| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2021/0361/З |
| Дугаар | 128/ШШ2021/0436 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2021/0436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК, *********
ЧХХК, /РД:********/
Х ХХК, /РД:***********/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын Э ХХК, ЧХХК, Хүж ногоон дэлхий ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 сарын 23-ны өдрийн А/294 тушаалаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт: Э ХХК-д 4.1 га, ЧХХК-д 3.1 га; Хүж ногоон дэлхий ХХК-д 4.1 га газрыг тус тус ашиглуулах эрх олгосон.
Манай компаниуд өөрсдийн газартаа хамтарсан байдлаар худаг гаргаж, аялал жуулчлалын зориулалтаар холбогдох төлөвлөлтөө хийж, хөрөнгө оруулалт хайж байсан боловч ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд цуцлагдсан тул бидний зүгээс арга буюу зээл аван бүтээн байгуулалтын ажлаас үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байсан болно.
Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 04 сарын 14-ний өдрийн огноотой мэдэгдлээр манай компаниудын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 тушаалаар хүчингүй болгосон тухай бид өөрсдөө олж мэдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон яамны зүгээс манай компаниудын газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар бидэнд мэдэгдэж, сонсох ажиллагаа огт явуулаагүй төдийгүй А/95 дугаартай тушаалыг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан ерөнхий зарчим 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Манай компаниудын газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь мөн ойлгомжгүй өнөөгийн нөхцөл байдал үл нийцэх шийдвэр болсон гэж үзэж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 02 дугаар сараас эхлэн бүх нийтийг хамарсан болон өндөржүүлсэн бэлэн байдлыг удаа дараа зарлаж иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо хомс болж, эдийн засгийн хувьд хүнд алдагдалд ороод байгаа билээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж албан ёсны тайлбарыг хийсэн байдаг.
Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид . мэдэгдэх, оролцогчийг сонсохоос гадна шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийгээ нотлох үүрэгтэй ба энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1-д 3ахиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасныг тус тус зөрчиж ноцтой алдаа гаргасан байна. (Хэрэв бодит нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа явуулсан бол хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнийг тогтоох, оролцогчийг сонсох ажиллагаа явуулснаар оролцогч хүнд хэцүү цаг үе байсан ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн газрын төлбөрийг төлөх боломж бололцоог бий болгох байсан болно.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд усны нөөцийг хамгаалах талаар зохицуулсан бөгөөд усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох, түүнийг дагаж мөрдөх журам гаргах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдсон, түүний дагуу бүсэд мөрдөх дэглэм, зөвлөмжийг чанд сахиж үйл ажиллагаа явуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. Газар ашиглагчийн ямар үйлдлийн улмаас тус хуулийн аль зүйл, заалт хөндөгдөж байгааг тодорхойлоогүй байна.
Дээрхээс харахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс бусдын газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор бодит байдалд ямар эрсдэл, бодит хэмжээний хор хохирол үүсэж болохыг судлах, Газрын тухай, Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бол үүнийг шалгаж тодруулах, газар ашиглагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэр хэмжээгээр хөндөгдөхийг анхаарч үзээгүй, шалгаж тогтоолгүйгээр бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гаргаж, хууль тогтоомж болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/95 тушаалын Э ХХК, ЧХХК, Хүж ногоон дэлхий ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тусшүүхэд нэхэмжлэгч нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/95 дугаар тушаалын Э ХХК, ЧХХК, Хүж Ногоон Дэлхий ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны А/294 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Э ХХК-д 4.1 га, ЧХХК-д 3.1 га, Хүж Ногоон Дэлхий ХХК-д 4.1 га тус тус ашиглах зөвшөөрөл олгож, Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг.
Нэхэмжлэгч нарын газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, 22.6 дахь хэсэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/805 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нар нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу хугацаанд нь газрын төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 3 жил дараалан ашиглаагүй.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойшхуанлийн бүтэн 2 жилийн дотор
газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ талаарх холбогдохнотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж, 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байсан бөгөөд нэхэмжлэгч нарын газар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2018 оны А/02/01 тушаалаар тогтоосон Ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужид хамаарч байсан болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/95 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хуулийг тус тус үндэслэж гарсан хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Э ХХК, ЧХХК, Хүж ногоон дэлхий ХХК-ууднь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/294 дүгээр тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд байрлах Дугуй бургаст нэртэй газарт Э ХХК-д 4.1 га, Хүж Ногоон Дэлхий ХХК-д 4.1 га, Туулын ар нэртэй газарт ЧХХК-д 3.1 га газрыг тус тус 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/95 дугаар тушаалаар ...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дарааллан 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн... гэсэн үндэслэлээрнэхэмжлэгч 3 компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасан байна.
Нэхэмжлэгч компаниуд нь нэхэмжлэлдээ ...Манай компаниуд өөрсдийн газартаа хамтарсан байдлаар худаг гаргаж, аялал жуулчлалын зориулалтаар холбогдох төлөвлөлтөө хийж, хөрөнгө оруулалт хайж байсан боловч ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд цуцлагдсан... гэж тайлбарлаж байна.
Э ХХК, Хүж ногоон дэлхий ХХК-иуд нь хамтран нэг худаг /худгийн цооног/ гаргасан, ЧХХК-нь дангаар нэг худаг /худгийн цооног/ гаргасан болох ньмаргаан бүхий газарт очиж бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэг, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06/21 дүгээр Худаг өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч компаниудын тайлбарзэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч компаниудыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна.
Маргаан бүхий газарт очиж бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгээс үзэхэд маргаан бүхий газрын ойр орчимд бусад иргэн, хуулийн этгээдүүдэд барилга, объект барин газрыг ашиглаж байгааболох нь тодорхой харагдаж байсан ба энэхүү үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:, 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад ... тэгш байдлыг хангах; гэж заасантай нийцэхгүй байна.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно., 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно. гэж тус тус заасан байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.9-д Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 2.9.2-д хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах; гэж заасан байна.
Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд усны энгийн хамгаалалтын бүсэд хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжтай, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон барилга байгууламж барьж ашиглахыг зөвшөөрсөн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 1/ дархан цаазат газар; 2/ байгалийн цогцолборт газар; 3/ байгалийн нөөц газар; 4/ дурсгалт газар, мөн тус хуулийн 17 дугаар зүйлдХязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 3-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих, 4-д батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах; гэж тус тус заасан байна.
Маргаан бүхий газар нь байгалийн цогцолборт газарт хамаарах ба байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд дээрх хуульд заасан барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барихыг хуулиар зөвшөөрсөн байна
Иймд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийнГазар ашиглах эрх олгох тухай А/294 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж нэхэмжлэгч компаниудад газар ашиглах эрх олгосон атлаа маргаан бүхий 2021 оны А/95 дугаар тушаалаар
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх. гэж заасан байна.
Өдрийн сонины 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №237(6603) дугаарт газар ашиглах эрхийг цуцлах компаниудын жагсаалт нийтлэгдсэн байх ба уг жагсаалтад нэхэмжлэгч 3 компани багтсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:, 27 дугаар зүйлийн 27.3.1-д сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл; гэж заасан байна.
Өдрийн сонины дээрх №237(6603) дугаарт нийтлэгдсэн зарлал нь оролцогчийг сонсох ажиллагааг хаана, хэзээ, хэдэн цагт хийх, сонсох ажиллагаа явуулах журам, дараалал зэрэг сонсох ажиллагааны мэдэгдэлд тусгах мэдээллийг тусгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Дээрхээс үзэхэд Өдрийн сонины дээрх №237(6603) дугаарт нийтлэгдсэн зарлал нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхгүй.
Нэгэнт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тайлбар гаргах, санал гаргах боломж олгохоор хуульчилсан ба сонсох ажиллагааг тус хуульд заасан журмын дагуу явуулах учиртай.
Иймд сонсох ажиллагааг хийгээгүй, сонсох ажиллагаа хийсэн бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн газрын төлбөрөө төлөх боломж, бололцоо бий болох байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь би нэхэмжлэгч 3 компанийн эрхийг шилжүүлж авч, компанийн эрх шилжүүлэн авах гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэх мэт холбогдох гэрээ хэлцлийг хийсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн бол би компанийн эрхийг шилжүүлэн өгч байгаа этгээдүүдтэй ярилцаж газрын төлбөрөө төлөх боломжийг бий болгох байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.
Мөн манай улс нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс шалтгаалан олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг нэхэмжлэгч компаниудад хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК, ЧХХК, Хүж ногоон дэлхий ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/95 дугаар тушаалын Э ХХК, ЧХХК, Хүж ногоон дэлхий ХХК-уудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК, ЧХХК, Хүж ногоон дэлхий ХХК-уудынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/- төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч 3 компанид тус бүр 70.200 төгрөгийг олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ