Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0254

 

 

 

 

                                                                                           

 

                                            

“М Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0131 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “М Х” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.

Хэргийн индекс: 128/2025/0725/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага:

1.Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1898 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “М Х” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. “М Х” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г М Х-1 эмийн сан ХЭ-04/1340 дугаартай, М Х-2 эмийн сан ХЭ-04/1341 дугаартайгаар тус тус нэг жилийн хугацаатайгаар байгуулжээ.

2.2. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр дуустал хугацаанд эмийн хөнгөлттэй жороор олгосон төлбөрийн нэхэмжлэлийг 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хүргүүлэхээр гэрээнд гэрээнд заасан боловч нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлжээ.

2.3. Улмаар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М Х@monos.mn хаягаас Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн  Х@emd.gov.mn хаяг руу Нэхэмжлэх илгээлээ гэсэн гарчигтайгаар, 06 дугаар сарын 23-ны өдөр [email protected] хаяг руу Өргөдөл илгээлээ гэсэн гарчигтайгаар илгээсэн байна.

2.4. Мөн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 5 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын газарт хандаж, хариу өгөөгүй тул анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэжээ.

2.5. Ийнхүү нэхэмжлэл гаргасны дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1989 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... гэрээнд заасан хугацаанд ирүүлээгүй нэхэмжлэхийг хянах боломжгүй...” гэсэн хариу өгсөн байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0131 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М Х” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1898 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “М Х” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалган” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. ээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “... “М Х” ХХК-тай Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ” жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчдад хөнгөлөлттэй олгох үйлчилгээг үзүүлдэг.

4.2. “М Х” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ний өдрийг дуусталх хугацааны нэхэмжлэлийг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ:, 2.4.7-д “төсвийн тухай хуульд заасан санхүүгийн төсвийн цагалбартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6,12 дугаар саруудад үзүүлсэн тусламж. үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, ...” гэж зааснаар хуанлийн 2 хоногт багтаан ирүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн ажиллаагүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 49, 50 дугаартай албан бичгийг нэхэмжлэлийн хамт Хэнтий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирүүлсэн.

4.3. Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлын байр солигдсон, чөлөөлөгдсөн эсхүл ажил үүргийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ мэдээгүй, мэдэх бололцоо гараагүй гэх шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй болно.

4.4. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2 дахь заалтаар 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр дуусталх хугацаанд эмийн хөнгөлөлттэй жороор олгосон төлбөрийн нэхэмжлэлийг 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хүргүүлэхээр гэрээнд заасан боловч нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэн гэж, 3.8 дахь заалтаар нэхэмжлэгч нь холбогдох мэдээллийг даатгалын байгууллагад хүргүүлсэн байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн зардлыг гаргуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэлээ гаргах хугацаа хэтрүүлсэн нь уг зардлыг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь гэрээ, түүний ач холбогдлыг алдагдуулсан, гэрээ байгуулсан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ч байж болох мэтээр тайлбарласан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

4.5.Түүнчлэн 3.2 дахь заалтаар гэрээнд зааснаар хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар чанарын болон төлбөрийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилт олгох үүргийг хүлээсэн байна гэсэн атлаа 3.10 дахь заалтаар хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн зардал болох 7,878,512 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр хариуцагч байгууллагыг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарласан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0131 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М Х” ХХК “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1898 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “М Х” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд М Х-1, 2 эмийн сангуудаараа 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эмийг хөнгөлттэй үнээр олгож үйлчилсэн, холбогдох мэдээллийг даатгалын байгууллагад хүргүүлсэн байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн зардлыг гаргуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэлээ гаргах хугацаа хэтрүүлсэн нь уг зардлыг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэлээ гаргах хугацаа хэтрүүлсэн нь уг зардлыг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь гэрээ, түүний ач холбогдлыг алдагдуулсан, гэрээ байгуулсан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ч байж болох мэтээр тайлбарласан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй...” гэжээ..

5. Нэхэмжлэгч “М Х” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г М Х-1 эмийн сан ХЭ-04/1340 дугаартай, М Х-2 эмийн сан ХЭ-04/1341 дугаартайгаар тус тус нэг жилийн хугацаатайгаар тус тус байгуулж, уг гэрээний дагуу маргаж буй 2025.06.01- 2025.06.10-ны өдөр хүртэл хугацаанд даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг үзүүлсэн талаарх мэдээлэл, нэхэмжлэх, хүсэлтийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М Х@monos.mn хаягаас Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн @emd.gov.mn хаяг руу Нэхэмжлэх илгээлээ гэсэн гарчигтайгаар, 06 дугаар сарын 23-ны өдөр [email protected] хаяг руу Өргөдөл илгээлээ гэсэн гарчигтайгаар илгээсэн баримтуудаар тогтоогдсон байна.

6. Энэхүү маргааны тохиолдолд гэрээнд заасан үндсэн үүргээ нэхэмжлэгч компани биелүүлж, даатгуулагчдад хөнгөлттэй эмээр үйлчилгээ үзүүлчихсэн талаарх нэхэмжлэх, баримтуудыг /чанарын тухайд зохих журмаар хяналт хэрэгжүүлэх эрх нь хариуцагчид нээлттэй/ байхад үзүүлсэн үйлчилгээнийхээ нэхэмжлэхийг ирүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр санхүүжилтийг бүхэлд нь олгохоос татгалзсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно.” гэж заасныг зөрчсөн байна.

7. Үүний улмаас нэхэмжлэгч “М Х” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй: 13.1.1.даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

8. Харин хариуцагч нь нэхэмжлэхийг хүлээн авч, чанарын хяналт хэрэгжүүлж санхүүжилт олгох үүрэгтэй учраас Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт тус компанийн нэхэмжлэхийг хүлээн авч, зохих журмаар олгохыг хариуцагчид даалгах гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0131 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “М Х” ХХК-д” гэснийг “… нэхэмжлэгч “М Х” ХХК-ийн “даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийн нэхэмжлэх”-ийг хүлээн авч, зохих журмаар ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.- ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ