Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2018/00011

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

 Дугаар 223/МА2018/00011

 

 

А.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2018/00392 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Т холбогдох,

“гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “охин Т.Шинэжилийн асрамжийг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц, түүний өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагч А.Т, нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Т бид хоёр 2011 оны 5 сард танилцаж үерхэж эхэлсэн. 2011 оны 10 дугаар сард тусдаа гарч айл гэр болж 2012 оны 12 сард охин Т.Шинэжил төрж, 2016 оны 12 дугаар сард хүү Т.Шинэбаатар төрсөн. 2 хүүхэд надтай хамт амьдарч байгаа. Шүүхээр гэрлэлт цуцалж, 2 хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бид 2 хоорондоо таарч тохирохгүй, архи уудаг, сэтгэл санаагаар дарамталдаг, доромжилдог, архи уухаараа юу ч хамаагүй авч шидэж хайр найргүй цохидог, суугаад удаагүй байхаасаа эхлээд зодсон. Хэзээ намайг хаанаас ирээд зодох бол гээд айдаг. Намайг өмөөрч хамгаалах хүмүүс байдаггүй. Би багаасаа өнчин өрөөсөн ах дүү нар хол байдаг. Чамайг яасан ч яахав ална гэдэг. Сэтгэл зүйн хувьд дарамттай, 2016 оны 12 сараас тусдаа амьдарсан. Би одоо Дархан уул аймаг Ц.Цэвээндорж гэдэг айлд амьдардаг. Манай хамаатан ахынх гэртамьдардаг эхнэр хүүхэд 3 хүүхдийн хамт 5 уулаа амьдардаг бид 3-тай нийлээд 8 уулаа амьдардаг. Миний өөрийн гэсэн 4 ханатай гэр байгаа. Тэр гэрийг ажил хийж байгаад худалдаж авч байсан. А.Т-ийн гэрийнх нь гадаа хураалттай байгаа одоо ажил хийхгүй байгаа. Цалинтай ээж 50.000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөг авдаг гэв. Сард 70.000 төгрөгөөр хүүхдүүдээ тэжээдэг. Иймд гэрлэлт цуцалж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..А.Ц бид 2 анх 2012 онд гэр бүлээ батлуулаад хамт амьдарч эхэлж байсан. Аав ээжээсээ тусдаа гараад 2 уулаа бааз дээр ажил хийдэг байсан. 2 хүүхэдтэйгээ сайхан амьдарч байсан. 2016 оны 4 дүгээр сард 4 үүлээ хот орж ирээд эмнэлэгт үзүүлээд тэр чигтээ хүүгээ аваад явсан. Би охинтойгоо амьдарч байгаад зун орж ирэхэд айл гэр үймүүлсэн янз бүрийн асуудал үүсгэчихсэн байсан тэгээд салъя гэж шийдсэн. 2 хүүхдийнхээ төлөө амьдарч байсан. 1 жил гаран хойноос нь гүйсэн эвлэрэхгүй нэг ч удаа за гэж хэлээгүй. Салснаас хойш 2 хүүхэд байнга ээж дээрээ байгаагүй зун болохоор аваад ирдэг цагаан идээн дээр байдаг. Буцаад ээж дээрээ очдог. Шинэ жил хүртэл ээж дээрээ байж байгаад, цагаан сараар ирсэн. Хүүхдүүд аваад хаана явж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог хотод орж ирээд ажил хийгээд өөр хүнтэй амьдарч байгаа гэж дуулсан. Нэхэмжлэлийн тал дээр охин хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Хүү жаахан байгаа учраас ээж дээрээ байсан нь зүйтэй гэхдээ яваандаа өөр дээрээ авна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байгаа, хүүхдийн тэтгэлэг дээр том охиноо өөр дээрээ авах хүсэлттэй байгаа. Нэхэмжлэгч А.Ц халамж, хайр байхгүй хайр сэтгэлгүй юм байна гэдгийг нь мэдэрсэн. Миний хань багаасаа өнчин өссөн гээд ойлгодог байсан одоо бол хамт амьдрах боломжгүй.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хульч овогт А.Ц, А.Т нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Шинэжилийг эцэг А.Т-ийн, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Шинэбаатарыг эх А.Ц-ын асрамжид үлдээж,

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Т.Шинэбаатарыг эцэг А.Т-тэй, охин Т.Шинэжилийг эх А.Ц-тай хүссэн үед нь уулзуулж хамт байлгахыг эцэг А.Төмөр, эх А.Ц нарт үүрэг болгож,

Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч А.Т-с нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 59 672 төгрөг гаргуулж төрийн санд оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч А.Ц давж заалдах гомдолдоо:  “... Миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2018/00392 дугаартай шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие нөхөр болох А.Т-тэй 2012 онд гэр бүл болоод охин Шинэжилийг 2012 оны 12 сарын 19-ний өдөр төрүүлсэн, хүү Шинэбаатарыг 2016 оны 02 сарын 10-ны өдөр төрүүлсэн. Хүүхдүүд маань төрсөн цагаасаа хойш байнга надтай амьдардаг юм. Шүүх миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ А.Т-ийн асрамжид том охин Шинэжилийг өгөхөөр шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна. Миний бие хоёр хүүхдээ үргэлж надтай хамт байгаасай гэж бодож байна. А.Төмөр байнга гэртээ байдаггүй, улирлын шинжтэй ажил хийдэг. 2017 оны 10 сард нэг удаа охинтойгоо уулзаад Улаанбаатар хотод буудалд өөрөө согтуу охин маань уйлсан байдалтай байхад би А.Т-ийн дүүгээс хаана байгааг нь залгаж очиж авч байсан юм. Одоо нийгэмд янз янзын аймшигт гэмт хэрэг их гарч байнга охин маань ээжтэйгээ байх нь түүнд хэрэгтэй бас аюулгүй мөн А.Т нь архи уудаг агсам согтуу тавьдаг учраас л би гэрлэлтээ цуцлуулж байгаа билээ. Гэтэл шүүх миний бяцхан охины ирээдгүйг бодолгүйгээр аавынх нь асрамжид үлдээж байгаад маш их гомдолтой байна. Миний бие шүүх хурал дээр өөрийн гэр оронгүй гэж ярьсан энэ нь л охины маань аавд үлдээх шалтгаан болсон байх гэж бодож байна. Шүүх хурлаас хойш би түрээсийн байранд амьдарч байгаа ч хүний эх хүн ээж учраас ямар ч байсан хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хичээж ажиллах болно. Шүүх хурлаас хойш А.Төмөр нь охин Шинэжилийг надад өгч, чи муу юу чаддаг юм чамайг хаа байгаа газарт чинь очиж ална” гэх зэргээр элдэв янзаар хэл амаар доромжилж айлган сүрдүүлж байна. Би ийм ёс суртахуунгүй архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, согтуу үедээ өөрийн биеэ хянах чадваргүй хүнд охин хүүхдээ өгчихөөд явж байхад надад үнэхээр хэцүү байна. Хүү маань ч эгчтэйгээ ижил дасал болсон байхад хоёр талд бие биенийг нь хагацлын зовлонд унагаамааргүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2018/00392 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, охин Шинэжилийг миний асрамжид үлдээж өгөөч гэж хүсэж байна. ” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай А.Ц-н нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-14.1.6. болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7., 132 дугаар зүйл, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэний хэрэг үүсгэх үедээ гэрлэгсдийг  шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар  эвлэрүүлэх ажиллагааг санал болгоогүй, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэх  журмыг зөрчсөн байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрт талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй байна. Мөн хуулийн 6.5-д “Энэ хуулийн 6.3...-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн ба 65.1.3 дахь хэсгийн заалт нь “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэсэн нөхцөлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн боловч нэхэмжлэгч уг журмыг хэрэглэх боломжгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой гэсэн агуулга байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14.1., 14.4-т заасны дагуу гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлтэй болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл цуцлах тухай маргаантай хэргийг шүүх шийдвэрлэх ба шүүх энэ хуулийн 14.2.-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар хуульд зохицуулагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар гэрлэлт цуцлалтын талаар гэрлэгсэд харилцан тохиролцсон гэж үзэх, 14.4. дэх хэсгийн заалтаар байнгын  хүчирхийллийн улмаас гэрлэлтийг шууд цуцлах болсон нөхцөл байдал болон шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч А.Т гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, охин Т.Шинэжилийг өөрийн асрамжид авах тухай тайлбар гаргаж, хүүхдийн асрамжийн талаар маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Шинэжилийг асрамжиндаа авч, эхээс нь тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гэж гаргасныг шүүх энэ талаар үндсэн нэхэмжлэл гарсан байхад сөрөг нэхэмжлэлээр хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулах зэрэг ажиллагаа хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцээгүй байна./хх-ийн 20-21-р тал/

 Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан асуудлаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1., 72 дугаар зүйлийн 72.2.2.-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариуцагчийн тайлбар гэж үзнэ. Харин нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах талаар шаардлага гаргаагүй бол хариуцагч тухайн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч А.Ц нь охин 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Шинэжилийг эцгийнх нь асрамжид үлдээсэн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба шүүх гэрлэгсдийг шүүх хуралдаан дээр хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсоныг үндэслэн эцгийнх нь асрамжид үлдээсэн гэж шийдвэрийнхээ үндэслэлд дүгнэжээ.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч А.Ц нь “...би 4 ханатай гэрээ аваад хоёр хүүхэдтэйгээ амьдарч чадна. Охин Т.Шинэжилийг түр хугацаагаар аавынх нь асрамжид өгч болно. Нэг нэгээр нь аваад тэтгэмж төлөхгүй байж болно” гэснийг хариуцагч А.Төмөр нь хүлээн зөвшөөрч байгаагаа тайлбарласан байна. /хх-ийн 54-р тал/

Гэрлэгсдийн дээрх тайлбар нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасан “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ... тухайгаа бие даан ... харилцан тохиролцож болно” гэсэн хуулийн үндэслэлийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байхаас гадна нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт өгч хүүхдийн асрамжийг шийдвэрлэх боломжгүй, энэ талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасны дагуу хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож шийдвэрлээгүй атлаа хариуцагч А.Төмөрөөс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох хэмжээнээс 59 672 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.дэх хэсгийн заалтад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр охин Т.Шинэжилийг эцэгт нь үлдээхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1.-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2018/00392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч А.Ц-ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА                

                                          ШҮҮГЧИД                                       Т.ЭНХМАА

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР