| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0707/З/Т |
| Дугаар | 128/ШШ2021/0351 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2021/0351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Адьяасүрэн, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О овогтой З.С
Хариуцагч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд: Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:, Нэхэмжлэгч З.С нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, иргэдийн төлөөлөгч М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмын 3.3-т заасан хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг.
Нэхэмжлэгч нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид хандаж Монголын будда шашны төв зөвлөл байгуулах
хүсэлт гаргасан байдаг. Ингэж хандахдаа журамд заасны дагуу нэг бүрчлэн нотлох баримтуудыг авахаар хүсэлт гаргасан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр өргөдөл хүсэлтэд хариу өгөхдөө дээрх журамд заасан бичиг баримтын бүрдэл дутуу байна гэж хүлээн авахаас татгалзаж байсан. Энэ татгалзаж байгаа зүйл заалтуудыг нь нэхэмжлэгч судлаад эхлэхэд Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9.2-т заасан байсан сүм хийд байгуулахад Монгол улс дахь удирдах төвийн санал дүгнэлтийг авсан байна гэх заалтыг Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 1994 онд төр нь шашны дотоод хэрэгт оролцсон байна гэдэг агуулгаар хүчингүй болгосон байна. Тухайн хүчингүй болсон заалтыг хариуцагч нь одоо болтол хэрэглэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасныг зөрчиж байна гэж үзсэн. Энэ хэрэгтэй холбогдуулаад хэлэхэд захиргааны байгууллагаас хүлээн авахаас татгалзаж байгаа албан бичиг нь хүчингүй болоод шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бичгээр гаргасан хариу тайлбараа мөн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн гомдлоо дэмжиж оролцож байна. Тодруулбал Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд төр шашны дотоод асуудалд орохгүй байхаар зохицуулж өгсөн байдаг. Энэ агуулгаараа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөвшөөрөл хүссэн этгээдээс жишээ нь ном уншуулаад, шалгалт аваад яваад байх боломж бололцоо байдаггүй. Энэ утгаараа Дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн байдаг. Бурхан шашны төв байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн газраас яг бурхан шашны хийд мөн эсэх агуулгаараа явж байгаа эсэх талаар Хууль зүйн дотоод хэргийн яамнаас бурхан шашинтны төв байгууллагаас тодорхойлолтыг нь авч байгаа юм. Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь санал дүгнэлт авах зохицуулалт байсан. Бурхан шашин мөн эсэх талаар тодорхойлолт авч байгаа нь шашны асуудалд хөндлөнгөөс оролцох бус харин оролцохгүй байх ач холбогдолтой байгаа юм. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын бурхан шашны түүхэн үйл явцад бурхан шашин нь нэгдсэн удирдлага зохион байгуулалтай, үүнийг нь үе үеийн богдууд удирдаж ирсэн байдаг. Түүхэн бичгүүдээс харахад шашин сүм хийдийг байгуулахдаа богдоос буюу бурхан шашны төвөөс зөвшөөрөл авдаг байсан байна. Монгол улсын Үндсэн хуульд Төр шашны дотоод хэрэгт оролцож болохгүй агуулгатай зохицуулалт байдаг. 1994 онд дүгнэлт авах асуудлыг хүчингүй болгосон байдаг. Хариуцагчийн 2005 онд батлагдсан журмын 3.3 заасан сүм дацан хийд нь Монголын бурхан шашны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэдэг нь өөр агуулгатай байна. Төр шашны дотоод асуудалд оролцох биш. Харин тухайн байгууллагад тухайн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, материаллаг бааз суурь байгаа эсэх талаар тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулах шалгуурыг хангаж байна уу гэсэн зохицуулалт байгаа.
Аливаа байгууллага байгуулахдаа мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах зүйл байдаг. Иймд тус зохицуулалтыг хүчингүй болгох аваас төр шашны хэрэгт оролцсон болно. Учир нь хэн нэгэн лам дээл өмссөн этгээд сүм хийд байгуулна гээд явж байвал хүн лам л гэж ойлгоно. Гэтэл тухайн хийдийг авч явах хамба лам нь ямар боловсролтой хүн байх, ямархуу ёс суртахуунтай хүн байх юм. шашны үйл хэрэглэгдэх ном судар, бусад материалууд нь ямар байх талаар хариуцагч тал мэдэх боломжгүй. Харин мэргэжлийн байгууллагаас тодорхойлолт авсан байх шаардлагатай.
Ер нь зарим нэг аймагт хийд байгуулахдаа тодорхойлолт, зөвшөөрөл авалгүйгээр байгуулсан асуудал бас байдаг. Энэ зохицуулалт байснаараа бусад сүм хийдүүдэд, лам нарт хяналт тавих үүргээ л биелүүлж байгаа. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр лам хүн залилсан, хулгай хийсэн, хүчин хийсэн байна гэж гардаг. Энэ хүрээнд төрийн зүгээс хариуцлага тооцох хэдий ч эргээд хуулийн хариуцлагаа хүлээснийхээ дараа лам дээлээ өмсөөд л яваад байдаг. Гэтэл энэ хүмүүст шашны асуудал тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Нотолгоо баримт хангалттай байна гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч З.С нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ гэж дүгнээд уг хэсгийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг Улсын Их Хурал 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авснаар тухайн заалтыг хүчингүй болгосон хууль гаргажээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ыг баталж, тус журмын 3 дугаар зүйлийн 3-д буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэжээ.
Нэхэмжлэгч З.С -с Монголын Будда бурхан шашны төв зөвлөл байгуулахаар хүсэлт гаргасныг хариуцагчаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 02\794 дугаар албан бичгээр дээрх журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичгээр дээр дурьдсан тодорхойлолт дутуу үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгчээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ гэжээ.
Гэтэл шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болсон үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр 1994 онд хүчингүй болсон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна гэсэн хэсгийг 2005 оны журамд агуулгаар нь ийнхүү тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийг зөрчжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас санал, дүгнэлт, тодорхойлолт нь өөр өөр ойлголт, тухайн байгууллагад үйл ажиллагаа явуулах хүний нөөц, материаллаг бааз суурь байгаа эсэх тодоруулах агуулгатай гэж тайлбарлаж буй хэдий ч Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн хүчингүй болсон 2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хувьд тухайн санал, дүгнэлт, тодорхойлолтын аль нь болохоос үл хамаарч уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шашны байгууллагын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болох эрх зүйн шууд үр дагавар бий болохоор байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг хүчингүй болгосон 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуульд нийцээгүй байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөн Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ