| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00375/и |
| Дугаар | 388 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 388
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: О.Д-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959.03.25-нд төрсөн, эрэгтэй, энэ жил 61 нас хүрсэн. 1968-1978 онд аймгийн 10 жилд суралцаж төгсөөд 1978-1981 онд Ардын армийн 150 дугаар ангид алба хаасан. 1981 оны 7 дугаар сарын 28-нд Дундговь аймгийн нисэх онгоцны буудалд аж ахуйн няраваар орж ажилласан. Энэ үеийн орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул 1981.07.28-ны өдрөөс 1983.10.25-ыг хүртэл Дундговь аймгийн нисэх онгоцны буудалд аж ахуйн няраваар, 1983.10.15-ны өдрөөс 1991.05.06-ыг хүртэл Дундговь нисэх онгоцны буудалд холбоочноор ажиллаж байсан жилүүдийг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Д- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
О.Д-д Нисэх онгоцны нэгдсэн буудлаас 1985.03.31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн бичигдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.14-ний өдрийн 257 дугаартай “Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Оргодол овогт Дэмбэрэлийн 1985 оны хөдөлмөрийн дэвтэр тушаалын зөрчилтэй тул 1981.07.28-1991.05.06-ны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.04.20-ны өдрийн 08/459 дугаартай “Тус хэлтэст Мандалговь нисэх буудлын зохион байгуулалтын өөрчлөлтийн лавлагаа бүртгэлгүй болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.04-14-ний өдрийн 276 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Тээврийг удирдах газар дахь Нисэх онгоцны нэгдсэн буудалд 1981 оны 7 дугаар сарын 28-аас 1991 оны 5 дугаар сарын 06-ыг хүртэл холбоочноор ажиллаж байсан тухай зарим баримт байхгүй байгаа учир Оргодол овогтой Дэмбэрэлтэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нисэх буудлын 1983 оны О.Д-тэй холбогдох тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хх-6 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Дундговь дахь нэгдсэн нисэх буудлын даргын 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай ажилд шинээр авах чөлөөлөх тухай “...Аж ахуйн няраваар Оргодол овогтой Дэмбэрэлийг аймгийн ХНХ-ын хэлтсийн 1981 оны 6 дугаар сарын 25-нд мэдэгдлийн дагуу 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай...” гэх тушаал /хх-7 дугаар хуудас/
-О.Д-д нисэх онгоцны нэгдсэн буудлаас 1985 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Нисэх онгоцны буудлын даргын 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 26 тоот тушаалаар 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс нисэх онгоцны буудлын аж ахуйн нярваар, НОНБуудлын даргын 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тушаалаар 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс нисэх онгоцны буудлын холбоочноор, АТГазрын даргын 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тушаалаар 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөв...” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр /хх-8-10 дугаар хуудас/
- О.Д-д Дундговь агаарын тээврийн газраас олгосон “О.Д- танд 1990 оны болон 8 дугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд тогтвортой амжилт үзүүлсэнд талархаж баярын бичиг олгов” гэх баярын бичиг /хх-11 дүгээр хуудас/
- О.Д-д Агаарын тээврийн газрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос олгосон “О.Д- танд 1988 онд жилийн эхнээс жигд ажиллаж ажил үйлчилгээний соёлч шуурхай байдлыг хангаж эдийн засгийн чанар үр ашгийг дээшлүүлж ажиллахад өндөр амжилт гаргасан тул баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав” гэх баярын бичиг /хх-12 дугаар хуудас/
- Гэрч О.Оюунчимэгийн “...Би 1975 оноос 1986 он хүртэл Дундговь аймгийн Нисэх онгоцны буудалд цэвэрлэгч, бичээчээр, 1986 оны 12 сараас 2013 он хүртэл Ус цаг уурын товчоонд оператороор ажилласан хүн. О.Д- нь Дундговь аймгийн Нисэх онгоцны буудалд 1981 оноос 1991 он хүртэл ажилласан. О.Д- нь холбоочноор ажилладаг байсан. Холбоочноос өмнө ямар ажил эрхэлдэг байсан талаар нь сайн санахгүй байна. Холбоочноос өмнө нь ямар ч гэсэн өөр ажил эрхэлдэг байсан. Ус цаг уурын товчоо, нисэх онгоцны буудал хоёр нэг дор байдаг байсан учраас би О.Д-ийг 1991 он хүртэл ажиллаж байсан талаар нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-16 дугаар хуудас/, гэрч С.Батмөнхийн “...Би 1981-1990 он хүртэл Дундговь аймгийн Нисэх онгоцны буудалд жижүүр, ачаа тээшийн диспетчер, жолооч, холбоочин гэх мэт ажил эрхэлдэг байсан. О.Д- 1981 оноос 1991 он хүртэл Дундговь аймгийн Нисэх онгоцны буудалд холбоочин, нярваар ажилладаг байсан. Би 1990 оны 6 сар хүртэл нисэх онгоцны буудалд ажиллаж байгаад хөдөө гарсан. Намайг цомхотголоор ажлаасаа гарахад О.Д- холбоочноороо ажиллаад үлдсэн...” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр /хх-17-20 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1416 тоот “Дундговь аймгийн Агаарын тээврийн газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тушаалаар С.Батмөнхийг Дэлгэрхангай сумын холбоочноос 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэснийг тодорхойлов” гэх архивын лавлагаа /хх-21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн нисэх онгоцны буудалд аж ахуйн няраваар, мөн 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нисэх онгоцны буудалд холбоочноор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Д-ийг 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн нисэх онгоцны буудалд аж ахуйн няраваар, мөн 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нисэх онгоцны буудалд холбоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ