| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00312/и |
| Дугаар | 387 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 387
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: М.Х-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 7 настайдаа сургуульд сууж 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болж Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 онд тус нэгдлийг татан буугдтал малчнаар ажилласан. Миний тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бөгөөд ажилд орж, гарсан тушаал архивт байхгүй байгаа учир тус шүүхэд дээрх жилүүдэд ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монхор овогтой Хишигдулам миний бие нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие нь 1990 оноос 1999 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулсан болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Х- нь 1982 онд сургуулиа төгссөн, 1992 он хүртэл малчнаар ажилласан. 1990 оноос хойш нөхөн тооцуулсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
М.Х-ын 1983.01.01-1989.12.31-ний өдөр хүртэл ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, уг дэвтрийг сэргээх боломжгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 239 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1983 оны 01 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Монхор овогтой Хишигдуламд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлт /хх-4 дүгээр хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот “Монхорын Хишигдулам нь тус сумын “Баянхошуу” бригадад малчнаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт” гэх лавлагаа /хх-5 дугаар тал/, Монхорын Хишигдуламын 1987 оны 1-5 сар, 1988 оны 1-5 сар, 1990 оны 1-12 сар, 1983 оны 10 саруудын цалингийн цэсийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-9 дүгээр тал/, гэрч З.Мөнхцэцэгийн “...Би 1986-1992 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд Баянхошуу бригадад санитарчин хийдэг байсан. Намайг 1986 онд ажилд ороход М.Х- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчин хийдэг байсан. М.Х-ыг яг хэдэн оноос хойш мал малласан талаар нь сайн мэдэхгүй. М.Х- нь одоог хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан суманд мал малладаг хүн. Ардын жаргал нэгдэл тартал малаа малласан байх...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар тал/, гэрч Г.Эрдэнэбатын “...Би 1980 оноос 1992 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд уурын зуухны качегараар ажилласан. М.Х- нь 1983 оноос Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. М.Х- нь одоог хүртэл Баянжаргалан сумандаа мал малладаг. М.Х- нь Ардын жаргал нэгдэл тартал мал малласан нь үнэн. М.Х- нь бага мал малладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Х-ыг 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ