| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/1140/З |
| Дугаар | 221/МА2026/0265 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0265
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М, Д.Н нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2224000**** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М, Д.Н
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0166 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагч Ч.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, М.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 128/2025/1140/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М, Д.Н нарт холбогдуулан “татварын Улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2224000**** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаар шийдвэрээр “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.12, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М, Д.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2224000**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч татварын Улсын байцаагч Ч.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д төрийн байгууллагаас олгосон эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шууд шилжүүлэх харилцааг зохицуулсан бол 30.2-д шууд бусаар буюу хувьцаа борлуулж, шилжүүлэх замаар төрийн байгууллагаас олгосон эрхийг бүрэн эсхүл хэсэгчлэн шилжүүлсэн тохиолдолд эрхийн үнэлгээнд хувь тэнцүүлэн татвар ногдуулахаар тусгайлсан харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагаас олгосон эрхийг шууд болон шууд бусаар шилжүүлсэн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсний орлогыг эрх эзэмшигч аж ахуйн нэгж олсонд тооцож, албан татварыг 10 хувиар ногдуулж, төсөвт шилжүүлэхийг хуульчилсан.
3.2 Гэтэл шүүхээс төрийн байгууллагаас олгосон эрхийг шууд шилжүүлэх тохиолдлыг шууд бус хэсэгчлэн эрх борлуулж, шилжүүлэх харилцааны зохицуулалттай хольж хэрэглэн, тусгай зөвшөөрлийг өөрийг нь борлуулж, шилжүүлээгүй, “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрх өөр бусад этгээдэд шилжээгүй, эрх эзэмшигч өөрчлөгдөөгүй байна гэж хууль хэрэглээний ноцтой тайлбар хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн маргаан бүхий тохиолдолд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсгийг баримтлан нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг илтгэнэ.
3.3 Маргаан бүхий тохиолдолд эцсийн эзэмшигч нарын хувьцаа, хувь оролцоо тус бүр 10 хувиар өөрчлөгдөж, буурсан мөн эрх эзэмшигч буюу “Т” ХХК-аас эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хууль этгээд гэж байхгүй, тэдгээрийн хооронд хувьцаа хувь оролцоо шилжээгүй, компани хуульд заасан хэлбэрээр өөрчлөн байгуулагдаагүй тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй, шүүхээс хамааралгүй хуулийг хэрэглэсэн болно.
3.4 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. “Т” ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, Д аймгийн Д сумын нутагт дэвсгэрт “С” нэртэй газарт MV-00**** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
4. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц нар нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36**, 36** дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр тус компанийн тус бүр 10 хувь буюу 40 ширхэг хувьцааг (нийт 20 хувь, 80 ширхэг) иргэн Н.М-т шилжүүлжээ.
5. Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М, Д.Н нар нь “Т” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдаж, 2224***** тоот томилолтоор Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус - Иж бүрэн шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2224000**** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 446,366,000 төгрөгийн нөхөн татвар, 178,5460,000 төгрөгийн торгууль, 60,955,456 төгрөгийн алданги, нийт 685,867,456 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
6. Дээрх актыг эс зөвшөөрч “Т” ХХК гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаар тогтоолоор маргаан бүхий НА-2224000**** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эцсийн эзэмшигч гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно”, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д “эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг” гэж тус тус заажээ.
8. Дээрх зохицуулалтаас үзэхэд, хуулийн этгээдийн 30 ба түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо шилжсэн тохиолдолд эцсийн эзэмшигч болох эрх зүйн үндэслэл бүрдэх бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эцсийн эзэмшигч болох Г.Б (50 хувь), Г.Ц (50 хувь) нараас Н.М-т тус бүр 10 хувь буюу нийтдээ 20 хувийн хувьцааг шилжүүлсэн байх тул Н.М нь тус компанийн эцсийн эзэмшигч болсон гэж үзэхээргүй, мөн тухайн үед тус компанийн эцсийн эзэмшигчийн мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.
9. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна”, 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого“, 30 дугаар зүйлийн 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно” гэж тус тус хуульчилсан.
10. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа, хувь оролцоог шилжүүлэх замаар 30 ба түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо шилжсэн тохиолдолд эцсийн эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдон олсон орлогыг дээрх хуулийн 10.1.2-т заасан төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод тооцохоор зохицуулсан байна.
11. Харин энэ тохиолдолд “Т” ХХК-ийн хувьд 2022 онд компанийн нийт хувьцааны 20 хувийн хувьцааг хэсэгчлэн шилжүүлсэн бөгөөд эцсийн эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлээгүй байх тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан эрх шилжүүлсний орлогын албан татвар төлөх үүрэг үүсээгүй байна.
12. Анхан шатны шүүхийн “...хувьцаа эзэмшигч нараас 20 хувийн хувьцаагаа шилжүүлснээр тухайн эрх эзэмшигч хуулийн этгээд болох “Т” ХХК-ийн хувьцааны нийт дүн хэмжээнд өөрчлөлт ороогүй, компанийн олсон ашгаас ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчийн тоо 1-ээр нэмэгдэж, эцсийн эзэмшигч нарын ногдол ашиг хүртэх хувьцааны тоо буурсан болохоос аж ахуй нэгж орлого олсон гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
13. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...эцсийн эзэмшигч нарын хувьцаа, хувь оролцоо тус бүр 10 хувиар өөрчлөгдөж, буурсан мөн эрх эзэмшигч буюу “Т” ХХК-аас эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хууль этгээд гэж байхгүй, тэдгээрийн хооронд хувьцаа хувь оролцоо шилжээгүй, компани хуульд заасан хэлбэрээр өөрчлөн байгуулагдаагүй тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Ч.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА