| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ийн *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт төрсөн эх *******ы “архи ууж, орон гэрээ заваарууллаа” хэмээн хэлсэнд дургүйцэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар буюу духны зүүн талын хэсэгт 1 удаа, мөн баруун талын хэсэгт нь 1 удаа гараараа цохиж духны няцарч, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би өмнөх мэдүүлэг дээр болсон зүйлийн талаар ярьсан нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг, /хх-79-80 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Би Баянхонгор сумын 4.10.1266 тоотод оршин суудаг. Тэр өдөр архи уугаад тасраад унтсан байсан. Тэгээд ээж орж ирээд загнаж цохисон тэгээд би маргалдаад цохисон байна лээ буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2023 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цаг болж байхад том хүү Д.*******ын гэрт буюу 4 дүгээр баг 11-1266 тоотод очсон, очиход хашааны хаалга нь онгорхой, байшингийн таамбарын цонх онгорхой, дотор нь варианы шилэнд шээгээд тавьсан байхаар нь таамбарын хаалгыг нь түлхүүрээр онгойлж ороод шээсийг асгаад цэвэрлэчхээд урд талын хашаанд охин *******гийн гэрт ороход том хүү Д.******* баруун талын орон дээр согтуу хэвтэж байхаар нь чи чинь дэндэж байгаа юм биш үү, таамбартаа шээгээд гэрээ завааруулчхаад энд ирж айлын гэр завааруулаад гэж хэлээд тавчиг аваад шидэхэд босож ирэхээр нь гэр лүүгээ явъя эзэнгүй айл нураах нуу гэж хэлээд намайг дагаад хашаанаас гараад машинд суух гээд явж байхад хүү Д.******* чамд ямар хамаатай юм гэж хэлээд духны зүүн талын хэсэг рүү мөн духны баруун талын хэсэг рүү цохиход би газар өнхрөөд унатал, духнаас цус гараад байсан тэгтэл цуг явсан 10 дугаар ангийн охин салгатал охин руу дайраад, янз бүрийн үгээр доромжлоод байсан тэгээд охин , *******гийн гэрт ороод охиноор нь ээж *******д утсаар хэлүүлсэн гэсэн би тэр үед гадаа гудамжинд байж байсан удалгүй охин ******* нөхрийн хамт ирсэн. Манай хүү Д.*******ын хувьд дунд зэргийн согтуу харагдсан, миний духны зүүн талын хэсэгт 1 удаа мөн баруун талын хэсэгт 1 удаа гараараа цохисон. Мөн миний толгой дээр дэвсэх гэж байхад нь охин салгаж авсан, өөр цохиогүй ийг цохиогүй. Д.******* өмнө намайг зодож байгаагүй. Харин 2023 оны 05 дугаар сарын 21-ны өдөр согтуу ирчээд намайг лоом бариад цохих гээд дайраад, үхээч ээ, ална шүү гээд байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 /,
.. Одоо миний бие зүгээр болсон гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би Үндсэн хуульд заасан эрхийн дагуу төрсөн хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 43.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /,
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2023 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад манай охин гийн залгаад хурдан ирээрэй эмээг Д.******* ах зодоод байна, хурдан ирээрэй гэхээр нь нөхрийн хамт гэртээ ирэхэд, манай хашааны гадаа буюу 4-р баг 11-1266 тоот хашааны гадаа манай ээж *******ы дух хагарч цус нь гарч нүүр лүү урссан байдалтай харин Д.******* ах 2 хашааны цаана зам дээр зогсож байсан тэгээд би цагдаад залгаж дуудлага өгсөн Д.******* ах зугтаах гээд байхаар нь манай нөхөр очиж барьж аваад байж байтал цагдаа нар ирээд Д.******* ахыг авч яваад, ээжийг эмнэлэг очиж үзүүлээд шархийг нь цэвэрлүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн:
1. *******ы биед духны няцарч, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт / хх-ийн 32-33 / болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 58/, шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт төрсөн эх *******ы “архи ууж, орон гэрээ заваарууллаа” хэмээн хэлсэнд дургүйцэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар буюу духны зүүн талын хэсэгт 1 удаа, мөн баруун талын хэсэгт нь 1 удаа гараараа цохиж духны няцарч, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2023 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад манай охин гийн залгаад хурдан ирээрэй эмээг Д.******* ах зодоод байна, хурдан ирээрэй гэхээр нь нөхрийн хамт гэртээ ирэхэд, манай хашааны гадаа буюу 4-р баг 11-1266 тоот хашааны гадаа манай ээж *******ы дух хагарч цус нь гарч нүүр лүү урссан байдалтай харин Д.******* ах 2 хашааны цаана зам дээр зогсож байсан тэгээд би цагдаад залгаж дуудлага өгсөн Д.******* ах зугтаах гээд байхаар нь манай нөхөр очиж барьж аваад байж байтал цагдаа нар ирээд Д.******* ахыг авч яваад, ээжийг эмнэлэг очиж үзүүлээд шархийг нь цэвэрлүүлсэн юм....”гэх мэдүүлэг Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн:
1. *******ы биед духны няцарч, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой....” гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь удаа дараа архидан согтуурч улмаар айлын гэрт унтаж байх үед төрсөн эх *******ы “архи ууж, орон гэрээ заваарууллаа” хэмээн хэлсэнд дургүйцэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар буюу духны зүүн талын хэсэгт 1 удаа, мөн баруун талын хэсэгт нь 1 удаа гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нар энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасан бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгч Д.*******ын төрсөн эх тул түүнийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 43.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Д.*******аас 43000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.
Харин шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир 12 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцов.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялаас 96 цагийг хасаж түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 144 цагийн хугацаагаар тогтоолоо.
Шүүгдэгч Д.*******т хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж шийдвэрлэв.
Энэ хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван хоёр / 12 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож хасаж ерэн зургаан цагийг / 96 / хасаж эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэг зуун дөчин дөрвөн / 144 / цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан нэг зуун дөчин дөрөв / 144 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 43.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн хэлтэст олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг ав уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ