Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 12 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00179                                                      Дундговь аймаг

 

 

Зохигчийн  эвлэрлийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Х  банкны Д  салбарын нэхэмжлэлтэй

Д  аймгийн Л  сумын 2-р баг, Наран гэх газар оршин суух Т овогт Пын О /ЗЮ /,

Д  аймгийн С  сумын 86-р баг, Б  1-4 тоотод оршин суух, И овогт Бгийн Б /ЗЮ / нарт холбогдох

6537864 /зургаан сая таван зуун гучин долоон мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлтэй, 139/2020/00075/И индескстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М ,  хариуцагч П.О, Д.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Дундговь салбарын захирал Ч.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.О, Д.Б нар нь Х банктай 2018 оны 5 сарын 17-ны өдөр 1190016665 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 7500000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1606434, 81 төгрөг, зээлийн хүүд 1207510, 01  төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6875, 82  төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1190016665 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 6 сарын 3-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлэх болсон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 226 хоног хугацаа хэтрүүлээд байна.  Х банк ХХК удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас шаардаж мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нар нь  гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1190016665 дугаартай зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний дагуу төлөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 5893566, 19 төгрөг, 2020 оны 1 сарын 15-ны өдрийн байдлаарх хүү 633159, 95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11138 төгрөг нийт 6537864, 14  төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс хариуцагч нарт  2018 онд зээл олгосон.Тухайн үедээ төлж байгаад хариуцагч П.Оын бие нь өвдөөд ажлаасаа гараад төлөлтийн хугацаа алдсан. 2019 оны 12 сард төлсөн. Түүнээс хойш төлөхгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Одоо хугацаа хэтэрсэн зээлээ төлөөд үргэлжлүүлээд гэрээнд заасан хуваарийнхаа дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтрэлттэй байгаа 1637287 төгрөгийн зээлийг төлчих юм бол зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөд явахад нэхэмжлэгч талаас татгалзах зүйлгүй. Хэрэв зээлийг хуваарийн дагуу төлөхгүй бол үндсэн зээлийн нийт үнийн дүнгээр гүйцэтгэх хуудас бичүүлэхээр эвлэрч болно гэжээ.

 

Хариуцагч П.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хугацаа хэтэрсэн 1637287 төгрөгийг 2020 оны 3 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Үлдэх зээлийг гэрээний хуваарийн дагуу төлөх хүсэлттэй байгаа. . Би “Зуут констракшнд” ажилладаг. Захиралтайгаа ярьсан 2020 оны 3 сарын 30-ны дотор  хугацаа хэтэрсэн 1637287 төгрөгийг төлөх талаар ярилцсан  гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтай юм чинь төлчих байх гэж бодож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ий Дундговь салбар нь П.О, Д.Б нараас зээл, зээлийн хүү, нотариатын зардал 6537864 /зургаан сая таван зуун гучин долоон мянга найман зуун жаран дөрвөн/ гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нотариатын зардал 6537864 /зургаан сая таван зуун гучин долоон мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгөөс 1637287 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун наян долоон/  төгрөгийг 2020 оны 3 сарын 30-ны өдрийн дотор төлж, зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлөхөөр, нэхэмжлэгч нь хариуцагч нар нь  зээлийн хугацаа хэтэрсэн 1637287 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун наян долоон/ төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119556 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 119556  төгрөгийг, хариуцагчаас 119556 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т овогт Пын О /ЗЮ /,  И овогт Бгийн Б /З / нар нь Х банк ХХК-ий Дундговь салбарын гаргасан 6537864 /зургаан сая таван зуун гучин долоон мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгөөс 1637287 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун наян долоон/  төгрөгийг 2020 оны 3 сарын 30-ны өдрийн дотор төлж, зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь бүрэн төлж барагдуулахаар, хуваарийн дагуу төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч эвлэрсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119556 /нэг зуун арван есөн мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,   хариуцагч нараас 119556 /нэг зуун арван есөн мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан Х банк  ХХК-ий Дундговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.У