Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0260

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Б” ХХК

          Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

          Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

          Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

          Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба

          Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ө” ХХК, Н.М, Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК, Б.Э, Т.Б, Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О.Г, Л.И, Ө.Х

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0141 дүгээр шийдвэр

Нэхэмжлэлийн шаардлагууд:

1.1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/** дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,

1.2 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.3 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,

1.4 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.М, Л.Б, С.М, З.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.5 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/** дүгээр захирамжийн Х.Т, Х.Ф нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.6 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/**** дугаар захирамжийн Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О.Г, Л.И нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.7 Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/** дугаар тушаалын Ө.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.8 “Б” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... ам нэртэй газарт 2 га талбай бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах,

1.9 “Б” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... ам нэртэй газарт 2 га талбай бүхий газар ашиглах гэрээ байгуулаагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах,

1.10 Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж...... ам, 16**/* тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Б-ы өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ү-2206****** дугаар бүртгэлийг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж...... ам, 16**/** тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ү-2206****** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах

2. Гуравдагч этгээд “Ө” ХХК, Н.М, Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т нарын бие даасан шаардлага:

2.1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

          Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

          Хариуцагч Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Л.А

          Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

          Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, түүний өмгөөлөгч Б.Б

          Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Б.Б, түүний өмгөөлөгч Г.Х

          Гуравдагч этгээд Н.М, Л.Б нарын өмгөөлөгч Г.Б

          Гуравдагч этгээд С.М, Х.Ф

          Гуравдагч этгээд С.М, З.Б, Х.Ф нарын өмгөөлөгч В.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 128/2023/0812/З

ТОДОРХОЙЛОХ нь

 1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/** дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.М, Л.Б, С.М, З.Б нарт холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/** дүгээр захирамжийн Х.Т, Х.Ф нарт холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/**** дугаар захирамжийн Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О.Г, Л.И нарт холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/** дугаар тушаалын Ө.Х-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... ам нэртэй газарт 2 га талбай бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/**** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах, “Б” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... ам нэртэй газарт 2 га талбай бүхий газар ашиглах гэрээ байгуулаагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж...... ам, 16**/* тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Б-ы өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ү-2206****** дугаар бүртгэлийг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж...... ам, 16**/** тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ү-2206****** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Б” ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг баталгаажуулах шийдвэр гаргах үүргийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/** дүгээр захирамжийн “Э” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Ө” ХХК-д эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.М, Л.Б, С.М, З.Б нарт холбогдох хэсгийг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/** дүгээр захирамжийн Х.Т, Х.Ф нарт холбогдох хэсгийг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/**** дугаар захирамжийн Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О.Г, Л.И нарт холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/** дугаар тушаалын Ө.Х-т холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж...... ам, 16**/* тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Б-ы өмчлөлд бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******, 16**/** тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн өмчлөлд бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн 2 га газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/**** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах, “Б” ХХК-ийн 2 га газарт тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулаагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах шаардлагыг болон гуравдагч этгээд “Ө” ХХК, Н.М, Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т нарын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Шүүхээс маргаан бүхий А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Хэрвээ хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь 6 сарын хугацаанд шинэ захиргааны акт гаргахгүй тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газрын эрх сэргэх үр дагаварт хүрэхээр байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд нарт нэхэмжлэгчийн газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 6 сарын дараа сэргэх нөхцөл байдалд хүрч болзошгүй байхад гуравдагч этгээд нарын мөн хүчин төгөлдөр буюу маргаан бүхий газар дээр 2 хуулийн этгээд нэр бүхий иргэдийн газар давхцал хэвээр үлдэхээр байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, ойлгомжгүй байдалд байна.

          3.2 Газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Дархан цаазат болон байгалийн цогцолборт хилийн заагийг Улсын Их Хурал батлахаар байх бөгөөд1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр, нэмэлт өөрчлөлт ороогүй. Газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8-д заасан зарчим үйлчлэх ёстой.

          3.3 Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/*** дүгээр тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрөөр дүгнэх байсан бол Улсын Дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх байсан. Энэхүү маргаан нь зөвхөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон асуудал биш бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдлын хүрээнд нийт 59 аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа билээ.

          3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

          4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б, өмгөөлөгч Г.Б нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/*** дугаар тушаалаар Х дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... амны хязгаарлалтын бүсэд “Б” ХХК-д 2 га газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.

          4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/*** дүгээр тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... ам болон Т...... аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан 59 иргэн, хуулийн этгээдэд олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгож, уг хавсралтын 46-д “Б” ХХК-ийн газар багтсан байна.

          5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/**** дугаар албан бичгээр “...Богдхан уулын дархан цаазат гарын хилийн заагаас гадагш тус яамнаас иргэн, хуулийн этгээдэд олгосон газар ашиглах эрхийг цуцлан тухайн шийдвэрийг сайдын 2024 оны 01/*** дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Иймд Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/*** дугаар тушаалаар олгосон 2 га газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байх тул газар ашиглах эрхтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх” агуулга бүхий хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

          6. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжаар 19 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгож, хавсралтаар Х.Баярсайхан, Н.М, С.М, Л.Б, З.Б, Л.Н нарт тус тус Х дүүргийн * дугаар хороонд 700 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

          7. Х.Б, Л.Н нарт олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/** дүгээр захирамжаар гуравдагч этгээд Х.Т, Х.Ф нарт шилжүүлсэн байна.

          8. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/** дүгээр захирамжаар 12 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, Хавсралтын 7-д гуравдагч этгээд “Э” ХХК-д нэр бүхий 17 иргэний (2018 онд эрх үүссэн) тус бүр 700 м2 газрыг шилжүүлжээ.

          9. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг, зориулалт өөрчлөх тухай” А/*** дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Ө” ХХК-д Х дүүргийн ** дугаар хороонд 7000 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх (2020 онд эрх үүссэн)-ээр өөрчлөлт оруулсан байна.

          10. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/**** дугаар захирамжаар гуравдагч этгээд О.Г, Ч.А, Ө.Ц, Л.И, Ц.Б нарт Х дүүргийн * дугаар хороонд 700 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

          11. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/** дугаар захирамжаар гуравдагч этгээд Ө.Х-т Х дүүргийн * дугаар хороонд Ж...... аманд 1400 м2 (тус бүр 700 м2) газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

          12. Гуравдагч этгээд Т.Б-д Х дүүргийн * дугаар хороо, Ж...... ам, 16**/* тоот хаягт байршилтай 225.9 м2 талбайтай, амины орон сууцны зориулалттай, 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө (Ү-2206******), гуравдагч этгээд Б.Э-д Х дүүргийн * дугаар хороо, Ж...... ам, 16**/** тоот хаягт байршилтай 186.4 м2 талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд (Ү-2206******) Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ тус тус олгосон байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно”, 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, 25 дугаар зүйл “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх”, 33 дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах”, 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болногэж тус тус зохицуулжээ.

          14. Монгол Улсын Их Хурлаас дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хил заагийг батлах, өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шинэчлэн тогтоожээ.

          15. Улаанбаатар хотын урд хэсэгт орших улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоох эргэлтийн цэгийг солбицолжуулах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/****, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/**** дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Ж...... ам болон Т......... аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлжээ. Гэхдээ одоогоор Богдхан уулын дархан цаазат газрын хил, заагийг шинэчлэн тогтоосон Улсын Их Хурлын тогтоол гараагүй, батлагдаагүй байна.

          16. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг хянан баталгаажуулж оруулсан Газрын кадастрын нэгдсэн сан болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ашиглаж буй Газрын мэдээллийн сангийн зураглал хоорондоо зөрүүтэй байгаагаас энэхүү маргаан үүссэн. 

          17. Тухайлбал, нэхэмжлэгчийн маргаж буй газрын байршил нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамааралгүй, хилийн гадна талд байршиж байх ба, улмаар нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газарт хамаарч байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, газрын кадастрын нэгдсэн сангийн зураглал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          18. Нэгэнт төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал, эрх бүхий 2 байгууллагын газрын кадастрын мэдээллийн санд Богдхан уулын дархан цаазат газрын хил, заагийн зураглал зөрүүтэй зэрэг нөхцөл байдал нь хариуцагч захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу газар ашиглах эрхийг олж авсан, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны илтгэл” хамгаалагдах ёстой.  

          19. Энэ талаар анхан шатны шүүх “...маргаанд хамаарах байршилд дархан цаазат газрын хилийн цэс газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас зөрүүтэй байгааг мэдэж байсан, ...2019 онд хилийн цэсийг солбилцолжуулсан зургийг хэлэлцэн тогтож, дүгнэлт гаргаж, танилцуулагдсан, үүнээс хойш өөрчлөлт ороогүй байхад алдаатай гэх зургаар 2020 онд газар зүйн шүүлт хийж, газар ашиглах эрх олгосныг зөвтгөх боломжгүй, ...аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүргээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд чөлөөлөгдөхгүй. Эзэмших, ашиглах эрх давхцаж олгогдсон эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд хэн алиных нь эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэх үүргийг хариуцагч нар хүлээсэн атал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх байдлаар шийдвэрлэснээр дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          20. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах”, 5.2.3-т “Аймаг, нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах” гэж тус тус хууль болон журамд заажээ.

          21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Н.М, Л.Б, С.М, З.Б нарт газар эзэмших эрх Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/*** дугаар захирамжаар, Х.Т, Х.Ф нарт газар эзэмших эрх олгосон 2019 оны А/** дүгээр захирамжаар, “Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 онд газар эзэмших эрх үүссэн байсан нэр бүхий 17 иргэнээс 2021 оны А/** дүгээр захирамжаар газрыг шилжүүлж авсан, харин “Ө” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/**** дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхтэй бөгөөд 2022 оны “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг, зориулалт өөрчлөх тухай” А/*** дүгээр захирамжаар өөрчлөлт оруулсан байх ба дээрх нэр бүхий гуравдагч этгээд иргэн, хуулийн этгээдүүдэд газар эзэмших, өмчлөх эрх цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Б” ХХК-иас түрүүлж үүссэн, мөн тухайн үед бусдын эзэмших, ашиглах эрхтэй газартай давхцаагүй байсан болох нь тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7, 8, 9 дэх дүгнэлтүүд үндэслэл бүхий байна.

          22. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь 6 сарын хугацаанд шинэ захиргааны акт гаргахгүй тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газрын эрх сэргэх үр дагаварт хүрэхээр байна. ...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 6 сарын дараа сэргэх нөхцөл байдалд хүрч болзошгүй байхад гуравдагч этгээд нарын мөн хүчин төгөлдөр буюу маргаан бүхий газар дээр 2 хуулийн этгээд нэр бүхий иргэдийн газар давхцал хэвээр үлдэхээр байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, ойлгомжгүй байдалд байна” гэжээ.

          23. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх”, 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

          24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

          25. Мөн зайлшгүй тодруулах ажиллагааг шүүх бус харин захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй (онцгой мэргэшлийн цар хүрээтэй, цаг хугацаа, зардал мөнгөний хувьд талуудад илүү үр ашигтай) бөгөөд боломжтой байхаас гадна хэргийн оролцогч нарын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэнэ.

          26. Иймээс дээр дүгнэсэнчлэн хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүргээс чөлөөлөгдөхгүй, эзэмших, ашиглах эрх давхцаж олгогдсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр зохих журмын дагуу шийдвэрлэх үүргийг хариуцагч нар хүлээсэн, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан, маргаж буй А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

          27. Шүүхээс “Б” ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг баталгаажуулах шийдвэр гаргах үүргийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад шууд хүлээлгэх боломжгүй, учир нь захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс шууд оролцохгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг баталгаажуулах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах боломжтой.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...25 дугаар зүйлийн 25.2” гэснийг “...25 дугаар зүйлийн 2” гэж, “...шийдвэр гаргах үүргийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэж...” гэснийг “... шийдвэр гаргах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж...” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    З.ГАНЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                ШҮҮГЧ                                      М.ЦЭЦЭГМАА