| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00305/и |
| Дугаар | 386 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 386
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Г.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.437.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Х би А.Д-д 2019.04.03-ны өдөр 2.575.000 төгрөгийг өдрийн 0.2%-ийн хүүтэй, нэг өдрийн хугацаатай буюу 2019.04.04 өдөр хүртэл зээлдүүлсэн. Гэвч А.Д нь тэр өдрөөс хойш зээлсэн мөнгөө өгөөгүй. Ийм учраас 2.575.000 төгрөгөө сарын 0.5%-ийн хүүтэй бодож 10 дугаар сарын хүү болох 9.862.000 төгрөгийг үндсэн мөнгөний хамт нийт 6.437.000 төгрөг хариуцагч А.Дгээс гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.950 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. манай зүгээс хариуцагч талтай эвлэрэх саналтай байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Зохигчдоос ирүүлсэн Эвлэрлийн гэрээнд: “...нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөг болгож, хариуцагч нь 2020.08.01-нд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлж, үлдэгдэл 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2020.09.01-ний өдрөөс эхэлж сар бүрийн 01-ний өдөр 600.000 төгрөг төлж бүрэн барагдуулахаа илэрхийлж энэхүү гэрээг үйлдэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч А.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 6.437.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 437.000 төгрөгөөс татгалзан, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.437.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 6.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.950 төгрөгөөс 58975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дундговь аймгийн Төрийн сангийн 100080000941 тоот данснаас 58975 төгрөгийг, хариуцагч А.Д-ээс 58975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Х-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ