Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн, эрэгтэй, 60 настай, улсад нийт 40 жил 5 сар ажилласан. ...1976 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ТТБарилгын 6 дугаар трестэд мужаанаар ажиллаж байгаад трестийн удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт орсон учир Дэлгэрэх пүүсийн мэдэлд шилжиж, 1991 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс мужаанаар ажиллах тушаал гарч 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан боловч бүтцийн өөрчлөлт гэдэг нэрийдлээр гаргасан хирнээ Хөдөлмөрийн дэвтэрт тушаалын тэмдэглэл хийгдээгүй болно. Дэлгэрэх пүүсэд хамт ажиллаж байсан мужаан Б.Лхагваа, Ё.Пэрэнлэй, Ц.Жаргалсайхан нар гэрчилнэ. Иймд Дундговь аймгийн Дэлгэрэх пүүсэд 1991 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

С.Б-д Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас  1977.06.28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний 1991.02.27-ны өдөр Дэлгэрэх пүүсэд мужаанаар ажилд авсан тушаалын бичилтэд тамга дарагдаагүй, зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.15-ны өдрийн 259 дугаартай “Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Сэрээтэр овогт Баяраагийн 1977 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй тул 1991.02.27-1991.11.02-ны өдрийн хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.04-02-ны өдрийн 256 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трест /Дэлгэрэх пүүс/ 1991 оны 2 сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Сэрээтэр овогтой Баяраатай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт Татварын хэлтсийн 2020.04.02-ны өдрийн 08/408 дугаартай “Дундговь аймгийн барилга угсралтын трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Тулга пүүс, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чандмань пүүс, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дэлгэрэх пүүс, 1992 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ган-Эрдэнэ хоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/,

Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас С.Б-д 1977.06.28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991.02.27-ны өдрийн 02 тоот тушаалаар Дэлгэрэх пүүсэд мужаанаар ажилд авсан тушаалын бичилтэд тамга дарагдаагүй байна /хх-6-7 дугаар тал/.

- Гэрч Ё.Пэрэнлэйн “...Би 1981 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Барилгын 6 дугаар трестэд үйлдвэр баазын мужаан цехэд мужаанаар ажилд орсон. С.Б- 1982 онд цэргээс халагдаж ирээд Барилгын 6 дугаар трестэд үйлдвэр баазын мужаан цехэд ажилд орсон. Бидний ажиллаж байсан байгууллага 1991 онп зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэр нь Дэлгэрэх пүүс болсон. Би 1996 он хүртэл уг байгууллагад ажилласан. С.Б- Дэлгэрэх пүүс болсноос хойш жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. С.Б- нь ажлаасаа гараад аймгийн музейд ажилд орсон...” гэх мэдүүлэг /хх-11 дүгээр хуудас/, гэрч Б.Лхагваагийн  “...Би Дундговь аймгийн Барилгын 6 дугаар трестэд 1976 оноос хойш 2002 он хүртэл ажилласан. Дэлгэрэх пүүс болоод Цавчирын хад гэдэг нэртэй болсон. С.Б- нь Дундговь аймгийн Барилгын 6 дугаар трестийн мужаан цех гэж байхад 1982 онд ажилд ороод 1991 он хүртэл ажилласан. С.Б- нь 1991 оны 11 сар хүртэл ажиллаж байгаад музейд ажилд орсон...” гэх мэдүүлэг /хх-12 дугаар хуудас/ зэрэг баримтууд хуульд заасны дагуу цугларсан болно.

Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн “Дэлгэрэх пүүс”-д 1991 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажилласан гэх боловч түүний 1977 оны хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1991.02.27-ны өдрийн 02 тоот тушаалаар Дэлгэрэх пүүсэд мужаанаар ажилд авсан бичилт бичигдсэн боловч тамга дарагдаагүй бөгөөд Дундговь аймгийн барилга угсралтын трест нь 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Дэлгэрэх пүүс” болж өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Дундговь аймагт 1991 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дэлгэрэх пүүс нэртэй аж ахуйн нэгж үүсгэн байгуулагдаагүй байсан ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр, татварын хэлтсийн албан бичиг зэрэг баримтууд нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, эргэлзээтэй байх тул нэхэмжлэгч С.Б- нь 1991 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрэх пүүсэд мужаанаар ажиллаж байсан гэх үйл явдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-гийн 1991 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрэх пүүсэд мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ