| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 117/2025/0017/З |
| Дугаар | 221/МА2026/0264 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0264
С.Б-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч Д аймгийн Ө сумын Засаг дарга
Хамтран хариуцагч Д аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны нэмэгдэл сар бүрийн 40 хувь буюу 5,558,400 төгрөгийг нөхөн олгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 117/ШШ2026/0002 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 117/2025/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д аймгийн Ө сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны нэмэгдэл сар бүрийн 40 хувь буюу 5,558,400 төгрөгийг нөхөн олгуулах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр “Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5, 16.5.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-оос Д аймгийн Ө сумын Засаг дарга, мөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны нэмэгдэл сар бүрийн 40 хувь буюу 5,558,400 төгрөгийг нөхөн олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Орон нутгийн нэмэгдлээ авах талаар дээд албан тушаалтан, ажил олгогч сумын Засаг даргад бичгээр болон амаар хүсэлт гаргаж байсан. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Х.Ш надад шийдвэрлэж хариу өгөөгүй, мөн гэрчээр мэдүүлэг өгсөнд хөтлөгдөн намайг орон нутгийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Би Засаг даргад гаргасан өргөдлөө эх хувийг анхан шатны шүүхэд баримтаар өгсөн байхад өргөдлийг минь ач холбогдол өгөлгүй үрж гээгдүүлсэн үү, эсвэл зориудаар байгууллагын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр ийнхүү худал мэдүүлж байна уу гэдэг эргэлзээтэй байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.
3.2 Өөрийн цалин хөлсийг нэмж тооцохыг нягтлан бодогчид үүрэг болгох, хариуцлага хүлээлгэх, цалинг батлахаас татгалзаагүй зэрэг нь цалингийн дүнгээ хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь мөн л уг захирамжийг би мэдээгүй, надад орон нутгийн нэмэгдэл 40 хувь олгож өгөөч хэмээн Засаг даргад хандаж байсныг харгалзаж үзээгүй өнгөц дүгнэлт болсон.
3.3 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Д аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/** дугаар захирамжаар тус сумын С төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Б-ыг томилсон байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг хавсралтаар өөрчлөн баталжээ.
5. Д аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/** дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Төсвийн шууд захирагч нарын цалингийн хэмжээ, цалингийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хавсралтаар баталсугай” гэж, Хавсралтын 6-д “С төвийн дарга С.Б-ын үндсэн цалин 1,544,000 төгрөг, Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу 40 хувийн нэмэгдэл 617,600 төгрөгийг нэмж” олгохоор батлагдсан байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”, 16 дугаар зүйлийн 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж тус тус зааснаар Д аймгийн Ө сумын С төвийн захирал (түр орлон гүйцэтгэгч С.Б) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.
7. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” эрх хэмжээтэй байх ба С.Б нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч болохын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд цалингийн сан болон батлагдсан төсвийн хүрээнд цалин, хөлс, нэмэгдлийг олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм.
8. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...уг захирамжийг би мэдээгүй, надад орон нутгийн нэмэгдэл 40 хувь олгож өгөөч хэмээн Засаг даргад хандаж байсныг харгалзаж үзээгүй” гэх гомдлыг хүлээн авахгүй.
9. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дүгээр захирамжаар С төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сар хүртэл буюу ажиллах хугацаандаа Ө сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/** дугаар захирамж гарч, Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу нэр бүхий (5) төсвийн шууд захирагч нарт 40 хувь буюу 617,600 төгрөг нэмэгдэл олгох шийдвэр гарсныг мэдээгүй байсан гэж үзэх боломжгүй.
10. Учир нь, Ө сумын Засаг даргаас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/** дугаар захирамжийг хүргүүлсэн, улмаар тус байгууллагын санхүүгийн анхан шатны баримт болох 2024 оны касс, харилцахын баримтад уг захирамж хавсаргагдсан байх бөгөөд байгууллагын архиваас тэмдэг дарж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн болох нь Ө сумын С төвийн 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн * дугаар албан бичиг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
11. Дээр дурдсанчлан С.Б нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд хууль тогтоомжийн дагуу төсвийг захиран зарцуулах, байгууллагын ажилчдын цалинг сар бүр баталж, олгодог эрх бүхий этгээд байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
12. Энэ тохиолдолд нэгэнт Ө сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/** дугаар захирамж гарч, нэр бүхий төсвийн шууд захирагч нарт орон нутгийн нэмэгдэл (40 хувь) олгох шийдвэрийг гаргасан байх бөгөөд харин нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд энэхүү нэмэгдлийг аваагүйд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй байна.
13. Анхан шатны шүүхийн “...Төсвийн шууд захирагч буюу Ө сумын С төвийн даргаар ажиллаж байсан С.Б-д тухайн цаг хугацаанд байгууллагын төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрх тусгайлан олгосон байхад уг эрхээ хэрэгжүүлэхгүйгээр олгогдоогүй орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА