Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: О.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* / РД: ******* /,

 

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 11- ний шөнийн 03:30 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” гэсэн нэртэй баар, паб, караоке зэргээр үйл ажиллагаа явуулах зориулалттай бааранд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, тус газарт нэвтрэн орж, “Оргил” баарны 4 ширхэг архи, 5 ширхэг пиво, 2 ширхэг лаазтай ундаа, 2 ширхэг жүүс зэрэг нийт 266,500 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч  О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Манай аав, ээж хоёр салаад удаж байгаа. Тэгээд ээж *******тай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргалдсан, дүү нартай уулзах гэсэн боловч ээжийн ах, дүү нар уулзуулахгүй байсан болохоор би маш их сэтгэл гутралд ороод гэнэт хямралд орсон. Ер нь бол дүү нартайгаа уулзаж чаддаггүй, ээж аавын хайр халамж дутмагаас болоод үе үе хямарч, гутраад байдаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим *******той уулзсан тэгээд хамт дунд захад байрлах city lounge-д пиво уусан. Тэгээд  *******ийн хамтаар Оргил баар руу 2 удаа орж пиво ууж сууж байгаад Ви клуб руу орж суусан, удалгүй хаах цаг болсон санагдаж байна. Тухайн үед ******* бид хоёр нийт 16 пиво нэг хүний 8 пиво уусан байсан болохоор маш их согтолттой байсан. Тэгээд бид хоёр Ви клубыг хаачихаар нь ахиж уух гээд Оргил баар руу очсон санагдаж байна. Тэгээд Оргил баарны хаалгыг ******* татсан чинь онгойчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед эвдсэн үү, онгорхой байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд маргааш өглөө нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг хуучин Жаргалант парк дотор ганцаараа сэрсэн. Тэгээд урьд шөнийн болсон зүйлээ санахгүй. Ухаанаа алдчихсан байсан. Тэгээд би 04 дүгээр сарын 11-ны өдөр хөдөө ажлаар яваад сүлжээ ортол цагдаагаас ярьж байна. Хурдан ир гэсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг О.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2023 оны 04 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цаг өнгөрөөд Оргил баараа хаагаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 11-ны өдөр 11 цагийн орчим манай хажуу талын Сонголт плазагийн үйлчлэгч эгч залгаад танай баарны хаалга онгорхой байна гэхээр нь ирээд үзтэл гадна хаалганы цоожны цүүг хөшиж онгойлгоод текний араас 1 литрийн SKY нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Болор архи 1 ширхэг, 1 литрийн EDEN нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн ЭКС нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Kaltenberg нэртэй пиво 5 ширхэг, 0.5 литрийн лаазтай Кола 2 ширхэг, 1 литрийн Моя Семей жүүс 2 ширхэг, Тафэл нэртэй чипс 2 ширхэг алдагдсан байна. Тэгээд бас манай гадна төмөр хаалганы цүүг сэтэлж, хөшиж эвдсэн байна. Манай Оргил баар нь гадна болон заал дотроо хяналтын камертай. Би шөнийн камерын бичлэгээ шүүгээд үзтэл урьд орой нь манайхаар үйлчлүүлсэн зүс таних 20-25 насны хоёр эрэгтэй хүүхэд шөнийн 02 цаг 40 минутад согтуу орж ирээд хулгайлсан бичлэг нь бичигдсэн байна. Тэр хоёр залуу урьд орой нь үйлчлүүлээд гарахдаа 20,000 төгрөгийн тооцоогоо мобайл банкаар 5249423904 гэсэн данснаас шилжүүлсэн байна... нийт 266,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан байна. Эдгээр эд зүйлийг цаанаас дэлгүүрээс авсан үнээр бодож үзсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10- 11  / ,

..... Өмнө нь би хохирогчоор мэдүүлэг өгсөн, алдагдсан гэх зүйлийн үнэлгээ 266.500 төгрөгийн хохирол учирсан байсан, О.******* гэх залуу 2023 оны 05 дугаар сард нийт 266.500 төгрөгийн хохирол барагдуулсан, одоо эвдэрсэн гэх хаалгыг янзлуулах шаардлагатай байгаа, манай Оргил баарны хаалганы цоож хэсгийг сэтэлж онгойлгосон байсан, одоогоос 10 жилийн өмнө ашиглалтад ороход хийлгэж байсан төмөр хаалга байгаа юм, хаалганы хохирлыг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй, одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 12 /,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орой Баянхонгор сумын дунд захын Буянт богд төвийн 3 давхарт байдаг “Сити лоунж” нэртэй газарт ******* найзтайгаа уулзаад 3, 3 пиво уучихаад тэндээсээ хоёулаа 22 цаг өнгөрөөд гараад “Ви” нэртэй бааранд ороод 4,4 пиво уучихаад тэндээсээ гараад “Оргил” нэртэй бааранд ороод 2,2 пиво уучихаад хүн цөөхөн байхаар нь хаахаас нь өмнө гараад ахиад нөгөө “Ви” нэртэй бааранд очоод шөнийн 2 цагийн үед хаалгаа бариад хаахаар нь тэндээсээ гараад ахиад “Оргил” бааранд очтол хаачихсан цоожтой байхаар нь хаалгыг нь татаж эвдэж ороод хүнгүй байхаар нь ******* текний араас нь шилтэй архи, пивонууд аваад гарах гээд байхаар нь би болиулсан. Тэгээд тэндээсээ гараад *******гээс салаад гэрлүүгээ явсан. Би бусдын эзэмшилд хууль бусаар нэвтэрч дотор нь эзэнгүй байгааг мэдсээр байж дотор нь орсон үйлдэлдээ гэмшиж байна. ******* нь надаас салаад буцаж ороод архи, пиво, ундаанууд аваад гарсан байна. Би гэр рүүгээ явсан байсан болохоор тэрийг нь мэдээгүй байсан. Бид хоёр архины халуунд нэмж архи, пиво олж уух гээд Оргил баар руу орсон. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан зүйл үнэн....гэх мэдүүлэг / хх-ийн 23-246 /,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

.... Манай хүүгийн хүү байгаа юм. О.*******гийн ээж аав нь олон жилийн өмнө салсан, ээж нь Жаргалант суманд амьдардаг, зан харилцааны хувьд хүнд тусархаг, миний бодлоор аав, ээжийн хайр дутмаг байгаагаас хараа хяналтгүй байдлаас болж сэтгэл санаанд нь хэцүү байдаг байх гэж боддог, одоо эхнэр, бид 3 хамт амьдардаг. Ямар нэгэн муу зуршилгүй байдаг хааяа сэтгэл санаагаар унаад ууж идэх үе байдаг байх, байнгын ууж идсэн тохиолдол бол байхгүй. Архи уугаад хүний эд зүйл хулгай хийсэн талаар сонссон. Тэгээд би тухайн үед яагаад хулгай хийсэн талаар асуухад сэтгэл санаа хэцүү байсан дүү нартайгаа уулзаж чадаагүй гээд сэтгэл дотроо их гомдоод байдаг байх гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн 57 /,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

... О.*******гийн аав нь миний хүү байгаа юм, ******* миний ач хүү байгаа юм. Төлөв даруу зантай, дуугүй, хүнтэй нээх их юм яриад байдаггүй, муу зуршилгүй, хэрэг хийгээд байхааргүй хүү байгаа юм, О.*******г бага настай байхад аав, ээж нь салж байсан, тэгээд өвөө, эмээ дээрээ хүмүүжсэн, 2022 онд цэрэгт яваад ирсэн, аав, ээж хоёртойгоо байнгын холбоотой байдаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй нөхөр бид хоёр туслаад байж байдаг. Архи уугаад баарнаас хулгай хийсэн гэж сонссон, яаг хэзээ, хэнтэй ямар хэрэгт холбогдон шалгагдаад байгаа талаар тодорхой сайн мэдэхгүй, урьд нь хэрэгт шалгагдаж байгаагүй, 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотод ажил хийж байгаад цэрэгт яваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59/

7. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн:

...Хаалганы цоожны хэсэг сэтэрч эвдэрсэн 35.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 35.000  /Гучин таван мянга / төгрөг болохыг тодорхойлов...дүгнэлт /хх-ийн 47 /, 7. Мөрдөгчийн магадлагаа алдагдсан эд зүйлийн үнэ 266.500 төгрөгийн хохирол учирсан байна  / хх-ийн 41 /,болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хх-ийн 24-25 /, шүүгдэгч О.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 74 /, Баянхонгор сумын  1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2023 оны 04 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цаг өнгөрөөд Оргил баараа хаагаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 11-ны өдөр 11 цагийн орчим манай хажуу талын Сонголт плазагийн үйлчлэгч эгч залгаад танай баарны хаалга онгорхой байна гэхээр нь ирээд үзтэл гадна хаалганы цоожны цүүг хөшиж онгойлгоод текний араас 1 литрийн SKY нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Болор архи 1 ширхэг, 1 литрийн EDEN нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн ЭКС нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Kaltenberg нэртэй пиво 5 ширхэг, 0.5 литрийн лаазтай Кола 2 ширхэг, 1 литрийн Моя Семей жүүс 2 ширхэг, Тафэл нэртэй чипс 2 ширхэг алдагдсан байна. Тэгээд бас манай гадна төмөр хаалганы цүүг сэтэлж, хөшиж эвдсэн байна. Манай Оргил баар нь гадна болон заал дотроо хяналтын камертай. Би шөнийн камерын бичлэгээ шүүгээд үзтэл урьд орой нь манайхаар үйлчлүүлсэн зүс таних 20-25 насны хоёр эрэгтэй хүүхэд шөнийн 02 цаг 40 минутад согтуу орж ирээд хулгайлсан бичлэг нь бичигдсэн байна....” гэх, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...... 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орой Баянхонгор сумын дунд захын Буянт богд төвийн 3 давхарт байдаг “Сити лоунж” нэртэй газарт ******* найзтайгаа уулзаад 3, 3 пиво уучихаад тэндээсээ хоёулаа 22 цаг өнгөрөөд гараад “Ви” нэртэй бааранд ороод 4,4 пиво уучихаад тэндээсээ гараад “Оргил” нэртэй бааранд ороод 2,2 пиво уучихаад хүн цөөхөн байхаар нь хаахаас нь өмнө гараад ахиад нөгөө “Ви” нэртэй бааранд очоод шөнийн 2 цагийн үед хаалгаа бариад хаахаар нь тэндээсээ гараад ахиад “Оргил” бааранд очтол хаачихсан цоожтой байхаар нь хаалгыг нь татаж эвдэж ороод хүнгүй байхаар нь ******* текний араас нь шилтэй архи, пивонууд аваад гарах гээд байхаар нь би болиулсан. Тэгээд тэндээсээ гараад *******гээс салаад гэр лүүгээ явсан. Би бусдын эзэмшилд хууль бусаар нэвтэрч дотор нь эзэнгүй байгааг мэдсээр байж дотор нь орсон үйлдэлдээ гэмшиж байна. ******* нь надаас салаад буцаж ороод архи, пиво, ундаанууд аваад гарсан байна. Би гэр рүүгээ явсан байсан болохоор тэрийг нь мэдээгүй байсан. Бид хоёр архины халуунд нэмж архи, пиво олж уух гээд Оргил баар руу орсон. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч  О.*******, гэрч ******* нар нь бүлэглэн  согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 11- ний шөнийн 03:30 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” гэсэн нэртэй баар, паб, караоке зэргээр үйл ажиллагаа явуулах зориулалттай баарны хаалгыг эвдэж орсон нь дээрх мэдүүлэг болон баарны камерын бичлэгээр нотлогдсон байна.

Уг үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч О.*******, гэрч ******* нар нь архи уух зорилгоор “Оргил” баарны хаалгыг эвдэж орсоны дараа ******* уг гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч уг гэмт хэргийг туйлд хүргэхээс сайн дураар татгалзаж шүүгдэгч О.*******гийн хамт баарнаас гарсан нь камерын бичлэгээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгч О.******* нь уг баарнаас гарсаны дараа ганцаараа буцаж бааранд орж баарны текнээс эд зүйлийг авч байгаа нь камерын бичлэгт бичигдэж түүний үйлдэл нотлогдсон байна.

Шүүгдэгч О.*******гийн уг үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд сэм дахин нэвтэрч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Харин “Оргил” баарны хаалгыг эвдэж хамт нэвтэрсэн *******ийг Прокуророос 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахыг татгалзсан 05 дугаар тогтоолыг гаргасан нь хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь ******* нь “Оргил” баарны хаалгыг эвдэж орсоны дараа дотроос нь эд зүйлийг хулгайлж авах үйлдлээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгч О.*******г гэмт хэрэг үйлдэхээс хориглосон үйлдлийг хийж байсан, уг гэмт хэргийг төгсгөж дуусгах боломжтой байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзаж гарсан нь камерын бичлэгээр тогтоогдсон байна.

Иймд түүнд гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахыг татгалзсан нь үндэслэлтэй байна.

Гэхдээ    Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахыг татгалзах гэж тогтоол заавал бичигдэх ёсгүй юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзаж байгаа үйлдэл нь ямар төрлийн гэмт хэрэг үйлдэхээс  татгалзаж байгаагаас шалтгаалж Прокурор тогтоолдоо бичих ёстой гэж дүгнэж буруутгаж болохгүй юм.

Харин шүүгдэгч О.*******г бааранд нэвтэрсэний дараа уг баарнаас гарч буцаж сэм нэвтрэн орж эд зүйлийг хулгайлж байгаа үйлдэл нь зөрж гүйцэтгэсэн үйлдэл гэж шүүх дүгнэсэнийг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч О.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан  тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.

Иймд өмгөөлөгчөөс гаргасан түүнд холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаагаар эзэмшсэн мэдлэгийнхээ хүрээнд тогтоож эд зүйлийн үнэлгээ гаргасан мөрдөгчийн магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.******* нь хохирогчид хохирлоо бүрэн төлсөн талаар нотлох цугларсан байх тул шүүгдэгч О.*******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж  ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

  Уг хэргийн учир шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч О.*******гийн үйл баримтыг бичиж хуулбарласан гэх СД-ийг хураан авсаныг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд  нэвтэрч хулгайлсан   гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.*******г нэг / 01 / жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ