Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж

Шүүгдэгч Г.Бат-Өлзий /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Бат-Өлзийд холбогдох 201716010007 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж хоёр дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Нуурын 9-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гантулгын Бат-Өлзий /РД:ЖЯ92020212/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Г.Бат-Өлзий нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар “Өтгөн буян” гэх цайны газрын хашаан дотор машин арчаад зогсож байсан Э.Дарханбаярыг “Эхнэрийн фэйсбүүк /facebook/ хаягаар эхнэр, хүүхдийн минь зургыг явууллаа” гэж өмнөх хувийн таарамжгүй маргаанаас болж Э.Дарханбаярын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат-Өлзий мэдүүлэхдээ: “Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр хятад улсаас гарч ирээд Ёл сервисийн гадаа ачаагаа ачуулж юань солиулсан. Өмнөх орой нь Дарханбаярын ээжээс 20.000 төгрөг зээлсэн байсан бөгөөд түүнийгээ өгчхөөд гарч ирэх үед Дарханбаяр машин арчаад зогсож байсан. Би хажуугаар нь гарахдаа түүнийг харахад урт үстэй файсбүүк /facebook/ болон утсаар хэрэлдсэн залуу мөн байсан. Би Дарханбаярын нуруун дээр нь дархад над руу эргэж харсан бөгөөд би таниад цохисон” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Э.Дарханбаярын өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Даланзадгад сумаас Цагаанхаданд очсон. 01 сарын 07-ны өдөр би хашаандаа ахынхаа машиныг арчаад зогсож байхад нэг залуу өөдөөс хүрч ирээд миний нүүр лүү алгадсан. Тэгээд тэр залуу манай ээж дээр очиж 20.000 төгрөг өгчихөөд эргэж над дээр хүрч ирээд чи яасаан их томордог юм бэ гээд намайг торон хашаа руу шахаж байгаад нүд хамар руу 3 удаа цохисон. Миний толгой манарад газар сууж байхад манай урд талын хашааны Азаа гэдэг залуу бид хоёр дээр хүрч ирээд тэр залууг боль гэж загнаж байсан. Тэгээд тэр залуу хашаанаас гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.Азжаргалын өгсөн: “....2017 оны 01 сарын 07-ны өдөр би хашаандаа Г.Бат-Өлзийгийн хамаатны дүү Ганаатай хамт цэвэр усны хаяг хийгээд байж байхад хойд талын хашаанд хүмүүс хашгиралдаад байхаар нь яваад очиход Э.Дархаа хамраа дараад газар суучихсан Г.Бат-Өлзий, Э.Дархаагийн ээж, Г.Бат-Өлзийгийн хадам ээж нар байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ж.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...2017 оны 01 сарын 07-ны өдөр намайг пиндээ юм янзлаад зогсож байхад манай хүү Э.Дарханбаяр хашаандаа ахынхаа машиныг арчаад зогсож байтал хажуу айлын Г.Бат-Өлзий гэдэг залуу надаас өмнөх өдөр зээлж авсан 20.000 төгрөгөө өгчихөөд цаашаа эргэхдээ манай хүү Э.Дарханбаярыг цохиж унагаасан. Тэр үед миний нүд рүү юм орчих шиг болоод эвгүй болсон учир би тэд нар дээр очиж чадаагүй. Г.Бат-Өлзий манай хүү Э.Дарханбаярыг цохисон. Торон хашаанд ойгоод буцахад нь заамдаж аваад дахиж цохисон. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд тэр хоёр дээр очиход Э.Дарханбаяр нүүрээ дараад газар унасан. Тэгээд намайг очингуут Г.Бат-Өлзий эргээд хашааны хаалгаар гараад явчихсан. Удалгүй Г.Бат-Өлзийгийн эхнэрийн дүү нь гэрээсээ гарч ирээд бид хоёр дээр ирээд гэрээсээ хүмүүс дуудсан. Тэгээд Г.Бат-Өлзийгийн хадам ээж Мөнхцэцэг гэдэг хүнтэй хамт Э.Дарханбаярыг Ханбогд сумын эмнэлэгт очиж үзүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №12 дугаартай:”...Э.Дарханбаярын биед тархи доргилт, зүүн гайморын урд хана, зүүн нүдний доод хана, хамар ясанд хугарал, муруйлт, зөөлөн эдийн няцрал, хүзүү уруулд зулгаралт, дээд үүдэн шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдалдтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд Г.Бат-Өлзийгийн сэжигтнээр өгсөн:”...Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр нүүрсний машин жолоодож хятадаас гарч ирээд Ёл сервисийн гадаа машинаа орхиод Цагаанхаданд юанаа солиулчихаад гэрлүгээ явсан. Намайг хашаан дотор ороход нэг залуу машин арчаад зогсож байсан. Би тэр залууг өнгөрсөн зун надтай утсаар хэрэлдээд байсан Дархаа гэдэг залуу мөн байна гэж таниад нуруу руу нь хүрэхэд над руу харахаар нь нэг удаа нүүр рүү нь алгадаад унагасан. Тэгээд Э.Дарханбаярыг унаад босоод ирэхээр нь нүүр рүү нь 2 удаа цохичихсон. Тэгээд манай хадам ээж, эхнэр, Дархаагийн ээж Цэцэгээ эгч ирж намайг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Хохирол төлбөрт 576.000 төгрөг нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 23-27 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Бат-Өлзийгийн оршин суугаа хаягын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Бат-Өлзийгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Бат-Өлзийгийн арилжааны банкуудад эзэмшдэг дансны лавлагаа /хх-ийн 32-36 дугаар хуудас/

Хохирогч Э.Дарханбаярын хэрэг бүртгэлийн шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Бат-Өлзий нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар “Өтгөн буян” гэх цайны газрын хашаан дотор машин арчаад зогсож байсан Э.Дарханбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Э.Дарханбаярын өгсөн мэдүүлэг, /хх-ийн 6 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Э.Дарханбаяр нь шүүгдэгч Г.Бат-Өлзийд холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний төлбөрт 900.000 төгрөг өгсөн, цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг өөрөө бичгээр гаргасан /хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Г.Бат-Өлзийг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр Г.Бат-Өлзийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Гантулгын Бат-Өлзий нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Г.Бат-Өлзийд холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201716010007 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.Бат-Өлзийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Бат-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бат-Өлзийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО