| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Бурмаа,
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001040161 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, / РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*******ыг Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээмэл нохойг зохих хамгаалалтгүй / уяагүй орхисон / байлгасан эс үйлдэхүйн улмаас түүний тэжээмэл нохой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 5-13 дугаар гудамжинд явж байсан иргэн М.*******жавын зүүн талаас дайрч газарт унагааж, дээлээс нь хазаж чирсний улмаас биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан бяцарсан, зөрөөтэй хугарал, өгзөг, гуя, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 16-18 дугаар хуудас, эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 19-20 дугаар хуудас,таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд хх-ийн 26-27 дугаар хуудас, хохирогч М.*******жавын мэдүүлэг, хх-ийн 34-37 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг, хх-ийн 45-46 дугаар хуудас, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг хх-ийн 48, 50, 52 дугаар хуудас, шинжээч С.Каделын мэдүүлэг хх-ийн 75-76 дугаар хуудас, Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт хх-ийн 66-70 дугаар хуудас, Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 254 дугаартай албан бичиг хх-ийн 92 дугаар хуудас, шүүгдэгч Д.*******ын хүсэлт хх-ийн 162 дугаар хуудас, хохирлын баримтууд, гэрэл зураг хх-ийн 110-123 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч М.*******жав нь эмчилгээ болон бусад зардалд 3.345.308 төгрөгийн зардал гаргасан талаарх нотлох баримтыг хохирогчийн өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүх уг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлснээр 1.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулж хохирогч М.*******жавт олгохыг, мөн хохирогч М.*******жав нь уг гэмтлийн улмаас Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 3.878.100 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч Д.*******оос 3.878.100 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Дээрх хохирлыг шүүгдэгч Д.*******оос гурван / 03 / жилийн дотор хэсэгчлэн гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч Д.******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж уг ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Учир нь шүүх прокуророос гаргасан саналын хүрээнд ялыг оногдуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д прокурорынг саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан ба тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан”...хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг...эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн заалтыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар д зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийг нөхөн төлсөнийг учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэсэнийг дурдаж дээрх хуулийн заалтад шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээний зардлыг нөхөн төлөөгүй гэж үзсэнийг хамааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос 1.400.00 төгрөг гаргуулж хохирогч М.*******жавт, 3.878.100 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ