Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 358

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б.Б-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б-тай 2017 онд танилцаж албан ёсоор 2018 онд гэр бүл болж 2,7 сар амьдраад 1 хүүтэй болсон. Балжинням нь өөрийн хүсэлтээр 2019 оны 11 сард салаад явсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд миний хүү Мөнххүслэнгийн төрсөн эцэг болох Балжиннямаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч С.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

С.Б-, Б.Б- нар гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2018.01.23-ны өдөр хүү Б.М- төрсөн болох нь 4801000044 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид нь гэр бүлийн баталгаагүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Б.М- нь эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн асрамж, тэтгэлэг төлөх талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан 2018.01.23-ны өдөр төрсөн хүү Б.М-д эцэг С.Б-аас тэтгэлэг тогтоож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.М-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33.105 /гучин гурван мянга нэг зуун таван/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ГАНЧИМЭГ