Нуржанд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.Нуржанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                                         ШҮҮГЧИД                                             Н.ТУЯА

                                                                                                      Б.ДАМБА