| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00353/и |
| Дугаар | 389 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 389
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Лыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ш.Л нь Х-ны Дундговь салбар, Сайнцагаан тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ЗГ14/38 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээл авсан бөгөөд зээлдэгч Ш.Л нь зээлээ төлөхгүй 1476 хоногийн хугацаа хэтэрч зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаяг болох Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9-р баг Мандал 5-5 тоотод оршин суудцаггүй тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байна. Хны Дундговь салбарын зүгээс зээлийн хувийн хэрэгт авагдсан Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9-р баг Мандал 5-5 тоотод оршин суугаа хаягаар удаа дараа уулзахаар анхааруулах захидал, зээл буцаан дуудах мэдэгдэл өгөхөөр очсон боловч тухайн хаягтаа оршин суудаггүй бөгөөд Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9-р баг Мандал 5-5 тоот хаягтаа амьдрахгүй байгаа нь Багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шархүү овогтой Лхагва-Очирыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Л нь манай банктай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч байгаа учир бид арга хэмжээ авч хаягаар нь явсан боловч хамгийн сүүлд оршин сууж байсан хаяг болох Дундговь аймаг, Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 5 дугаар гудамжны 5 тоотод бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа юм. Бид түүний хаягийг олж тогтоох ажиллагаа хийгээд хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа учир эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, хаягийг олж тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Х" ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Лыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ш.Л нь Хтай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ЗГ14/38 тоот зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг зээлж авсан хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгч “Х”-ны тайлбар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Ш.Л нь зээл авах үедээ болон хамгийн сүүлд амьдарч байсан хаяг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 5-5 тоотод амьдарч байсан байна.
Дээрх баримтуудаас өөр Ш.Лыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ш.Л-ыг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ш.Л-ыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ