Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 73

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Ж.Энх-Амгалан, иргэдийн төлөөлөгч Д.Мягмар-Очир, шүүгдэгч Л.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1-824) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Мөнгийнхөн овогт Лувсанцэрэнгийн Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 2600 06236 дугаартай хоёр хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мөнгийнхөн овогт Лувсанцэрэнгийн Мэндбаяр, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 45-10 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: НР95053111, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь Б.Батзориг, Б.Ганбилгүүн, Б.Буянхишиг, Л.Амар-Очир нартай бүлэглэн, шунахайн зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны орчимд Б.Алтанхуягийн толгой руу гараар цохиж унагах, боох зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Б.Анандын цүнхтэй зөөврийн компьютер, түрийвч, виза картыг нь дээрэмдэж, хохирогч Б.Анандад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Л.Мэндбаяр: Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Миний холбогдсон эрүүгийн хэргийг прокурорын хяналтад шилжүүлсний дараа би прокурорын жижүүр дээр бүртгүүлж байсан. Тэгээд 3-4 хоног дараалан очоогүй. Тиймээс би “хоригдох байх” гэж бодоод очихоосоо айсан. Оршин сууж байсан хаягтаа ч очоогүй, мөн айсан. Иймд гадуур ажил хийгээд яваад байсан юм гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2014 2600 06236 дугаартай хэргээс)

1. Эрүүгийн 2014 2600 03204 дугаартай хэргээс эрүүгийн 2014 2600 06236 дугаартай хэргийг тусгаарлах тухай тогтоол: “Л.Мэндбаяр, Б.Буянхишиг, Б.Батзориг, Б.Ганбилгүүн, Л.Амар-Очир нар бүлэглэн, шунахайн зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны орчимд Б.Алтанхуягийн толгой руу гараар цохиж унагах, боох зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Б.Анандын цүнхтэй зөөврийн компьютер, түрийвч, виза картыг нь дээрэмдэж, хохирогч Б.Анандад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 2014 2600 03204 дугаартай хэргээс Л.Мэндбаяр, Б.Буянхишиг нарт холбогдох эрүүгийн 2014 2600 06236 дугаартай хэргийг тусгаарласан байна” (1хх-ийн 1 дүгээр хуудас),

2. Эрүүгийн 2014 26000 3204 дугаартай хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол (1хх-ийн 2 дугаар хуудас),

3. Б.Ганбилгүүний мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Төгсболд, Мэндээ, Хулан, Майжиг, Амараа нарын хамт Хархорин захын хойно Стандарт нэртэй нэг лонх архийг хувааж уугаад, байрны дундуур алхаж байтал танихгүй гурван хүүхэд байж байхаар нь би нэг хүүхдийн нүүр рүү цохиод, хар өнгийн цүнхийг аваад зугтаачихсан. Майжиг бас нэг залуугаас хар өнгийн цүнх аваад зугтаасан. Тэр хоёр хар цүнхний нэгэнд нь элгэн алчуур, түрийвч байсан, түрийвчийг ухаж үзээгүй. Харин нөгөө цүнхэнд бараан өнгийн зөөврийн компьютер байсан. Майжиг тэр цүнхийг аваад, бид салаад явж байтал цагдаа нар намайг бариад явсан. Уг гэмт хэргийг бид нар бүгдээрээ үйлдсэн... гэх тайлбар (1хх-ийн 6 дугаар хуудас),

4. Б.Анандын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Саппорогийн Шөлөндөө рүү алхаж байтал 8 дугаар байрны гадаа танихгүй таваас зургаан залуу гарч ирээд үгийн зөрүүгүй нүүр рүү цохиод би нүүрээ дараад газар унатал тэр залуучууд миний зөөврийн компьютерийг аваад Саппоро руу зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд саарал өнгийн подволктой залууг барьж авсан. Тухайн үед хэн миний зөөврийн компьютерийг авч зугтаасныг мэдэхгүй байна... гэх тайлбар (1хх-ийн 7 дугаар хуудас),

5. Б.Төгсболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хархорин зах дээр ирээд Амар-Очирын найзууд болох Мэндээ, Хулан, Майжиг нартай танилцаж бид нар бүгдээрээ тэндээс гараад 19, 20 дугаар байрны голд байдаг эмнэлгийн шатан дээр сууж байгаад 0.75 литрийн хоёр лонх Монгол стандарт нэрийн архи уусан. Энэ үед цаг хэд болж байгааг мэдээгүй, их орой болсон байсан. Архиа уучихаад дахиж нэг юм босгож уух санаатай Цамбагарав руу явсан. Тэгээд бид нар Цамбагаравын байрнуудын дунд алхаж байхад хэн нэгэн нь гүйгээрэй гэхэд Ганбилгүүн цүнх уначихаж аваарай гэсэн. Тэр цүнхийг хэн авсныг нь хараагүй. Тэгсэн намайг хэдэн ах барьж аваад цагдаад өгсөн. Би нилээн согтсон байсан. Тэд нарын дээрэм хийснийг мэдээгүй... гэх тайлбар (1хх-ийн 8 дугаар хуудас),

6. Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт: “Самсунг загварын саарал өнгөтэй хуучны Пентьюм-4 зөөврийн компьютерыг 200.000 төгрөгөөр үнэлсэн” (1хх-ийн 10 дугаар хуудас),

7. Б.Анандыг хохирогчоор тогтоох тогтоол (хх-ийн 16 дугаар хуудас),

8. Хохирогч Б.Анандын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 7 дугаар сарын 17-ны орой таваас зургаан залуу Энхмаа бид хоёртой зөрөөд өнгөрсөн. Эргээд хартал Алтанхуяг ахыг унагаачихсан цүнхийг нь авах гээд татаад байсан. Харанхуй байсан болохоор хэн гэдгийг нь мэдэхгүй, нэг нь өшиглөж байсан. Би “хөөе” гээд орилоод гүйгээд очтол нэг нэгээрээ арк руу гүйгээд зугтаачихсан. Хойноос нь хөөгөөд Саппорогийн буудал дээр саарал цамцтай жижиг биетэй хүүхдийг нь барьж, цагдаад өгсөн... гэх мэдүүлэг (1хх-ийн 18-19 дүгээр хуудас),

9. Б.Алтанхуягийг хохирогчоор тогтоох тогтоол (1хх-ийн 20 дугаар хуудас),

10. Хохирогч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны ойролцоо хоёр залуу ирээд, үүрч явсан цүнхийг минь зуураад, авах гээд байхаар нь би өгөхгүй зууралдаж байтал цаанаас нь “наадхаа цохиод унагаа” гэж орилоод, нэг мэдсэн тэд нэлээн олуулаа болсон. Би газар унасан, миний цүнхийг аваад зугтаасан... гэх мэдүүлэг (1хх-ийн 22-23 дугаар хуудас),

11. Иргэний нэхэмжлэгч Ж.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би СХД-ийн 17 дугаар хорооны 30 дугаар байрны ард байрлах “Дэлгэрэх” нэртэй дэн буудалд ресэпшнээр ажилладаг. 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш 15-16 цагийн үед 15-16 орчим настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд ирсэн. Тэр хоёр хүүхэд хар өнгийн цүнхтэй зүйл барьчихсан байсан ба надаас “та зөөврийн компьютер авах уу” гэж асуусан. Тэгээд үзтэл саарал өнөгтэй, самсунг гэсэн бичигтэй хуучны зөөврийн компьютер байсан. Тэр хоёр түүнийгээ 60.000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд би хариуд нь “надад тийм их мөнгө байхгүй” гэхэд тэр хоёр тэгвэл та 30.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Би зөвшөөрөөд тэр хоёрт 30.000 төгрөг бэлнээр өгөөд зөөврийн компьютерыг нь худалдаж авсан... гэх мэдүүлэг (1хх-ийн 24 дүгээр хуудас),

12. Насанд хүрээгүй гэрч Б.Довуучийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад, хорооллын эцэст байдаг Хандам эгчийндээ хоночихоод өглөө 10 цаг өнгөрч байх үед Батзориг, Буянхишиг нартай уулзахаар явсан. Тэгээд 27 дугаар байрны өнцөгт байдаг “Баянсан” дэлгүүрийн орчим алхаж байсан чинь Мэндээ, Батзориг, Амараа, Буянхишиг нар гарч ирсэн. Тэгээд бид сагс тоглож байхад Батзориг нөгөө орцны жижүүрийг үзэхээр яваад ирэхдээ цэнхэр тортой зүйл авчирсан. Батзориг, Мэндээ хоёр яваад Хархорин захаас ченж дагуулж ирээд, тортой зүйлээ үзүүлэхэд саарал өнгийн зөөврийн компьютер байсан. Би Батзоригоос “юун зөөврийн компьютер юм бэ” гэж асуухад Цамбагаравын тэндээс машинаас олсон гэж хэлсэн. Ченж зөөврийн компьютерыг хараад “хуучны хэрэггүй зөөврийн компьютер байна авахгүй” гээд явсан. Тэгээд цэцэрлэгийн хашаанд байсан шар өнгийн цаасан хайрцагт хийгээд, Батзориг надад “энэ зөөврийн компьютерыг зараад өг” гэж хэлэхээр нь би “30 дугаар байрны тэнд байдаг буудлын эгчийг таньдаг, тийшээ очъё” гээд Буянхишиг бид хоёр хамт очсон. Тэр үед гадаа бүрэнхий болж байсан. Бид хоёр буудал руу ороод, зөөврийн компьютерыг 60.000 төгрөгөөр зарна гэхэд “оройн орлогоос 30.000 төгрөг өгөөд авъя” гээд, бэлэн мөнгөөр авсан. Тэр мөнгийг Буянхишиг авсан. Буудлын эгч “юун зөөврийн компьютер юм бэ” гэхэд Буянхишиг “ахынхаа гэрээс авсан, мөнгөний хэрэгцээ байна” гэж хэлсэн. Би тэр зөөврийн компьютерыг хаанаас авсныг мэдээгүй, надад хэлээгүй... гэх мэдүүлэг (1хх-ийн 26 дугаар хуудас),

13. Насанд хүрээгүй гэрч Б.Төгсболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бид 0.75 литрийн хэмжээтэй хоёр лонх архийг 20 дугаар байрны хойд талын эмнэлгийн хашаанд уучихаад, эмнэлгийн хашаанаас гарах үед Зоригоо “хэдүүлээ цохио хийе” гэж хэлэхэд Билгүүнээ “чи чадах уу, хүүхдүүд аман дээрээ ингэж ярьдаг, цагдаа дээр очихоор чадах уу” гэсэн. Би тэгээд юу болсныг мэдэхгүй, санахгүй байгаа юм. Би нэлээн согтсон байсан бөгөөд тэднийг юу хийх гэж байгааг мэдээгүй. Мөн “цохио” гэсэн нь яг юу гэдгийг ч ойлгоогүй. Намайг цагдаад баригдсан байхад Билгүүнээ “чи тэр ахыг Амраа боосон гэж хэлээрэй, Амраа боосон юм, “цохио хийе” гэдгийг Зоригоо гэж хэлээрэй, угаасаа өөрөө чадахгүй юм байж далчиганаад байсан, би мэдэхгүй гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Харин Хулан намайг “мэдэхгүй, байгаагүй” гэж хэлээрэй гэсэн... гэх мэдүүлэг (1хх-ийн 27 дугаар хуудас),

14. Гэрч Л.Наянтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: Л.Мэндбаяр нь миний төрсөн дүү. 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн өндөр ширээт суманд төрсөн, айлын тав дахь хүүхэд. Дүү бид хоёр бага насаа Төв аймгийн Мэнд төв асрамжийн газар өнгөрүүлсэн. Мэндбаяр одоо манай төрсөн ах Долоонжинтэй хамт Гачууртад амьдардаг. Мэндбаярын зан ааш эвдрээгүй үгэнд сайн ордог хүүхэд байсан. Сүүлийн үед муу хүүхдүүдтэй нийлээд байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст нэг удаа, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дээрмийн хэргээр нэг удаа шалгагдаж байсан... гэх мэдүүлэг (1хх-ийн 28 дугаар хуудас),

15. Гэрч Л.Долоонжингийн мөрдөн байцаалтад өгсөн: Л.Мэндбаяр нь даруухан, томоотой, дуу цөөтэй, цагаахан сэтгэлтэй, зан ааш нь эвдрээгүй, элдэв муу зуршилгүй, худлаа ярьж хулгай хийгээд байдаггүй, сүүлийн үед жоохон өөрчлөгдөөд байгаа. Л.Мэндбаярын ангийн багш нь “сайн хүүхэд, яаж ийж байгаад сургуулийг нь төгсгөөрэй, хичээл сурлагандаа их сайн, хүүхдүүдэд уруу татагдах гээд байгаа шүү” гэж захиж байсан. Л.Мэндбаяр байнга гэртээ гэр орноо цэвэрлэж, миний үгэнд сайн орж, надад их тустай байдаг. Гэртээ ирэхгүй бол 2-3 хоногоос хэтэрдэггүй. Би үйлдсэн хэргийнх нь талаар өчигдөр буюу 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Наянтунгалагаас мэдсэн... гэх мэдүүлэг (1хх-ийн 29 дүгээр хуудас),

16. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаартай сэжигтэн Л.Мэндбаярыг цагдан хорих тухай захирамж (1хх-ийн 32 дугаар хуудас),

17. Л.Мэндбаярт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол (1хх-ийн 36 дугаар хуудас),

18. Л.Мэндбаярыг сэжигтнээр тооцох тогтоол (1хх-ийн 39 дүгээр хуудас),

19. Л.Мэндбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Тэгээд Буянхишиг “хэдүүлээ Саппоро орж мөнгө олоод, нэмж ууя” гээд бид нар Саппоро руу алхаж байхад Цамбагаравын 8 дугаар байрны урд өөдөөс цагаан футболктой, өндөр нуруутай ах ирж байсан. Тэгэхэд Батзориг, Ганбилгүүн хоёр түрүүлээд араас нь би, Буянхишиг, Төгсболд, Амараа явсан. Тэр ах Буянхишиг, Төгсболд, Амараа бид нараас хүн асуугаад зогсож байхад нь Ганбилгүүн араас нь хоолойг нь гараараа боогоод Батзориг цохиж унагаагаад нэгжээд байсан. Тэгээд бид нар 8 дугаар байрны аркаар орж зугтаагаад Саппоро дээр ирэхэд Буянхишиг, Төгсболд хоёр байхгүй, Ганбилгүүн, Батзориг хоёр нэг нэг хар цүнх үүрсэн байсан. Батзоригийн авсан цүнхэнд саарал өнгийн зөөврийн компьютер, Ганбилгүүний үүрсэн цүнхэнд түрийвч байсан, дотор нь 100 долларын дэвсгэрт хоёр ширхэг байсныг Ганбилгүүн Амараад өгсөн. Буянхишиг, Шараа хоёр Хархорины хойд талын 30 дугаар байрны хойд талд байдаг дэн буудлын эгчид 30.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг (1хх-ийн 39-40 дүгээр хуудас),

20. Л.Мэндбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Сэжигтний мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг (1хх-ийн 42 дугаар хуудас),

21. Л.Мэндбаярын хувийн байдлын талаарх баримтууд (1хх-ийн 43-46 дугаар хуудас),

22. Б.Ганбилгүүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 8 дугаар байрны урд явахад Төгсболд, Буянхишиг, Батзориг, Амар-Очир нар түрүүлээд араас нь Мэндбаяр бид хоёр хоорондоо юм яриад алхаж явсан. Тэгсэн Амар-Очир гэнэт зугтаагаарай гэхээр нь юу болсныг нь ойлгоогүй гүйсэн. Намайг гүйж байхад Батзориг энэ цүнхийг ав гэхэд би авахгүй гэсэн чинь над руу хар өнгийн цүнхийг шидсэн. Би тэр цүнхийг авч зугтаагаад Саппорогийн арын улаан 12 давхар байрны автомашины ил зогсоолыг хажууд байсан саад руу шидсэн. Би тэр цүнхэн дотор юу байсныг хараагүй. Тэгээд Төгсөөг асуухад баригдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Амараа бид хоёр Төгсөөг олохоор Саппорогийн буудал руу ирэхэд Төгсөөг баахан хүмүүс тойроод зогсчихсон нэг ах цохиж байх шиг байсан. Тэгтэл Мэндээ авсан зүйлүүдээ буцаагаад өгье гэсэн. Би тэгэхээр нь за түр байж бай юу ч гэсэн очиж үзчихээд ирье гээд Амараатай очиход хэн ч байгаагүй. Цагдаа дээр ирэхэд Төгсөө шал согтуу баригдчихсан байсан. Би цагдаа нарт модон доор хаясан цүнхээ зааж өгсөн... гэх мэдүүлэг (1хх-ийн 47-49 дүгээр хуудас),

23. Б.Батзоригийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 8 дугаар байрны баруун талд байдаг баарны хажууд явж байхад нэг ах ирээд тамхи асуусан. Тэгэхээр нь байхгүй гэж хэлээд Ганбилгүүн тэр ахыг боож аваад хоёр цүнх байсны бичиг баримттай цүнхийг би аваад зөөврийн компьютертэй цүнхийг Ганбилгүүн аваад гүйсэн. Өглөө нь Мөөжиг ахаас зөөврийн компьютерээ аваад зарах гэж яваад Шар гэж дууддаг танил хүүхэдтэй таараад тэр хүүхэд Буянхишигтэй зөөврийн компьютерийг зарахаар явсан. Тэнд 30.000 төгрөгөөр зарсан гэсэн... гэх мэдүүлэг (1хх-ийн 50)

24. Б.Батзоригийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Ганбилгүүн тэр ахыг араас нь гараараа боож, Амараа халааснаас нь түрийвчийг нь аваад бид нар зугтаасан. Тэгсэн хэдэн ах нар бид нарын араас хөөгөөд гүйцэхгүй болохоороо хоёр цүнх шидээд урд унахаар нь би нэг цүнхийг нь аваад Ганбилгүүн нөгөө цүнхийг нь аваад зугтаасан. Тэгээд зугтаагаад Саппорогийн дөрвөн өндөр байрны машины зогсоолоор өнгөрөхдөө машин доогуур хоёр цүнхээ тавьчихаад буцаж хоёр цүнхээ аваад байрнуудын арын сандал дээр ирээд цүнхнүүдээ үзсэн... гэх мэдүүлэг (1хх-ийн 51 дүгээр хуудас),

25. Б.Буянхишигийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Тэгээд бид нар бөөнөөрөө Саппоро руу явж байхад Ганбилгүүн тэнд явж байсан нэг ахыг боож авахад Амараа, Ганбилгүүн хоёр Төгсболд бид хоёрыг гүйж бай гэхээр нь гүйсэн. Тэгсэн араас 4-5 ах нар хөөж байсан. Тэгэхээр нь би зогссон чинь тэр ах нар намайг холд гээд түлхчихээд гүйгээд явсан. Тэд нар баригдчихлаа гэхээр нь та нар яагаад ингээд гүйгээд байна гэсэн чинь цүнхтэй зөөврийн компьютер, бичиг баримт машины доор байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (1хх-ийн 52 дугаар хуудас),

26. Б.Буянхишигийн мөрдөн байцаалтад сэжигтнээр дахин өгсөн: Бид нар Цамбагаравын ямар байр гэдгийг нь мэдэхгүй арктай байрны тэнд өөдөөс саарал биеийн тамирын өмдтэй, цагаан өнгийн футболктой ах нэг цүнх үүрчихсэн ирж байхыг хараад Мэндбаяр, Ганбилгүүн хоёр Амараа, Төгсөө бид гурвыг түрүүлээд явж бай бид гурав юмыг нь авчихаад очъё гээд ард явсан. Тэгээд тэр ах тэр гуравтай зөрөхөд Ганбилгүүн тэр ахыг араас нь боогоод унагаахад Мэндбаяр, Батзориг нар дээрээс нь цохисон. Тэгсэн Амараа тэр гурав дээр гүйж очоод тэр ахыг бас цохичихоод нэг цүнх аваад ирсэн. Амараа, Мэндбаяр хоёр Төгсөө та хоёр гүйж чадахгүй юм чинь түрүүлээд гүйж бай гээд намайг Батзориг гараас бариад чирээд гүйсэн. Бид нар мөнгө олж дахиж архи уух санаатай байсан. Амараа дээрэм хийх санааг гаргаж бид нар зөвшөөрсөн... гэх мэдүүлэг (1хх-ийн 53 дугаар хуудас),

27. Б.Буянхишигийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Мэндбаяр хажууд нь хараад зогсож байсан. Тэгээд Ганбилгүүн тэр ахын хоёр цүнхийг аваад нэг цүнхийг нь өөрөө үүрээд нөгөө цүнхийг нь Батзоригт өгөөд Мэндбаяр намайг хөтлөөд зугтаасан. Би “одоо энэ зөөврийн компьютерийг яах уу” гэхэд Амар-Очир “хэрвээ цагдаад баригдвал би энэ ялаа өөрөө даачихъя” гэхэд Батзориг “чи яах юм бэ намайг гэх хүмүүс байхгүй юм чинь би даачихъя” гэсэн. Ганбилгүүн би тэнсэнтэй, тэнсэнгийн хугацаа дуусаагүй байгаа гэж байсан. Шараа бид хоёр бэлэн 30.000 төгрөгөөр тэр зөөврийн компьютерийг зарсан... гэх мэдүүлэг (1хх-ийн 55 дугаар хуудас),

28. Л.Амар-Очирын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Тэгээд эргээд хартал тэр ахыг Ганбилгүүн, Зоригоо хоёр унагаачихсан байхаар нь очтол Билгүүнээ, Зоригоо хоёр хар өнгөтэй цүнхийг нь нэг нэгээр нь үүрчихсэн Мэндээ бид хоёрыг зугтаагаарай гээд бид нар 8 дугаар байрны аркаар ороод Саппоро руу гүйсэн. Би нэг цүнхэнд нь зөөврийн компьютер байсан гэж хараагүй, цүнхний цаанаас барьж үзэхэд мэдэгдэж байсан. Харин нөгөө цүнхэнд нь түрийвч, бичиг хэргийн цаас, дэвтэр байсан. Түрийвчинд нь байсан виза картыг Зоригоо би уншуулж чадна гээд авсан. Би түрийвчинд байсан хуурамч 200 долларыг авсан өөр зүйл аваагүй... гэх мэдүүлэг (1хх-ийн 56 дугаар хуудас),

29. Л.Амар-Очирын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Сэжигтний мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг (1хх-ийн 57 дугаар хуудас),

30. Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эрүүгийн 2014 2600 03204 дугаартай хэргээс 2014 2600 06236 дугаартай хэргийг тусгаарлах тухай тогтоол (1хх-ийн 74-75 дугаар хуудас),

31. Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 899 дугаартай яллах дүгнэлт (1хх-ийн 76 дугаар хуудас),

32. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай тогтоол (1хх-ийн 103-104 дүгээр хуудас),

33. Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай яллагдагч Б.Батзориг, Б.Ганбилгүүн, Б.Буянхишиг, Л.Амар-Очир, Л.Мэндбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар сонсгосон ял дээр “амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж” гэх үндэслэл нэмж сонсгох тухай тогтоол (1хх-ийн 128 дугаар хуудас),

34. Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 161 дугаартай “яллагдагч Б.Батзориг, Б.Ганбилгүүн, Л.Амар-Очир нар нь Б.Буянхишиг, Л.Мэндбаяр нартай бүлэглэн, шунахайн зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны орчимд Б.Алтанхуягийг толгойд нь цохиж унагах, боох зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, иргэн Б.Анандын эзэмшлийн цүнхтэй зөөврийн компьютер, түрийвч, виза картыг дээрэмдэж, хохирогч Б.Анандад 200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн 2014 2600 06236 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2. дахь хэсэгт заасан яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлэх тухай тогтоол (1хх-ийн 142 дугаар хуудас),

35. Эрэн сурвалжлалт зарласан тухай баримт (1хх-ийн 135-136, 180-186 дугаар хуудас),

36. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1365 дугаартай эрүүгийн 2014 26000 6236 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол (1хх-ийн 143 дугаар хуудас),

37. Тээврийн прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 323 дугаартай “2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орой 21 цагийн үед 2ТЭ116УМ023 дугаартай зүтгүүр бүхий Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн суудлын /263 дугаар галт тэрэг/ Улаанбаатар өртөөнөөс Сэлэнгэ өртөө рүү явж байх үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 367 дугаар километрийн 5 дугаар зуутад Бямбадорж овогтой Буянхишиг нь мөргүүлж нас барсан” гэх эрүүгийн 2016 2400 0181 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийг 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (1хх-ийн 147-149 дүгээр хуудас),

38. Яллагдагч Б.Буянхишигийг нас барсныг нотлох эмнэлгийн гэрчилгээ, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1896 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримт (1хх-ийн 166-172 дугаар хуудас),

39. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 201 дугаартай, эрүүгийн 2016 2502 0099 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5. дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон Лувсанцэрэнгийн Мэндбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол: “Яллагдагч Л.Мэндбаяр нь эрэн сурвалжлагдаж байх үедээ уг хэрэгт холбогдсон бөгөөд тус хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр байна.” (1хх-ийн 198-199 дүгээр хуудас),

40. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татагдсан Б.Буянхишигт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3., 208 дугаар зүйлийн 208.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол (1хх-ийн 204-206 дугаар хуудас),

41. Эрүүгийн хэргийн төв архиваас эрүүгийн 2014 26000 3204 дугаартай хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд (1хх-ийн 208-250 дугаар хуудас),

42. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоол (2хх-ийн 16-20 дугаар хуудас),

43. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 561 дугаартай магадлал (2хх-ийн 26-31 дүгээр хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.  

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

3.1. Шүүгдэгч Л.Мэндбаярын үйлдсэн “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн үйл баримтын тухайд:

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь Б.Батзориг, Б.Ганбилгүүн, Б.Буянхишиг, Л.Амар-Очир нартай бүлэглэн, шунахайн зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны орчимд Б.Алтанхуягийг толгойд нь гараар цохиж унагах, боох зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Б.Анандын цүнхтэй зөөврийн компьютер, түрийвч, виза картыг дээрэмдсэн болох нь;

Хохирогч Б.Алтанхуяг, Б.Ананд, иргэний нэхэмжлэгч Ж.Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Довууч, Б.Төгсболд, мөн уг хэрэгт холбогдсон Б.Ганбилгүүн, Б.Батзориг, Б.Буянхишиг, Л.Амар-Очир нарын болон мөрдөн байцаалтын үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Л.Мэндбаярын мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...дээрмийн гэмт хэрэг гарах үед зүгээр л хамт явж байсан. Би тэднийг хүн дээрэмдэж байна гэж мэдээгүй. Зугтаарай гэхээр нь би дагаад гүйсэн...” хэмээн мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг хохирогч, насанд хүрээгүй гэрч, иргэний нэхэмжлэгч болон бусад яллагдагч нарын мэдүүлгээр няцаагдаж байгааг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө тэдний хооронд “цохио хийх” тухай яриа өрнөсөн, мөн гэмт хэрэг эхлэх буюу төгсөх (дээрэмдэх гэмт хэрэг довтолсноор төгсөнө) үед Л.Мэндбаяр хамт байсан улмаар зугтаасан, нуугдсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг борлуулсан, олсон орлогоо хамт зарцуулсан зэргээс авч үзвэл түүнийг гэмт хэрэг бүлэглэж үйлдэхэд санаа зорилгоороо нэгдсэн байсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.Мэндбаяртай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн Б.Батзориг, Б.Ганбилгүүн, Л.Амар-Очир нарын гэм буруугийн асуудлыг урьд шүүх хянан хэлэлцээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Харин яллагдагч Б.Буянхишиг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтаас оргож, улмаар нас барсан талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларчээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Буянхишигт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3., 208 дугаар зүйлийн 208.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

3.2. Шүүгдэгч Л.Мэндбаярын үйлдсэн “прокурорын хяналтаас оргох” гэмт хэргийн үйл баримтын тухайд:

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ буюу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргосон болох нь;

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарласан талаарх АСАП сангийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хэргийг тусгаарсан, түдгэлзүүлсэн, сэргээсэн талаарх прокурорын тогтоолууд, Л.Мэндбаярыг батлан дааж авсан төрсөн эгч Л.Наянтунгалагийн мэдүүлгүүд, гэрч С.Нансалмаа, В.Ганзориг, В.Нэргүй нарын мэдүүлэг, батлан даагчид хуульд заасан торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Л.Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл: шүүгдэгч Л.Мэндбаярыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 43, 179) байх тул шүүгдэгч Л.Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Харин дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж, зүйлчлэл хүндэрсэн тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулахгүй.

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байх бөгөөд шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, үйлдлийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн гэр бүлийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч Б.Ананд нь хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримтаар 200.000 төгрөгийн хохирол учирсан гэх баримт авагдсан байх бөгөөд мөн хавтаст хэргийн 15 дугаар хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд Б.Анандад саарал өнгийн Самсунг загварын зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Л.Мэндбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Мэндбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Л.Мэндбаяр нь энэ хэрэгт 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 14 хоног, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 47 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоног, шүүхээс 9 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нийт 100 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч Л.Мэндбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Мөнгийнхөн овогт Лувсанцэрэнгийн Мэндбаярыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1. дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мэндбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мэндбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж, уг ялын хугацааг 1 (нэг) жил 5 (тав) сараар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт заасныг журамлан Л.Мэндбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих хүнд ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар Л.Мэндбаярт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мэндбаярын цагдан хоригдсон нийт 100 (нэг зуу) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Мэндбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.Мэндбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Мэндбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ                                     Б.БАТАА

 

                                  ШҮҮГЧИД                                    Л.БААТАР

 

                                                                                       Г.ГАНБААТАР