Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч Д.Батмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяа, Д.Ганхуяг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ж.Бор /Шин Лун Юуан ХХК/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мэргэд овогт Дашсүрэнгийн Батмөнхөд холбогдох 201616010129 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, BCDE ангиллын жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Тэс сум, 04 дүгээр баг, Зүр баг, 4-45 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 98 дугаар байр, 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их Мэргэд овогт Дашсүрэнгийн Батмөнх /РД:РЭ79051111/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.Батмөнх нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар үйл ажиллагаа явуулж буй “Алтан говь” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн гаднах зогсоол дээр 85-16 ӨМӨ улсын дугаартай, “ШинЛунЮуан” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 7.17 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Б.Буяннэмэхийг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас Б.Буяннэмэх нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батмөнх мэдүүлэхдээ: ”Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ”Алтан говь” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн гаднах зогсоолд зогсож байхдаа машинаа тэгшилж тавих гээд хойшоо ухрах үйлдэл хийхдээ хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Өнөрөө гэдэг ахаар машинаа тэгшлүүлэх гээд машинаа ухраалгахад хажуу талын машины шанааг шүргэчихсэн байсан. Тэгээд Өнөрөө ахыг тэр шүргэсэн машины эзэн хүмүүстэй ярилцаад яваад өглөө гэж бодоод өөрөө машинаа тэгшлээд тавьчихая гэж бодоод ухрахад машины ард хүн байсныг мэдэлгүй тийм зүйл болсон. Тухайн өдөр чиргүүл зөв тийшээгээ бөгс нь хазайсан байсан болохоор буруу талын толинд юу ч харагдах боломжгүй байсан. Тэгээд ухрах үйлдэл хийсэн, хүний амь нас хохироосон ийм айхтар хэрэг болсонд маш их харамсаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганхуяг мэдүүлэхдээ:”Би талийгаач дүүгээ осолд орсон, ийм хэрэг болсноос хойш энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өдийг хүртэл оролцож байгаа. Оршуулгын зардал, буян ном хураасан зардал, нааш цааш явсан зардал гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол 19.300.000 төгрөг болсон гэж үзэж байгаа, Талийгаач дүү маань “Транс капитал” санхүүгийн байгууллагад машины лизингтэй байсан. Нүүрс тээвэрт явж машины лизингээ төлдөг байсан зэргийг бодож. Хүнээ алдсан бид зардлаа нарийн гаргаж өгөөгүй, эхнээсээ нааш цааш явсан зардал бүрийг баримтжуулах боломжгүй байсан. Сүүлд нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйл баримттай байх ёстой тухай мэдэж баримт бүрдүүлж байсан. Нарийн ширийн бүх баримтаа гаргасан бол илүү их төлбөр болох байсан байх. Шүүгдэгч С.Батмөнх болон Божманайзууд ХХК-ийн зүгээс бидэнд учирсан нийт хохирол төлбөрийг бол барагдуулсан гэж үзэж байна” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/

Цогцос болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12-14 дүгээр хуудас/

 Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “... Д.Батмөнхийг... шалгахад 0.50 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 16-17 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд: “...Хэргийн газрын үзлэгийн үеэр 85-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хурааж авсан нэг ширхэг дугуйг эд мөрийн баримтаар тооцов...” гэснээр / хх-ийн 18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Д.Ганхуягын хохирогч, иргэний нэхэмжлэгч өгсөн мэдүүлэг / хх-ийн 21-22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганхуягын хохирол төлбөрт 500.000 төгрөг хүлээн авсан баримт / хх-ийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нарантуяагийн өгсөн: “...Талийгаач хүүгээ нутаглуулах, шарилыг зөөвөрлөх, буян ном хуруулах, хойчийг даатгах, хоног номыг нь хураах зэргийн зардал нийтдээ 15 сая орчим төгрөг болж байна. Энэ зардлыг осолд буруутай жолооч Д.Батмөнхөөс нэхэмжилж байна. Талийгаач хүү маань ажил хийж нийгмийн даатгал төлж байсан тул гэр бүл үр хүүхдэд нь төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сард 251.000 төгрөгөөр тогтоож өгсөн. Хүү маань “Транс Капитал” гэх банк бус санхүүгийн байгууллагаас 4 сая 800 мянган төгрөгийн зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 07-нд авсан. Одоо зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 2 сая 860.065 төгрөг байна. Үүнийг оршуулгатай холбоотой зардалд нэмж нэхэмжлээд нийтдээ 17 сая 860.065 төгрөгийг жолооч Д.Батмөнхөөс нэмж нэхэмжилж байна. Жолооч Д.Батмөнхийн зүгээс талийгаачийн гэр бүлд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч юм уу тэтгэмж тогтоолгож өгвөл сайн байна гэж бодож байна...Жолооч Д.Батмөнх бидний нэхэмжилж байгаа зардлыг төлчихвөл бид түүнд холбогдуулж гаргах гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Д.Ганхуягын хохирогч, иргэний нэхэмжлэгч дахин өгсөн: “...Талийгаач дүүгээ оршуулах, буян ном хуруулах, хоног хураах, буян үйлдэх, нааш цааш явах зэрэгт нийтдээ 15.221.150 төгрөгийн зардал гарсан. Баримтыг бид хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн. Үүн дээр “Транс Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас талийгаач дүүгийн маань өмнө нь авсан байсан зээлийн үлдэгдэл болох 2.860.065 төгрөгийн төлөгдөөгүй мөнгөн төлбөр, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн төлбөр 500.0 төгрөгийг осолд буруутай этгээд болон иргэний хариуцагчаар татагдсан компаниас нэхэмжилж байна. Одоогоор 18.581.215 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Цаашдаа шүүх хурлын үед Улаанбаатарын Налайх дүүргээс Ханбогд суманд ирэх, Налайх руу буцахад шаардагдах зардалд шаардлагатай 500.0 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт нэхэмжилсэн 19.081.215 төгрөгөөс 3300.000 төгрөгийг жолооч Д.Батмөнх бидний хохиролд одоогоор төлж барагдуулаад байна. Одоо нэхэмжилж буй нийт төлбөрөөс 15.812.215 төгрөгийг жолооч болон хариуцагчаар татагдсан компаниас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 дүгээр хуудас/                                  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мөнхбаатарын өсгөн: “...Би “Ван Үрс” ХХК-ны 19-24 ӨМӨ дугаартай Нордбенз маркийн машиныг жолоодож нүүрс тээвэрт хийдэг юм. Өчигдөр ачилтаа хүлээгээд очерт машин дээр байж байсан. Талийгаач Буяннэмэх надтай нэг нутгийнх бид хоорондоо гэр бүлийн найзууд байсан. Урд шөнө миний кабинд ирж хамт хоносон. Түүний машин Алтанговиос нүүрс ачихаар ирээд больчхоод Оюутсүмбэрээс ачна гээд тэндхийн зогсоол дээр зогсож байсан. Би өчигдөр өглөө Цагаанхаднаас мах авчраад машиндаа хоол хийж идсэн, тэгж байтал Буяннэмэх Алтанговиос ачихаар боллоо машинаа аваачиж тавьчхаад ирье гэж явчхаад ирэхгүй удаад байхаар нь би найз Нармандахтай хамт түүний Соната-2 маркийн жижиг саарал машинаар Алтанговийн үүдэн дээр очсон. Тэгэхэд Буяннэмэх одоо энэ хэрэгт шалгагдаад ирсэн жолоочтой очер дугаараас болсон бололтой маргалдаад байгаа харагдсан. Тэр хоёр руу Нармандах очоод Буяннэмэхийг дагуулж ирээд машинд суулгасан. Баяннэмэх “Тэр жолооч би аавынд 10-аад жил байсан, чамайг заазуурдана” гэж хэллээ гээд Буяннэмэх уурлаад байсан. Тэгээд бид гурав миний машин дээр буцаж ирсэн. Нармандах биднийг буулгачхаад дүүгээ хоолонд оруулна гээд явсан. Буяннэмэх бид хоёр өнөөдөр ачилт байхгүй юм чинь ганц юм уучихъя гээд миний машины кабинд 0.75 литрийн нэг шил Ерөөл архи хувааж уусан. Түүний дараа Буяннэмэх найз Атарсайхан руу ойрд уулзсангүй гээд утсаар ярьсан. Тэгээд байж байтал Нармандах, Ууганаа хоёр буцаж ирсэн. Нармандах бид гурав түүний машинаар яваад очерт байсан Атарсайхан дээр очсон. Тэгээд дөрвүүл Цагаанхад орж жаахан мах аваад машин дээрээ ирж хоол хийж идэх гэж байтал нэг уначихсан машины зураг аваад явуулаатах гээд Өвөрмонгол хөтөч нь Атарааруу ярьсан.

Тэгээд бид Пийжүүт орж нөгөө унасан машины зургийг авчхаад буцаад Буяннэмэхийн машин байгаа Алтанговийн очерт ирээд зогстол Буяннэмэхийн машины зөв талын шанааг зүүн талынх нь машин ухрахдаа чиргүүлээрээ шүргэчихсэн. Тэгтэл Нармандах машинаас буугаад гүйгээд явсан, араас нь талийгаач буугаад явсан. Тэр үед Атарсайхан би өөрийнхөө машиныг очиж үзчихээд ирье гээд алхаад явсан. Би нөгөө хоёрын араас буугаад очтол Нармандах талийгаач, бас нэг буурал толгойтой настайвтар ах, одоо энэ хэрэгт шалгагдаж байгаа жолооч дөрвүүл ухарсан машины хажууд зогсож байсан. Би настай ахын хамт ухарсан машины урдуур тойроод Буяннэмэхийн машины мөргөгдсөн шанааг очиж үзсэн. Тэр үед ухарч мөргөсөн машин буцаж урагшлаад Буяннэмэхийн машинаас салаад нормалдаад зогсож байсан. Настай ах бид хоёр мөргөлдсөн машины урд очоод эвдрэлийн талаар ярилцаад зогсож байтал нөгөө машин гэнэт ухарсан. Тэгтэл зэргэлдээ машины жолооч бололтой нэг дээлтэй залуу хөөе наана чинь хүн дайрчихлаа ш дээ гээд хашхираад ухарч байгаа машины хаалгыг нүдсэн, нөгөө машин ухрахаа болиод буцаад урагшилсан, бид тойроод хартал ухарсан чирэгчийн буруу талын хойд дугуйнд дайрагдсан бололтой Буяннэмэх найз минь хэвтэж байсан. Харахын аргагүй болчихсон байсан. Би балмагдаад ойртож чадаагүй, тэгээд л цагдаа энэ тэр рүү дуудна гээд ярилцаж байсан... Тэр хоёр хоорондоо маргалдаж харагдаагүй, машин шүргэх үед настай ах машиныг унаж хөдөлгөсөн юм билээ. Жолоочийн талаас тэр ах буугаад ирэхэд талийгаач маань машин мөргөчихлөө гээд тэр ахтай барилцаж авсан гэсэн. Гэхдээ тэдний хооронд зодоон цохионы ямар нэгэн асуудал болоогүй. Тэр үед Батмөнх гэх жолооч хэрүүл маргаанд оролцоогүй. Түүнийг машинд суухыг хараагүй. Гэнэт л нормалдаад зогсож байсан машин арагшаа ухраад хөдлөөд явсан. Тэгэхдээ л талийгаачийг дайрчихсан юм билээ... Ухарсан жолооч өөрийн болгоомжгүй үйлдлээс болж найз минь нас барлаа гэж бодож байна. Тэр жолооч найзыг маань санаатай мөргөөд алчихлаа гэж би бодохгүй байна. Архи дарс уусан, болгоомжгүй байдлаас болж ийм явдал боллоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг / 32-34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ууганбатын өгсөн: “...Өчигдөр өглөө уулзахад түүний машин Алтанговиос ачихаар боллоо гэж ярьж байсан. Түүнээс хойш Мөөгий ах, Нармандах хоёр түүнийг очер дээрээс нь очиж авчирсан. Тэгэхэд миний хажуугийн машины жолооч намайг заазуурдана гээд байна. Би яаж машинруугаа очих уу гэж ярьж байсан. Тэгээд би дүүгээ хоолны гуанз руу хүргэчхээд нэг цагийн дараа эргээд иртэл Мөөгий ах талийгаач хоёр төрсөн өдөр гээд нэг шил архи уугаад сууж байсан. Би кабиндаа орж хэвтээд кино үзээд 2 цаг орчим болж байтал Нармандах яриад ослын талаар анх хэлсэн. Өглөөгүүр уулзахад талийгаач миний утсаар эхнэр, хүүхэдтэйгээ хоёр удаа ярьж байсан юм. Тэгэхдээ ямар нэгэн асуудалгүй хэвийн байдалтай ярьж байсан. Сүүлхэн харахад нэлээн согтчихсон болов уу гэмээр харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нармандахын өгсөн: “...Буяннэмэх өөрийнхөө машинаар дайраад гаръя гэсэн. Түүний машин руу ойртоод ардханд нь очоод зогстол Буяннэмэхийн машины урд чиргүүлээ хайчлуулж тавьсан машин ухрахдаа чиргүүлээрээ Буяннэмэхийн машиныг мөргөх шинжтэй болохоор нь би бууж гүйгээд наанаас нь очих хооронд машиных нь зүүн талын шанааны хуванцарыг мөргөөд кабиныг нь цөмлөөд хаячихсан. Би жолооч талын хаалгыг нь цохитол настайвтар ах жолооны араас бууж ирсэн. Машины цаана одоо энэ жолооч Батмөнх зогсож байсан. Бодвол ухрахад нь арыг нь харж өгч байсан байх. Би настай ахыг та хойд машинаа мөргөчихлөө ш дээ гэхэд тэр ах машинаа асаалттай нь орхиод бууж ирээд мөргүүлсэн машиныг очиж харсан. Тэгээд буцаж суугаад машинаа урагшлуулсан. Тэр үед араас Мөнхбаатар, Буяннэмэх хоёр ирсэн. Тэд машин тэрэг эвдчихлээ гээд тэр ах руу хэдэн үг хэлсэн. Буяннэмэх жаахан тавтиргүй зан гаргаад тэг хөгшин ах хүүтэй маргалдсан.

Би асаалттай машины урдуур тойроод жолоочийн тал руу гартал одоо энэ Батмөнх кабиндаа ороод жолооны ард суучихсан харагдсан. Тэгснээ гэнэт их огцом хөдлөөд ухарсан. Тэгтэл дээлтэй залуу хүн дайрчихлаа ш дээ гэж орилохоор нь би урдуур баруун тал руу гараад хартал өмнөх шигээ найзын маань машин руу чиргүүлээрээ шүргэчихсэн байсан ба ухарсан машины баруун хойд тэнхлэгийн дугуйны доороос дайрагдсан хүний хөл цухуйж байсан. Бид бүгдээрээ чи хүн дайрчихлаа урагшлаач ээ гээд орилоход нөгөө жолооч машинаа урагшлуулаад ухрахаасаа өмнө байсан байран дээрээ зогсоосон. Тэгээд харахад Буяннэмэх найз маань газарт ямар ч хөдөлгөөн хийлгүй хэвтэж байсан. Тэгээд бид айгаад ойртож хараагүй, ийш тийш гүйгээд цагдаад дуудлага өгүүлсэн. Би Атарсайхан, Ууганбат хоёр руу утастаж болсон явдлын талаар хэлж мэдэгдсэн... Тэр орой машин мөргөгдөх үед тэр хоёр муудалцаагүй, харин өдөр нь очиж авах үед хэдэн залуустай талийгаач жаахан маргалдсан байдалтай байсан. Тэдгээр залуус дотор Батмөнх байсан эсэхийг анзаараагүй... Гадаа харуй бүрий болчихсон байсан, мөн чиргүүл хайчлагдаж зогсож байсан болохоор жолооч буруу талын толиндоо талийгаачийг харах боломжгүй байсан. Үүнийг шланз жолооддог жолооч бүр хэлэх байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Атарсайханы өгсөн: “...тэгээд буцахдаа талийгаач Буяннэмэхийг Алтанговийн үүдэнд очерт байгаа машин дээр нь буулгахаар ирээд зогстол хажуугийн машин ухрахдаа чиргүүлээ кабиных нь зөв талын буланг шүргэчихсэн. Эхлээд Нармандах буугаад ухарч буй машин руу гүйгээд явсан. Түүний араас Буяннэмэх, Мөнхбаатар явсан. Би хамгийн сүүлд машинаас буугаад араас нь очтол нэг буурал үстэй настай ахтай манай гурав маргалдаад машин тэрэг мөргөчихлөө гээд байж байсан. Талийгаач, Мөнхбаатар хоёр нөгөө хөгшин ахтай хэл амаараа муудалцаж тэр ахтай барилцаж авахаар нь Нармандах салгасан. Нөгөө ах ч ахыгаа уучлаарай ах нь энийг төлж өгнө гэсэн. Тэгээд л асуудал намжсан тул би очерт үлдээсэн машиндаа санаа зовоод харалдаах зам дээр орхисон машинруугаа гүйсэн. Машиндаа очоод хувцсаа тайлаад хэвтэх гээд байж байтал Нармандах миний утас руу залгаад Нэмэхээ маань явчихлаа ш дээ гээд уйлаад бахирахаар нь би хувцсаа өмсөөд гарч гүйгээд нөгөө хэд дээр эргээд очтол тэд машинуудын наана зогсчихсон уйлалдаад байж байсан. Би талийгаачийг ойртож очиж харж чадаагүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд үзлэг хэмжилт хийсэн...тэр Батмөнх гэх жолооч нэлээд согтуу байсан. Тэр хэн нэгэнтэй сүртэй маргалдаж муудалцаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 38 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аруинцэцэгийн өгсөн:”...Би Батмөнхтэй гэр бүл болоод 4 жил хамт амьдарч байна. Хамгийн бага охин маань Батмөнхөөр овоглодог бөгөөд бусад хүүхдүүд маань өөр эцэгтэй байсан юм. Одоогоор би Улаанбаатарт байх гэртээ хүүхдүүдээ харж хандаад байж байдаг, нөхөр Батмөнх маань Гашуун сухайт боомт орчимд нүүрсний машин барих ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан юм. Тэгэд энэ осол хэрэг болсоныг дуулаад Улаанбаатараас өнөөдөр ирлээ. Батмөнх илүү дутуу ааш зангүй, хүнтэй эвтэй зөв харьцдаг, гэр орондоо элюэв авир зан гаргаж байгаагүй, дагавар хүүхдүүдээ өөрийн хүүхэд шиг л хайрладаг хүн байгаа юм. Архи дарсыг нэг их уугаад байдаггүй л юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Доржчангын өгсөн:”...Би түүнийг 2012 оны 08 сараас эхэлж таньж мэдэх болсон. Бид нэг компанид хэмт ч ажиллаж байсан. Нэг машинаар хамт тээвэрт ч явж байсан нэлээд дотно нөхөрлөдөг найзууд байгаа юм. Д.Батмөнх нэблээд зөөлөн зантай, хүнтэй нэг их буруу харьцаад байдаггүй дандаа инээж хөхөрч явдаг, нөхөрсөг, найзуудынхаа дунд нэр хүнд сайтай илүү дутуу олон зангүй тийм л хүн байгаа юм. Эхнэр хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд би тэднийх нь талаар сайн мэдэхгүй....Саяны болсон осол хэргийн хувьд би сайн мэдэхгүй ч манай найз санаатайгаар хүн дайраад алчих хүн бол биш гэдгийг би сайн мэднэ. Санамсар болгоомжгүйгээр машинаа хөдөлгөөд л хүн дайрчихсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Жахсылыхын өгсөн:”...Тэр янз бүрийн элдэв зангүй, хааяа нэг архи дарс уудаг боловч нэг их асуудал гаргаж агсан согтуу тавьдаггүй, хүнтэй тэр болгон муудалцаад байдаггүй, дажгүй залуу гэж би түүний талаар боддог” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бямбацогтын өгсөн: “...бид хоёр хамт Амгаланбаатарын машинд ороод хоол хийж идчихээд тэр машиндаа унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед босоод ирсэн чинь хүн машинд дайрагдаад нас барсан талаар яриа гарсан байсан. Хэн гэж хүн ямар учраас дайрагдсаныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Отгонбатын өгсөн: “...Би 90-41 ӨМӨ дугаартай “Божманайзууд” ХХК-ийн Нордбенз машинаар нүүрс тээвэрлэх ажил эрхэлдэг юм. Тэр осол болдог өдөр би машинаа Алтанговийн очерт үлдээчихээд харуй бүрий болж байх үед Мандах гэх жолоочийн хамт замын цаадах дэлгүүр рүү алхаж очиж ус авчхаад буцаад машинруугаа очих гээд явж байхад миний машины зүүн гар талд зогсож байсан Нордбензийг асаагаад урд гэрлийг нь татчихсан нормалдаад зогсож байсан. Би тэр машины зүүн талаас нь очиж урдуур нь өнгөрөх үед нөгөө машины буруу талаар гурван хүн цаашаа алхаж байгаа нь миний барьж явсан гэрлийн үзүүрт харагдсан. Тэгээд би өөрийнхөө машины дэргэд очих үед асаалттай байсан машин гэнэт хойшоо ухарсан, тэгтэл нөгөө гурван хүний нэг нь “хүн дайрчихлаа” гээд орилохоор нь би нөгөө ухарсан машины жолооч руу хараад чи хүн дайрчихлаа зогсооч ээ гээд доороо дэвхрээд хэлсэн. Би тэр үед их сандарч бачимдсан. Дараа нь харахад ухарсан машин буцаад урагшлаад зогсчихсон харагдсан. Би сандарсандаа болоод машиныг яагаад урагшилсныг ч санахгүй байна. Тэгээд л бөөн юм болоод яанаа, ийнээ болоод нэг залуу манай найзыг алчихлаа гээд л орилоод байсан. Би дайрагдсан хүн рүү ойртож ч хараагүй. Тэгээд нэг жолооч гүйгээд Алтанговийн хаалга руу хэл хүргэсэн. Тэр харуул цаашаа хүмүүст хэлээд цагдаа руу дуудлага өгсөн байх. Яг миний машины хажуугийн машинд хүн дайрагдсан болохоор би машинруугаа орж чадахгүй өөр хүмүүсийн машинд ороод, гадаа зогсож байтал цагдаа нар ирсэн. Би нэрийг нь мэдэхгүй байна. Одоо энэ цагдаагийн гадаа байгаа махлагдуу бор залуу машин ухраасан хүн мөн байна... Тэр жолооч ямар нэгэн анхааруулах дохио, чимээ өгөлгүй гэнэт л ухарсан... тэр машины чиргүүл эгцрээгүй жаахан хөндөлдөж зогссон байсан. Талийгаачийг сүүлд харахад чирэгчийн баруун талын хойд тэнхлэгийн дугуйнд дайрагдсан бололтой харагдаж байсан. Толиндоо харах боломжгүй байсан байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Өнөрбаярын өгсөн: “...Би 85-36 ӨМӨ улсын дугаартай “Божма найзууд” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз машинаар нүүрс тээвэрлэх ажил эрхэлдэг юм. Тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Алтанговь гэдэг компанийн очерт машинаа зогсоогоод кабин дотроо унтаж байсан. Орой 18 цагийн хавьцаа Батмөнх надруу утасдаад тэрэг янзлаад тавиатах гэж намайг гуйсан. Тэгээд миний машины зүүн талын зүүн талд очерт зогсож байсан Батмөнх дээр яваад очсон. Батмөнх өөрөө машинаа асаачихсан хийгээ хураагаад хаазлаад машин дотроо сууж байсан. Түүний машины чиргүүл чирэгчийнхээ дагуу биш зөв талруугаа хайчлаж хөндөлдсөн байдалтай байрлаж байсан. Түүний машины баруун талд 86-16 ӨМӨ дугаартай цагаан толгой, хүрэн өнгийн чиргүүлтэй нүүрсний машин Батмөнхийн машины чиргүүлийн харалдаа зогссон байсан. Тэгээд би Батмөнхийн машиныг бариад Батмөнх хажууд суугаад би машины чиргүүлийг тэгшилж тавихаар хойшоо ухрах үйлдэл хийсэн. Тэгж ухрахдаа би Батмөнхийн машины чиргүүлийн буруу талын урд хэсгээр 86-15 ӨМӨ дугаартай машины кабины жолооч талын хар карлантай буланг шүргэчихсэн юм. Тухайн үед гадаа харанхуй байсан, мөн арын тэргэнд жолооч байхгүй бололтой гэрлээ асаагаагүй байсан болохоор би харалгүй шүргэчихсэн юм. Тэгтэл гадна хаалга руу нэг залуу ирж цохиод машин шүргэчихлээ гэж хэлэхээр нь би машиныг буцааж урагшлуулж тавиад карданаа татчихаад асаалттай чигээр нь орхиод машинаас буутал нэг махлагдуу биетэй залуу “та машин шүргээд эвдчихлээ” гээд миний хувцаснаас зууралдсан, түүний хамт 2-3 залуу байсан. Тэд архи дарс уусан бололтой халамцуу байсан. Би тэдэнд хүний амь наснаас илүү үнэтэй машин гэж байдаг юм уу би машины хохирлыг чинь төлөөд өгье гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ эв зүйгээ олоод би машиныг нь янзлуулж өгөхөөр болоод Батмөнхийн машины өмнүүр тойроод шүргэсэн машины дэргэд очоод эвдэрлийг нь хараад яриад зогсож байтал гэнэт нэг хүн хүн дайрчихлаа зогсооч ээ гээд орилсон. Тэгээд хартал Батмөнхийн асаалттай нормалдаад зогсож байсан машин ухарчихсан тэр машины толгойны буруу талын хойт хоёр тэнхлэгийн дугуйнуудын доор нэг хүн дайрагдчихсан, дайруулсан хүн дугуйнуудын доор хэвтэж байгаа харагдсан дайрагдчихлаа гэж орилсон дээлтэй залуу жолоочид хэлээд машиныг буцаж урагшлуулсан. Дайруулсан хүн босож ирэхгүй нас барсан нь харваас ойлгомжтой байсан. Батмөнх машинаа урагшлуулчхаад бууж ирээд дайруулсан хүнийг харчхаад би яанаа хүн дайраад алчихлаа ш дээ гээд хэлж байсан. Түүний өмнө би Батмөнхийг машиндаа суусныг, машинаа ухрааж байгааг анзаараагүй юм. Тэгээд л цагдаа сэргийлэхэд мэдэгдэх ёстой гээд тал тал тийшээ гүйлдээд байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхдалайгийн өгсөн: “...Би тухайн үед Цагаанхад дахь “Алтанговь транс” ХХК-ны нүүрс ачиж буулгах талбайн үүдэнд харуулаар ажиллаж байсан. Талбайн гадаа богины тээврийн машинууд орохоор очерлосон байсан. Тухайн өдөр богины тээврийн хэрэгсэлд нүүрс ачдаггүй өдөр байсан. Орой 18 цаг 40 орчим минутын үед богины машинуудын очерийн тэндээс нэг нь нэгнийгээ дайрчихлаа гэхээр нь би жолоочийг дагаж яваад очер дээр очтол хамгийн арын эгнээнд зогссон машин ухрахад нь дайрагдсан бололтой түрүүлгээ харсан эрэгтэй хүн газар хэвтэж байгаа харагдсан. Би ойртож очоогүй буцаж путик дээрээ очиж станцаар талбайн зохицуулагч Түвшинсайхан ахад болсон явдлыг хэлсэн. Түвшинсайхан ах цагдаад дуудлага өгсөн... Харуулын ажилтнууд нүүрсний машины жолоочийг талбайруу ороход нь машин тэргийг нь голчлон шалгаж нэвтрүүлдэг. Мөн согтуу жолооч байвал талбайруу нэвтрүүлдэггүй юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 49 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Түвшинсайханы өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны бүтэн сайн өдөр 18 цаг 40 орчим минутын үед Цагаанхад дахь “Алтанговь Транс” ХХК-ны нүүрс ачиж буулгах талбайд ажлын өрөөндөө сууж байтал станцаар харуул Г.Энхдалай болсон осол, хэргийн талаар анх мэдэгдсэн. Тэгээд би өөрийн утсаараа Ханбогдын цагдаагийн утас руу залгаж ослын талаар анх мэдэгдсэн. Дараа нь ослын газарт очиход тэр орчмоор хүмүүс бөөгнөрчихсөн байсан. Би одоо цагдаа нар ирнэ ослын газарт хамаагүй ойртож болохгүй гэдгийг хэлээд цагдаа нар иртэл тэр орчимд байж байсан...Бүтэн сайн өдөр ачилт хийгддэггүй учраас машинууд талбайн гаднах талбай дээр очерлоод зогсож байдаг. Тэр үед машины жолооч нарт хяналт шаардлага тавих боломж байдаггүй... талбай руу орох үед нь тээврийн хэрэгслийн тэвш багаж, кабиныг шалгаад жолоочийн нэр машины дугаарыг бүртгээд машиныг дотогш оруулдаг юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 50 дугаар хуудас/

“Шин Лун Юуан” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2016/58 итгэмжлэл олгох тухай албан бичигт: “Манай компанийн ХАБ-ын ажилтан Ж.Бор нь 85-16 ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч Д.Батмөнхөд холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөхөөр манай компаниас итгэмжилж байна...” гэснээр болон ажилд томилох тушаал / хх-ийн 51 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Борын өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой манай “Шин Лун Юуан” ХХК-ийн эзэмшлийн 85-16 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг жолооч Батмөнх жолоодож Цагаанхадны “Алтанговь” компанийн очерт зогсож байгаад ухрахдаа “Божманайзууд” ХХК-ийн 86-16 ӨМӨ улсын дугаартай машины жолооч Буяннэмэхийг дайрч амь насыг нь хохироосон осол, хэрэг дээр компанийг төлөөлж байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар “Шин Лун Юуан” ХХК-иас намайг томилсон юм. Тухайн хэрэг осол болсоны дараахан би ослын газарт очсон. Талийгаач аль хэдийн нас барсан бололтой ухарсан машины дугуйны ард хэвтэж байсан. Би тэр орчим хүн ойртуулахгүй машин тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаад байж байтал Ханбогд сумын цагдаагийн ажилтнууд ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 53-54 дүгээр хуудас/

“Шин Лун Юуан ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тогтоол /хх-ийн 55 дугаар хуудас/

“Божманайзууд” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2016/111 дугаартай албан бичигт: “...Манай компанийн бичиг хэргийн ажилтан болох А.Майцэцэг нь 86-16 ӨМӨ тээврийн хэрэгслийг жолоодож байгаад амь насаа алдсан Б.Буяннэмэхэд холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөхөөр манай компаниас итгэмжлэл олгож байна...” гэснээр болон ажилд томилох тушаал /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Майцэцэгийн өгсөн: “... чиргүүл эвдрэл учраагүй, харин 86-16 ӨМӨ дугаарын чирэгчийн кабины зүүн урд булан шүргэгдэж тэр орчмын гаднах хийцүүд хонхойж бага зэрэг эвдэрсэн байсан. Тэр машинд өөр ямар нэгэн эвдрэл учраагүй...нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №4 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...толгой, цээж хэвлийн хавсарсан гэмтэл, гавал яс, нүүрний яснуудын үүрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, тархи гадагшилалт, баруун уушигны доод дэлбэнгийн хатгагдсан шарх, зүүн 2-9, баруун 8-11 дүгээр хавирганы дан хугарал, элэгний задрал, хошногоны урагдал шарх, баруун зүүн шилбэ, баруун гуя, өвдөг, баруун тавхайн гадна хэсгийн цус хуралт, баруун хөлний эрхий долоовор хурууны завсар урагдсан шарх...талийгаачийн биед дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаантай шууд холбоотой болно, талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэснээр / хх-ийн 62 дугаар хуудас/

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №10334 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Буяннэмэхийн гэх цусанд 4.2 промилли спиртийн агууламж илэрч байна, цусан дахь 4.2 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэснээр / хх-ийн 64 дүгээр хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-нд : “...Нордбенз маркийн 85-16 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Д.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг... Д.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан: “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов...” гэснээр /хх-ийн 65-66 дугаар хуудас/

2016 оын 12 дугаар сарын 12-ны өдрийн №29 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...85-16 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Жолооч хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв...” гэснээр / хх-ийн 68 дугаар хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №2447 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...зүүн булан шанаа 35000 төгрөг, зүүн шанаа 32000 төгрөг... шууд учирсан хохирол нийт 67000 төгрөг...” гэснээр / хх-ийн 70 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Батмөнхийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-81 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Батмөнхийг яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 82 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Батмөнхийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн хэрэг гарсан өдөр өөрийн жолоодож явсан 06-40 БЧ дугаарын чиргүүлтэй, 85-16 ӨМӨ дугаартай Нордбенз машинаа Цагаанхадны Оюутсүмбэрийн гаднах зогсоол руу аваачиж тавьсан. Тэгээд хамгийн хойд талын эгнээнд 5 дахь машины араас байрлуулаад зогссон... тэгээд тэр өдрөө машинаа хөдөлгөхгүй очерт хонох нь тодорхой болсон тул найз Бямбаалай, Аамаа бас хоёр залуутай хамт Бямбаалайгийн машины кабинд хоёр шил архи хувааж уусан. Тэгээд би өөрийн машины кабинд ороод унтсан. Хэсэг унтаж байгаад оройн 18 цагийн үед сэрээд жолооч Өнөрөө ахруу утсаар ярьсан “Дүү нь жаахан уучихсан байна. Та дүүгийнхээ машиныг эгцлээд зогсоогоод өгөөч” гэж Өнөрөө ахаас гуйсан. Өнөрөө ах над дээр ирээд миний машиныг асааж хий хураалгаад ухрах үйлдэл хийсэн. Тэгж ухрахдаа миний машины буруу талын хойно зогсож байгаа машины шанааг чиргүүлээрээ шүргэчихсэн. Машин шүргэхийг мэдээд зогсоод машинаа буцааж урагшлуулсан. Тэр үед талийгаач Буяннэмэх гүйж ирээд Өнөрөө ахтай маргалдсан. Талийгаачтай хамт хоёр, гурван залуу хамт ирцгээсэн байсан. Тэгээд мөргүүлсэн машиныг үзэж хараад тэдгээр хүмүүс яваад өгөх шиг болсон. Би тэгэхээр нь машиндаа орж суугаад машинаа өөрөө тэгшлээд тавьчихъя гэж бодоод хэд хаазлаж ухрах хөдөлгөөн хийж байтал буруу талын машины дээл өмссөн жолооч “хөөе зогсоорой чи хүн дайрчихлаа” гээд доороо дэвхцээд орилсон. Тэгээд би зогстол хүн дайрагдчихлаа буцаад урагшил гэхээр нь би машинаа буцааж урагшлуулаад машинаасаа бууж, машинаа тойроод буруу талд гүйгээд очтол талийгаач машины чирэгчийн арын дугуйнуудад дайрагдсан хэвтэж байсан. Тэгээд би сандраад эмнэлэг цагдаа дуудаач ээ гэж орилсон. Дайруулсан хүн рүү хүмүүс ойртоогүй би цагдаа нарыг иртэл Өнөрөө ахын машины кабинд сууж байсан...Би ухрахаасаа өмнө машины ойр орчмыг биеэр шалгаагүй, анхааруулах дохио сигнал өгөөгүй, тэр үед машин асаалттай, хий хураагдсан, чиргүүлийн хажуугийн оврын жижиг гэрлүүд асч байсан...Чиргүүл хайчлагдаж зогссон болохоор тэр толины харагдах байдлыг чиргүүлийн булан хаачихсан байсан. Дээрээс нь орчинд гэрэлтүүлэг байгаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан...намайг драйгер багаж 0.50 хувийг зааж байсан...хийсэн хэрэгтээ харамсаж байна... “ гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд /хх-ийн 86-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Батмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Батмөнх нь данс эзэмшдэг талаарх арилжааны банкнуудын лавлагаа болон эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 94-103 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Батмөнхөд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан баримт /хх-ийн 104-106 дугаар хуудас/

Тээврийн үйл ажиллагаа хамтран эрхлэх гэрээ /хх-ийн 107-110 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төв, тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 113-118 дугаар хуудас/

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 128-129 дүгээр хуудас/

            Талийгч Б.Буяннэмэх, С.Аззаяа нарын гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 134 дүгээр хуудас/

Талийгч Б.Буяннэмэхийн охин Б.Энхжин, А.Хүслэн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 133, 135 дугаар хуудас/

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн №2410 дугаартай тодорхойлолт /хх-ийн 158 дугаар хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой баримтууд / хх-ийн 139-171 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Дашсүрэнгийн хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 167, 173, 175 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Батмөнхийн яллагдагчаар хэргийн материалтай танилцсан баримт /хх-ийн 178 дугаар хуудас/

Хохирол төлбөрт 12.000.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 182-183 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганхуягын хохирол төлбөрт 4.300.000 төгрөг хүлээн авсан тухай баримт /хх-ийн 184 дүгээр хуудас/

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн №323 дугаартай тодорхойлолт /хх-ийн 186 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар үйл ажиллагаа явуулж буй “Алтан говь” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн гаднах зогсоол дээр 85-16 ӨМӨ улсын дугаартай, “Шинлунюуан” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 7.17 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Буяннэхэмэхийг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганхуягын мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Ц.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэрч Н.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч О.Атарсайханы мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Ц.Өнөрбаярын мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...Нордбенз маркийн 85-16 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Д.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг, ...Д.Батмөнх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №29 дугаартай “...85-16 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Жолооч хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй... “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байх тул Д.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Хавтаст хэргийн материалд нийт 18.581.215 төгрөгийн баримт авагдсан байгаа ба Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжилж байгаа ба иргэний хариуцагч Божманайзууд ХХК-аас  хохирогчид 12.000.000 төгрөгийг төлсөн /хх-ийн 181-183 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Батмөнх 7.300.000 нийт 19.300.000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Д.Батмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан зэрэг нөхцөлийг ял хүндрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Майцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...чиргүүл эвдрэл учраагүй, харин 86-16 ӨМӨ дугаарын чирэгчийн кабины зүүн урд булан шүргэгдэж тэр орчмын гаднах хийцүүд хонхойж бага зэрэг эвдэрсэн байсан. Тэр машинд өөр ямар нэгэн эвдрэл учраагүй...нэхэмжлэхгүй...” /хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэснийг дурдах нь зүйтэй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь иргэний хариуцагч “ШинЛунЮуан” ХХК-аас Б.Буяннэмэхийн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар иргэний хариуцагч “ШинЛунЮуан” ХХК-аас шаардах эрхтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д зааснаар 23.142.000 төгрөгийг тухайн автомашины хууль ёсны эзээмшигч “ШинЛунЮуан” ХХК-аас гаргуулах хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хариуцагч “ШинЛунЮуан” ХХК-ийн төлөөлөгч Ж.Бор нь хохирогчийн талд 12.000.000 төгрөг төлсөн бөгөөд нэмж нэхэмжилсэн 23.142.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч уг 12.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Божманайзууд” ХХК-аас төлсөн болох нь хавтаст хэргийн 182-183 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул иргэний хариуцагч “ШинЛунЮуан” ХХК-аас 23.142.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчны 11б гудамж, 7 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Түмэнбаатарын Нарантуяа /РД:Д Г65092507/-д олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хууль ёсны эзэмшигч “ШинЛунЮуан” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэж, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Их мэргэд овогт Дашсүрэнгийн Батмөнхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батмөнхөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батмөнхийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д зааснаар иргэний хариуцагч “ШинЛунЮуан” ХХК-аас 23.142.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 11б гудамжны 7 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Түмэнбаатарын Нарантуяа /РД:ДГ65092507/-д олгосугай.

5. Ялтан Д.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нодбенз автомашины 1 ширхэг дугуйг хууль ёсны эзэмшигч “ШинЛунЮуан” ХХК-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Батмөнхөд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батмөнхөд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО