Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******гийн *******, / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан согтуурсан үедээ 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын дугаар багт байрлах өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ийг ямар ч шалтгаангүйгээр түүний толгой руу аяга шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ эхнэр *******тэй маргалдаж байгаад ууж байсан пивоны аягыг шидэж эхнэрийн толгойг хаглаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, манай эхнэр аймаг дээр хүнтэй уулзаж байсан эгж хүн хэлсэн мөн гэртээ ирсэний дараа “хайраа” гэсэн мессеж ирсэн байсан тэгээд пиво ууж байгаад аягаа шидээд цохисон юм  гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2023 оны 05 сарын 16-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ байж байхад манай нөхөр ******* утсаар залгаад “янхан минь гэр битгий бузарлаад байгаарай” гэхээр нь би гар утсаа салгасан. Орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Тэгээд удаагүй архи уучихсан согтуу гэртээ орж ирээд хэрүүл нэхээд тайван байлгаагүй. Би юм хэлээгүй дуугүй байж байгаад хоол хийж өгтөл тэрнээс идчихээд гарч яваад нэг сэнгүүр гэсэн 2.5 литрийн пиво аваад буцаж орж ирээд уусан. 23 цаг өнгөрч байхад дахин хэрүүл нэхээд хэл амаар доромжлоод байхаар нь би дуугүй байж байтал гэнэт баруун талын шанаа руу халуун оргиод юмаар цохичих шиг болохоор нь толгойгоо дартал цус урсаад гараад ирсэн. Аягаар толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед аягыг хагарахаар нь хаячихсан.2022 оны 10 сард эрүүлдээ хэрүүл хийж байгаад тамхины үнсний саваар толгойны зүүн тал руу цохиод хагалж байсан тухайн үед би цагдаа болон эмнэлэгт хандаагүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /,

....Тухайн өдөр уурандаа хэлсэн.Тэрнээс бол зодож нүддэг зүйл байхгүй.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Манай найз миний утас руу байна уу хайраа гэсэн мессеж явуулсан байсан тэрнээс болж хэрүүл маргаан хийсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 16,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2023 оны 05 сарын 17-ны өдөр жижүүр эмчээр гарч байхад 23 цагийн үед эмнэлэг дээр гэх эмэгтэй толгойгоо хаглуулсан байдалтай ирсэн. Үзлэг хийхэд толгойны баруун хойд талын дээд хэсэгт ямар нэгэн эд зүйлээр цохигдож зүсэгдсэн шархтай, цус их хэмжээгээр гарсан байсан тул цэвэрлэгээ хийж шархыг цэгцлээд толгойн хэсэгт 2 оёдол тавиад боож өгсөн. Ил харагдах шарх сорви байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн:

1.2. *******гийн биед баруун чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ....гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 / болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 58/,  шүүгдэгч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 3-н хуудас нотлох баримтуудыг гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын дугаар багт байрлах өөрийн гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах  эхнэр *******г хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгой руу пиво ууж байсан аяга шидэж, эрүүл мэндэд баруун чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь эхнэрийн утсанд “хайраа” гэсэн мессеж бусдаас ирсэний улмаас түүнийг хардаж улмаар хэрүүл маргаан үүсгэж пиво ууж байсан аягаар түүнийг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулж байна  гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 16.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч уг зардлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлсэн тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг  Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвөөс гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж  уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* нь урьд нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Тус шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 04 жилийн хорих ялаар шийтгүүлж улмаар уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 54 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 03 жил 01 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж уг ялыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад эдэлж байсан байна.

Уг ялаас 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар шүүгдэгч ******* нь 287 хоногийн буюу 09 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байгаа талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолтод дурдсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаараа 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 287 хоног буюу  09 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийтэд зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сар 17 хоногийг хугацаагаар тогтоож түүнийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 287 хоног буюу есөн сар арван долоо / 09 сар 17 хоног / хоногийн зорчих эрхийг хязгаарлах  ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг арван сар арван долоо / 10 сар 17 хоног / хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвөөс явахыг хориглох үүргийг хүлээлгэж  уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ