Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ж.О-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                    

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар  оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие 1965 онд төрсөн, эмэгтэй. Энэ жил 55 настай. Улсад 23 жил, 1 сар ажилласан. Үүнээс 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчин дагалдангаар, 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд үсчнээр ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн боловч тамга тэмдгийн зөрчилтэй, бичилт зассан нь шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, аймгийн Татварын хэлтсээс гаргасан лавлагаа, аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын архивын тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд үсчнээр ажилласан жилийг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дэвтэр дээр хоёр өөр өнгийн тамга дарагдсан, архиваас тушаал нь гарч ирэхгүй байгаа учраас Нийгмийн даатгалын хэлтсээс зөрчилтэй гээд байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ж.О-өд 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр тушлаалын зөрчилтэй  болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.17-ны өдрийн 264 тоот “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Жамъян овогтой Отгонтөгсийн хөдөлмөрийн дэвтэр тушаалын зөрчилтэй тул 1983.07.17-1983.10.30-1984.02.05-1991.02.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.04.17-ны өдрийн 08/458 тоот “Эрдэнэдалай сумын Нийтийн ахуй үйлчилгээ нь 1992 оны 1 дүгээр сарын 23-нд улсын шинэчилсэн бүртгэлд үйл ажиллагаа явуулж байгаад “Буян” ББХХоршоо болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлт /хх-6 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.04.22-ны өдрийн 295 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын НААҮТөвд 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үсчнээр ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Жамъян овогтой Отгонтөгстэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2020.04.27-ны өдрийн 117 тоот “Тус сумын ЗДТГ-ын архивын баримтад сумын Ахуй үйлчилгээний төвийн архивын баримт байхгүй, хадгалагддаггүй болохыг тодорхойлов” гэх архивын лавлагаа /хх-8 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан НААҮ-ний төвөөс Ж.О-өд 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тушаалаар 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэдалай сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн илгээлтийн эзэн томилолтоор ирсэн учир оёдолын дагалдангаар авч ажиллуулав, АҮТөвийн даргын 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар тушаалаар 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс үсчний курсэд явах болсон тул оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөв, Эрдэнэдалай Ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалаар 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс үсчний курс төгсөж ирсэн учир үсчнээр томилон ажиллуулав, Эрдэнэдалай Ахуй үйлчилгээний төвийн даргын 2 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ар гэрийн байдлыг харгалзан үсчний ажлаас чөлөөлөв...” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр /хх-9-10-р хуудас/,

- Гэрч Л.Гүнжидийн “...Ж.О- 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээнд оёодолчны дагалдангаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс ахуй үйлчилгээнд 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үсчнээр ажилласан. Ажлаасаа гараад юу хийсэн талаар нь мэдэхгүй. Би 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сар хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Ахуй үйлчилгээ тараад бүгд ажилгүй болсноос хоийш хувиараа оёдолчин хийсэн. Би одоог хүртэл оёдолчин хийдэг. Би Улаанбаатар хотод хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байгаад 1988 онд Эрдэнэдалай суманд ирсэн. Намайг ажилд ороход Ж.О- 1983 оноос ажиллаж эхэлсэн гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/, гэрч Ц.Дэмбэрэлнямбуугийн “...Ж.О- нь 1983-1991 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд үсчнээр ажиллаж байсан нь үнэн. 1991 оны 3, 4 сар хүртэл ажилласан санагдаж байна. Ажлаасаа гараад хувиараа хөдөлмөр эрхэлсэн байх. Би 1978-1992 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төв гэж байхад нь ажиллаж байгаад 1992 онд Буян хоршоо болж өөрчлөгдөхөд нь бас ажиллаж байгаад 1995 онд хоршооноос гараад одоог хүртэл хувиараа оёдолчин хийж байгаа...” гэх мэдүүлэг /хх-29-30 дугаар хуудас/, гэрч Б.Наранцэцэгийн “...Ж.О- нь 1983 оноос Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний төвд 10 дугаар ангиа төгсөөд үсчнээр ажилд орсон. Ж.О- нь 1991 он хүртэл ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжиж явсан. Дундговь аймгийн төвд үсчин хийдэг болсон байх. Ж.О- нь 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ахуй үйлчилгээний төвийн хамт олны авхуулсан гэрэл зурагт байгаа. Би 1984 онд 10 дгуаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орсон. Би 1994 он хүртэл оёдолчноор ажиллаж байгаад хувьчлал болоод ажилгүй болсон. Би ажлаасаа гарснаасаа хойш хувиараа оёдолчин хийсэн. 1991 онд хувьчлал явагдаад Буян хоршоо болсон хойно нь бас би ажилласан...” гэх мэдүүлэг /хх-32-33 дугаар хуудас/

- Гэрч Б.Наранцэцэгийн “...Ахуй үйлчилгээний төвийн хамт олны, ахуй үйлчилгээний төвийн гадаа авхуулсан зураг байна. Хамгийн дээд талын эгнээний баруун гар талаасаа 4 дэх хүн нь Дэмбэрэлнямбуу байна. Би дунд талын эгнээний зүүн гар талаасаа 1 дэх хүн нь би байна. Отгонтөгс дунд талын эгнээний баруун гар талаасаа 1 дэх хүн нь мөн. Бусад хүмүүс нь жолооч Бат-Эрдэнэ, оёдолчин Гантулга, дарга Өвгөн, гуталчин Пүрэв, оёдолчин Даариймаа, Туул, захиалга хүлээн авагч Төмөртогоо нар байна...” гэх мэдүүлэг /хх-36-37 дугаар хуудас/, гэрч Ц.Дэмбэрэлнямбуугийн “...Ахуй үйлчилгээний төвийн гадаа авхуулсан зураг юм шиг байна. Ахуй үйлчилгээний төвийн хамт олны авхуулсан зураг байна. Хамгийн дээд талын эгнээний баруун гар талаасаа 4 дэх хүн нь би байна. Дунд талын эгнээний баруун гар талаасаа 1 дэх хүн нь Отгонтөгс байна. Мөн дунд талын эгнээний зүүн гар талаасаа 1 дэх хүн нь Наранцэцэг байна. Бусад хүмүүс нь гуталчин Пүрэв, жолооч Лувсанпэрэнлэй, жижүүр Бат-Эрдэнэ, дарга Өвгөн, үсчин Тулга гэх мэт хүмүүс байна...” гэх мдэүүлэг /хх-38-39 дүгээр хуудас/, гэрэл зураг /хх-35 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчин дагалдангаар, мөн 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд үсчнээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.О-ийг 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчин дагалдангаар, мөн 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд үсчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ